Гэрлээ байн байн хоолоо амсаж, байн байн амтлагч нэмж, хэр чадлаараа сайхан хоол хийх гэж хичээсэн ч сэтгэлд нь нэг л хүрсэнгүй. Гэрийнхэн нь ширээ тойрон чимээгүйхэн хооллож, охин нь аяга тавгаа хумиад бослоо. Хэн ч “Сайхан хоол болж” гэж хэлсэнгүй. Хэн ч “Баярлалаа” гэж дуугарсангүй. Нөхөр нь хоолоо дуугүйхэн идчихээд зурагтны суваг эргүүлж суугааг харахдаа Гэрлээ “Хэрээрээ л хичээсэн. Юу нь дутуу болчихсон юм бол”гэж урамгүйхэн бодож зогслоо. Одоогоос хэдэн жилийн өмнө хоол хийх гэдэг хамгийн сайхан ажил байж. Мөнгө төгрөг гээд байх юмгүй залуу гэр бүл жаахан мах ногоо хуураад л хоол хийчихнэ. Нөхөр нь түүний хийсэн хоолыг амаа олохгүй магтаж, бяцхан охин нь аягаа барин нэмүүлэх гэж хөөрцөглөхийг хараад тэр аз жаргалаар дүүрдэг байснаа эргэж санав. Нэг удаа ажлаасаа оройтож ирчихээд давсгүй болчихсноо мэдэж, давсгүй бантан хийчихэж билээ. Ус амтагдсан, ямар ч амтгүй тэр бантанг Ганаа амаа олохгүй магтаж, хөлсөө бурзайлган идэж байсан. Харин өнөөдөр ямар ч сайхан хоол хийж өгсөн тэр тэгж амтархаж идэхээ болиод удчихаж. Оройн хоол, өглөөний ундны дараа Гэрлээ “Амтгүй хоол болж” гэж хий л өөрийгөө зэмлэж, дахиж хоол хийхдээ хэр чадлаараа хичээдэг байлаа. Өнөөдөр түүний урам бүр ч их хугарчихав. Ямар их хичээж, хоол хийх гэж ямар их цаг зарцуулснаа бодохоор нэг л гомдолтой санагдаад болохгүй байв. Хөргөгч дүүрэн амттан, элдэв хоолын хольц ногоо, энд тэндээс түүж авсан баахан хоолны жор…Энэ бүхнийг тэр яах гэж цуглуулдаг юм бол гэж бодохоор уйлмаар, бас хэнд ч үнэлэгддэггүй энэ гал тогооны ажлаа хаяад хаашаа юм бэ? зугатмаар санагдаж байгаагаа мэдэрлээ. Гэрлээ гал тогооныхоо өрөөнд орж, саванд байсан бүх давсаа асгачихав. Маргааш нь өглөөний хоол бэлдэхдээ ямар ч зууш хийсэнгүй. Зүгээр л давсгүй бантан аягалж зогсохдоо гэнэтхэн нөхрөөсөө, охиноосоо айх ч шиг. Гэхдээ тэр давсгүй бантангаа чимээгүйхэн аягалаад урд нь тавьчихлаа. Нөхөр нь ганц халбагадаад л “Энэ чинь юу вэ? Давс нь хааччихсан хоол вэ?” хэмээн хашгирч, охин нь бараг амссан ч үгүй түлэхчихэв. Ганаа давсгүй муухай бантан хийлээ гэж гомдол гаргах тусам Гэрлээд аятайхан санагдаж эхлэв. Хэн ч түүний хичээж байж хийсэн хоолыг амттай болж гэж хэлдэггүй шигээ бас амтгүй болж гэж хэлдэггүй. Усан бантан хутгаж, амтгүй хачин хоол хийлээ гэж үглэж суугаа нөхрөө харах түүнд сайхан байлаа. Тэр өдөр Гэрлээ ажлаасаа албаар оройтож гарчээ. Ямар ч юм авахгүй хэрнээ дэлгүүрийн лангуу хэсэж, энд тэнд наасан зарлал уншиж явсаар харанхуй болж байхад л гэртээ орж ирэв. Тэр дахиад л давсгүй бантан чаначихав. Охин нь тэртэй тэргүй идсэнгүй. Ганаагийн нүд гурвалжлан, уурандаа багтрах гэж байгаа нь илт. “Хүүе Гэрлээ. Ийм хачин хоол яаж иддэг юм. Чи чинь яахаараа давсаа авдаггүй юм бэ?” хэмээн хашгирч, аягатай хоолоо харан үглэж эхлэв. Гэрлээ чимээгүйхэн инээмсэглэж “Та нар хүн хоол хийдгийг мэдсэн бол яамай даа. Чи урд нь давсгүй бантан хийхэд амаа олохгүй л идэж байсан. Өнөөдөр ямар ч хоол хийсэн сайхан болж гэж хэлдэггүй биз дээ” гэснээ гал тогооныхоо өрөөнөөс гараад явчихав. Гэрлээ хийсэн хоол нь яагаад амтгүй болоод байсны учрыг өнөөдөр л олж. Түүний хийсэн хоолыг сайхан болж гэж Ганаа хэлэхээ байсан тэр өдрөөс, “Ээж гоё хоол хийдэг” гэж охин нь хоолоо нэмүүлэх гэж зүтгэхээ байсан тэр л мөчөөс хойш ямар ч хоолыг яаж ч хийсэн амтгүй болчихдог болсныг Гэрлээ гэнэтхэн мэдэрчээ.
Сэтгэгдэл ( 0 )