Д.Оюунбатад удирдлагаа эсэргүүцэх эрх байхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 16

Орхон аймаг Монгол улсын томоохон аймаг төдийгүй уул уурхайн гол түшиц газар “Эрдэнэт” үйлдвэртэй хувь заяагаараа холбоотой. Аймаг орон нутгийг удирдаж буй хүн энэ том үйлдвэртэй хэл амаа ололцож, тус дэмийг нь зөв хүртэж явах учиртай. Эрдэнэтийн үе үеийн удирдлагууд ийм замаар хотоо удирдаад, ГОК-ын буяныг даагаад ирсэн. Харин Орхон аймгийн сүүлийн Засаг дарга Д.Оюунбат дээрх уламжлалт харилцаанд сэв суулгаж, хувийн тоглолт хийснийхээ шангаар өнөөдөр албан тушаалаасаа огцроод байна. Үйлдвэр түүнийг эрхлүүлж “Лексус-570”автомашин албан хэрэгцээнд нь өгсөн. Үнэтэй машин унасныхаа горыг амсаж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс багагүй зэмлэл хүлээсэн Д.Оюунбат “Унасан машин шахсан” гэж яриад бүр буруудаад байгаа. Экс Засаг дарга өнгөрсөн долоо хоногт аймгийн Захиргааны хэргийн шүүхэд албан тушаалаас нь огцруулсан ИТХ-ын тогтоолыг хууль бус хэмээн үзэж, гомдол гаргажээ. УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байхад тэрээр намынхаа нэр хүндийг унагаж, хэрүүлийн алим шидсээр суух нь улстөрчийн хувьд хэр оновчтой вэ. Хотын, ГОК-ын фракцийн учрыг олж, намын ажлыг зөв гольдролд нь оруулах зорилгоор МАН-ын Удирдах зөвлөлөөс  намын нарийн бичгийн дарга Ч.Амарсанааг Орхон аймгийн Засаг даргаар томилуулах бодлого барьж байгаа тухай эх сурвалж ярьж байна. Аймгийн ИТХ-д Ардчилсан нам дөрвөн суудалтай, МАН олонхи болсон. Намын дарга С.Батболд олонхи бүрдүүлсэн гишүүддээ үүрэг өгөхөд гаднаас ирсэн хүн Засаг даргын суудалд суух нь ойлгомжтой. Харин Д.Оюунбат намын бодлогоо эсэргүүцэж шүүхэд хандсан нь хуулийн хугацаагаар хоёр сарын дотор шийдвэрлэх учир эрдэнэтчүүд удаан хугацаанд Засаг даргагүй байх нь. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Хавалыг огцруулах  ажил бараг хагас жил сунжирч, энэ хэрээр аймаг орон нутгийн ажил эзэнгүйдэж, намын рейтинг унаж байсан. Энэ гашуун сургамжийг бодсон ч намын буянаар сүүлийн хэдэн жил аймгийн даргын зөөлөн суудалд заларсан Д.Оюунбатад удирдлагаа эсэргүүцэх эрх байхгүй. Хэдэн жилийн өмнө түүнийг аймгийн ИТХ-ын дарга болгохын тулд МАН-ын томоохон лидер УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ирж, журмын нөхдийг нь загнаж, зарим нэг хүмүүсийг уйлуулан мундагдаж байсан. Д.Оюунбат энэ явдлыг мартчихсан юм болов уу. Харин өөр хүмүүс бол мартаагүй. Эрх баригч намын сүр хүчийг биеэр мэдэрсэн, энэ намаас албан тушаал, эрх мэдлийг эдэлж явсан түүнд “хааны алба хүртэл халаатай” гэж хэлэхээс өөр үг олдохгүй нь дээ.   Эрдэнэтэд өнөөдөр ардын нам хэсэг бүлэг хүмүүсийн фракц гэсэн бүлэглэлээс болж, нэр хүнд нь олон нийтийн дунд унаад байна. Үүнийг  ГОК-ын фракц Засаг даргын төлөө нүдээ ухаад өгчихөөс буцахгүй үйлдлүүд, огцорсон даргын гэдийлт харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top