Үнэг агнаж яваад нисдэг тэрэг унагаасан “Симба” Батаа сангийн яамнаас 300 мянган ам доллар авч эвдэрсэн нисдэг тэргийг засуулчихаад өөрөө 10 –хан сая төгрөгөөр худалдаж авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 16

“Симба” Батаа гэдэг бүтэл муутай эр УИХ-д сууж, улс төрийн тохироогоор МАХН-ынхантай нийлж нэгдэж, багагүй дуулиан тарьсан. Баар ажиллуулж, газар тариалангийн бизнес эрхлэж огцом баяжсан “Симба” Батаа гэгч энэ нөхөр одоогоос  таван жилийн өмнө Батлан хамгаалах яамны өмч хөрөнгө болох Ми-8 нисдэг тэрэг хөлөглөн зугаацаж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үнэг хөөж яваад  нисдэг тэрэг унагааж байлаа. Хамгийн хачирхалтай улсын олон зуун сая төгрөгийн үнэтэй нисдэг тэргээр ан ав хийж, хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж яваад эвпэж гэмтээсэн энэ эр ямар ч хариуцлага хүлээгүй өнгөрсөн. Тэр ч бүү хэл нисдэг тэрэг унагаасан хэрэгт нисгэгч нар буруудаж, “Симба” Батаа шүүхэд хохирогчоор очиж, Монголын төрийн нэрийн өмнөөс хэрэг шийтгэж суугаа шүүгч нар хэр бохир заваан ажилладаг вэ гэдгийг олон хүнд илчилсэн. Энэ нь ч аргагүй. “Симба” Батаа гэгч энэ эр тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Намбарын Энхбаярын хайрт эхнэр О.Цолмонгийн ойрын хамаатан саднаар гэнэтхэн тодорч, шүүгч нар Н.Энхбаяр, О.Цолмон нарт тал засахын тулд гэмт хэрэгтэн “Симба Батаагийн хэргийг хав дарж, түүнийг хохирогч болгон үлдээсэн хэрэг. Монгол Улс цөөн хэдхэн нисдэг тэрэгтэй. Ялангуяа Батлан хамгаалах яамны хувьд энэ нисдэг тэрэг хөл залгах гол унаа нь байсан. Гэвч үнэгний анд яваад эвдэрсэн нисдэг тэрэг хаана байгааг өнөөдөр мэдэх хүн тун цөөхөн байна. “Симба” Батаа гэгч энэ эр үнэгний ан хийж байгаад эвдэлсэн нисдэг тэргийг бүүр өөрийн болгож авч, асар өндөр үнээр зарсан байх юм. “Симба” Батаа эвдэрсэн онгоцны хойноос нилээд гүйсэн бололтой юм. Гэхдээ тэр өөрийнхөө гэм нүглийг цайруулж, эвдэрсэн онгоцыг засуулах гэж хичээсэнгүй. Харин дундаас нь асар их хэмжээний ашиг хонжоо олох гэж л улайрсан бололтой. Үнэгний ан хийж байх үед нисдэг тэрэг унаж, сэнс нь эвдэрсэн байсан. Уг нисдэг тэрэгний сэнсийг “Симба” Батаа засуулна хэмээн гүйж, Батлан хамгаалах яамны нэрийг барьж Сангийн яамнаас 300 мянган ам доллар салгаж авчээ. Үнэндээ 300 мянган ам доллароор засуулсан уу? Эсвэл 30 мянган ам доллароор засуулсан уу гэдгийг өнөөдөр мэдэх хүн алга. Зөвхөн сэнсийг нь засхад л 300 мянган ам доллар хүрч байгаа юм чинь энэ нисдэг тэрэг асар өндөр үнэ өртөгтэй эд болж таарах нь. Гэвч хамгийн сонирхолтой нь 300 мянган ам долларын үнэтэй сэнстэй энэ нисдэг тэргийг “Симба” Батаа гуай БХЯ-ны эрх мэдэлтнүүдийг лоббидож, актлуулаад ердөө л аравхан сая төгрөгөөр өөрөө худалдаж авсан гэдэг мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Үүнээс үүдэн хэрвээ энэ нисдэг тэрэг актлахаар эвдэрчихсэн байсан юм яах гэж Сангийн яамны 300 мянган ам доллароор засуулсан юм. Нэгэнт засвар хийлгэсэн юм бол яагаад актлаж, 10-хан сая төгрөгөөр зарсан юм гэдэг үй олон асуулт ар араасаа цувран гарч ирж байна. Гэвч үүнд хариул өгөх хүн өнөөдрийг хүртэл алга. Монголын Батлан хамгаалах салбарт шинэчлэл хийсэн хэмээн өөрөө өөрийгөө магтаж, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор саяхан энгэрээ цоолсон Лу.Болд сайдын нүд чихнээс далд энэ наймаа хийгдсэн гэдэгт хэн ч итгэхгүй. Харамсалтай нь улсын хөрөнгийг угаадас шиг бодож хаа сайгүй цацаж, ашиг хонжоо олж чаддаг улс төрчдийн наймаа үүгээр дууссангүй. “Симба” хочит Батаа 10-хан сая төгрөгөөр худалдаж авсан 300 мянган ам долларын үнэ бүхий сэнстэй Ми-8 нисдэг тэргээ саяхан зарсан байна. Энэ сүйхээтэй эр 10-хан сая төгрөгөөр худалдаж авсан нисдэг тэргээ “Тэнгэрийн улаач” ХХК-д 400 сая төгрөгөөр зарж цөм ашиг хийжээ. “Симба” Батаа хэмээх энэ эр нисдэг тэрэг эвдэлж улсад үлүх зуун саяын хохирол учруулсан. Дараа нь засуулах гэж 300 мянган ам доллор бас л улсаас авч хохироосон. Эцэст нь өнөөх онгоцоо актлуулж, аравхан сая төгрөгөөр худалдан авч бас л улсад 400 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Харин өөрөө сэнсний засварын 300 мянган ам доллар, дээрээс нь нисдэг тэрэг зарсны ашиг гэж 390 сая төгрөг олчихоод байна. Батлан хамгаалахын сайд Лу.Болд энэ наймааг сая л мэдсэн хүний дүрд тоглож, яаман дээрээ ажлын хэсэг байгуулж, шалгалт хийнэ” хэмээн хөөрхөн жүжиг тоглож эхэлсэн сурагтай. Гэвч Лу.Болд ажлаа өгөх гэж байгаа. Буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй. Түүний шалгалт нэртэй жүжиг чимээгүйхэн өндөрлөж, энэ хэрэг хаагдана. “Симба” Батаа улсыг хохироогоод ял зэмгүй өнгөрнө гэдэг нь нэгэнт тодорхой болов.
Сүүлийн хэдэн жилийн турш Монголын улс төр бизнесийн хүрээнийхэн дотор “Симба” Батаа гэгч цуутай эрийн ах дүүстэй холбоотой таагүй мэдээлэл байнга дэлгэгдэж байгаа. Улсын нөөцийн хоёр тэрбум төгрөгийн шатахуун луйвардсан хэрнээ “Симба” Батаа ямар ч ял шийтгэл эдлээгүй. Түүний эхнэр Сэлэнгэ гэгч эмэгтэйд АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч чимээгүйхэн дарсан. “Симба” Батаагийн төрсөн дүү дуучин Батсайхан гэгч эр Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэх сангийн захирлаар томилогдож, ах дүү, хаматаан садан, хамт ажиллаж байсан найз нөхдийгөө Тариалан эрхлэх санд бөөнөөр нь ажилд оруулж, өөрсдийнхөө хувийн компани руу баахан Тариалан эрхлэх сангийн мөнгийг бөөн бөөнөөр нь шилжүүлж байгаад ажлаасаа хусагдсан. Гэвч түүнтэй бас л хэн ч хариуцлага тооцоогүй. Мөн “Симба” Батаагийн төрсөн дүү Ц.Бат-Энх гэгч нөхөр  “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг луйвардсан Чимэдцэрэнгийн хэрэгт орооцолдсон ч түүнийг албан тушаал дэвшүүлэн ГОК-д Үйлдвэрийн хөгжил хариуцсан захирал хэмээх том албан тушаалд томилж, бас л ямар нэг хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн. Монголын хууль “Симба” хочтой ах дүү нарт үйлчлэхээ байсаар удаж байна. Ингэт толгойн сангийн аж ахуйг хувьчлал нэрээр авч, ашиг шим арвинтай цагаантолгойт үүлдэрийн хэдэн үхрийг нядалж, устгаж баяжсан ах дүүсийг хууль ивээгээд байгаа биш, харин хуульчид хамгаалж, улс төрчид тэднээс ашиг хүртэж суудаг аж. Улсын ерөнхий прокурор асан Алтанхуяг “Симба” Батаатай үй зайгүй найз. Дээрээс нь экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн хамаатан учраас тэд ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байдаг бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top