МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГО, БОДИТ БАЙДАЛ, АМЬДРАЛ…

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 16

Зөвлөлтүүд анх Монголын спортыг хөгжүүлж, зорилгыг нь тодорхойлжээ…  Капитализм, коммунизмийн уралдаан маягийн зүйл хүйтэн дайны турш явагдаж хэн түрүүлж сансарт нисэх, хэн түрүүлж саран дээр буух, хэнийх нь спортын бодлого тэргүүлж байгааг харуулах, нотлох, батлах гэх мэт зүйлс болдог байв. Ялангуяа Зөвлөлтийн хувьд бол жинхэнэ тэмцэл. Зөв өрсөлдөөн үргэлж ашигтай байдаг хойно ЗХУ, АНУ-ын хоккейн халз тоглолтууд уйдамгүй сайхан байлаа. Хөлбөмбөгөөр Зөвлөлт илүүрхээд, сагсанбөмбөгөөр Америк “алчих” гээд харин ач тач үзэж болох ганц спорт нь хоккей байжээ. Энэ өрсөлдөөнд дэлхий нийт татагдан орно. Зөвлөлтийн хувьд АНУ-ыг хоккейгоор хожих нь туйлын чухал бөгөөд коммунист системийн спортын бодлого илүү юм шүү гэдгийг нотлож мэргэжлийн спортын дутагдалыг харуулах “зорилго” агуулна. Харин цаад үндсэн санаа (зорилго) нь хоккейн хожил нь дарга нарт “оноо” авах сайхан боломж байсан юм. Үнэндээ Зөвлөлтийн хувьд спортын хөгжил гэхээсээ илүү дарга нарын “оноо” авах боломж, ард түмний хайрыг татах “зэвсэг” нь спорт байсаар ирсэн.

Коммунизм илүү гэдгийг ард түмэндээ нотлох, түүнчлэн капитализм сул талтай гэдгийг харуулах “оноо”-ны олон жишээ бий (спортоос өөр). Хүмүүс хоорондын жижигхэн харилцаанаас Зөвлөлтийн яаж “оноо” авдаг байсныг харахад: Бороо, бороо ороосой Оросын маамуу ирээрэй гэдэг нь Оросуудыг магтах зорилготой байсан бол, аймхай Америкийн шонхор гэж АНУ-ыг жигшүүлэх зорилгыг дотроо агуулж байв. Оросод одоо болтол хайртай байдаг шалтгааныг хүчээр бидэнд суулгаж, Орос бидний хувьд бусад үндэстнээс “оноо” өндөртэй байдаг шалтгаан энэ. Брежнев, Маотой муудалцаж муу л юм болвол Хятад руу чихдэг үзлийг суулгасан учраас урд хөрш үргэлж бидэнд “оноо” муутай. Дургүй хүнийхээ сул талыг амархан олж хардагтай адил, Хятадын дутагдлыг (ядаж байхад тэс өөр “тогтоцтой” дэлхийн ганц сондгой улс манай урд оршиж байдаг) голдуу харж муу “оноо”-г баяжуулагчид нь бид өөрсдөө болсон. Гэтэл Хятадыг зөвөөр харж, ашигладаг зөв “оноо” авдаг улсууд бий.

Коммунист улсуудыг Олимпийн медальтай болгох бүх боломжийг гаргаж ямар ч аргаар хамаагүй Олимпт түрүүл, амжилт гаргуулахаар шахдаг байсан бөгөөд монголчууд бөхийн төрөлд илүү амжилт үзүүлнэ гэдэг тооцоо гаргажээ. Өөрсдийн дарга нарт оноо авахуулдаг журмаа Монголд хуулсан нь энэ. Монголын оноо авах боломж нь бөх. Олимпоос медаль авна гэдэг дарга нарт оноо авах сайхан боломж гэдэг орчинд үед өөрчлөгдөөгүй. Манайхан Лондонгийн алт гээд байгаа шалтгаан энэ. Рио дэ Жанэйрод Монгол яах нь “оноо”-чдод падгүй. ТОП-4 ч адилхан. Коммунист хордлогод ард түмэн давхар хордож хожвол тэнгэрт тултал магтаж, хожигдвол газарт ортол муулдаг зан тогтчихсон. Онооны араас хөөцөлдсөөр эцэст нь улсаараа ийм “эмгэнэлт” дүр зурагтай болжээ.

Хөгжил ба сэнтий

Дээрх хоккейны яриандаа эргэн ороход АНУ-д Зөвлөлтийг хожихоос илүү чухал зүйл байсан. Америк хүүхэд бүр өөрийн спортыг мэргэжлийн болж, өөрөө тэр спортоороо амжилт гаргах юм сан гэсэн мөрөөдөлтэй. Хүүхэд бүрийн мөрөөдлөө биелүүлэх боломжыг бий болговол, бусад бүх зүйлийг тэдгээр хүүхдүүд бий болгож чаддагийг олж харсан. АНУ удалгүй хоккейгоор хожиж, 1990-ээд оноос бүх спортоор тэргүүлж, Олимпын медаль, мэргэжлийн спортоор тогтмол тэргүүлж байна. Монгол хүүхдүүд ч ялгаагүй бүгд өөрийнхөө сонирхдог спортыг мэргэжлийн болоосой гэж мөрөөддөг байж таарна. Хүүхэд бүрт энэ боломжыг олгох нь чухал. Бокс, хөлбөмбөг, хөнгөн атлетик, гимнастик, бөх гээд хүүхэд бүр адилгүй. Хүндээ хандвал хөгжил ирдэг. Манайх төрд буюу дарга нарт хандсан бодлоготой учраас медаль авбал бусад нь хамаагүй гэсэн “харгис” бодлоготой. Хөгжил, сэнтий гэсэн хоёр туйлт бодлогыг сайн ойлгох хэрэгтэй. Мөрөөдөл ямар хүчтэй байдаг, мөрөөдлийнхөө араас явж, тэрийгээ зорилго болгож амьдрах нь ямар сайхан, тэр боломжыг бий болгоход Олимпын медаль, одон тийм ч үнэ цэнэтэй биш болохыг ойлгоно. Монголд спорт хөгждөггүй шалтгаан, АНУ, Европын орнууд, Япон, БНСУ-д бүх спорт хөгждөг нөгөө шалтгаан нь энэ. Мөрөөдөл, зорилгодоо үнэнч тэрнийхээ араас явдаг хүмүүст мөнгө, эрх мэдлийн аль нь ч саад болдоггүй. Ийм хүмүүс: Хэн ч гарсан иднэ? гэдэг үгний эсрэг зогсдог. Эсрэг зогсдог олон хувь хүнийг бий болгосон учраас АНУ, Япон мэтийн улсууд хөгжсөн. Тэднээс “зэрлэг ургамал”-ууд айдаг. Бид ийм олон хувь хүнийг спортын салбартаа бэлдэх хэрэгтэй. Өчигдөрийн медаль, өнөөдрийн хоол биш.

Монголын спортын бодлогод дургуй шалтгаан минь энэ. Хүсэл мөрөөдөл, зорилгоо бусдаар биш өөрөө шийдэхийг хүсэж, тэрэнд минь хэн ч саад болохгүй байгаасай гэж хүсэж, мөрөөдөж (үндсэн мөрөөдлөө биш, мөрөөдөл биелэх гарцыг мөрөөдөх болж) байна. Энэ бол Монгол хүүхэд бүрийн хүсэл. Английн Премьер Лигт тоглож, Усаин Болт шиг гүйж, НБА-гийн шигшээ тоглолтын базэр шотыг хийж, Майкл Фэлпс шиг 8 алт авч, Майк Тайсон шиг нам цохихыг хичээллэдэг спорт бүртээ мөрөөдөж, зүүдэлж буй. Тэдний баатрууд хэн ч байж болно. Гэхдээ мөрөөдөл нь адилхан. Эхлээд мөрөөдөнө, дараа нь зорилго болно, удалгүй бодит байдал, улмаар амьдрал болно. Олон хүний амьдрал болсон тохиолдолд тухайн салбар хөгждөг бол хэсэг бүлэг хүний амьдрал болвол тэр нь манай спортын дүр зурагтай адил. Нийтлэлийн эхэнд капитализм, коммунизмыг жишээ болгон авсны хариу нь энэ. Коммунизмд хүний мөрөөдлийг төр шийддэг байсан бол капитализмд хүн өөрөө сонгодог. Бидэнд мөрөөдлөөс, зорилго болох эхний шат үгүйлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top