Супермаркетууд үнэ хөөрөгдөхөө болиоч ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 18

Саяхандаа телевизээр үхрийн мах 7500 төгрөг болжээ гэсэн мэдээ гарч байна. Гайхсандаа эрүү "мултрах" шахав.
Маргааш нь үнэн, худлыг нь шалгах санаатай хүнсний захуудаар хэслээ. Гэтэл хүнсний захуудаар үхрийн мах хамгийн үнэтэйдээ 5500 төгрөг байж таарав. Телевизийн сурвалжлагч бүсгүй худлаа мэдэээлэл өгч гэж бодоод өнгөрлөө. Гэтэл мань хүн худлаа мэдээлэл өгөөгүй, зүгээр зах орохоос залхуурсан хэрэг. Тэгээд томоохон супермаркетуудаар явсан гэдгийг дараа нь мэдсэн юм.

Учир нь хамгийн хямд үнээр үйлчилнэ гэх маягийн сүрхий уриатай "Миний", "Макс", "Оргил", "Сансар" гээд томоохон супермаркетууд махны үнийг хөөрөгдөж, үхрийн махыг 7500 төгрөгөөр зарж байгаа юм даа.

Махны ченжүүд хөдөөнөөс орж байгаа махыг 4000 төгрөгөөр авлаа гээд бодоход 1500 төгрөг нэмж зарж байгаа юм. Зах дээр шүү дээ. Супермаркетууд ийм маягаар авсан гэж бодвол даруй 3500 төгрөг нэмж зарж байна гэсэн үг. Арай дэндүү байгаа биз дээ. Уг нь супермаркет гэдэг хэрэглэгчдэд илүү ойр байрлах, тохилог зах байх ёстой биз дээ. Гэхдээ хар захаас арай үнэтэй байх нь ёс биз. Тэглээ гээд үнэ хөөрөгдөх нь ёс зүйгүй хэрэг биз дээ. Яах вэ, үнээ нэмж болно. Шатахууны үнэ өссөн, өөр яасан ч билээ шалтаг гардаг юм байгаа биз. Гэхдээ захаас 500 төгрөгийн илүү үнээр зарахад л болно. Гэтэл супермаркет нэртэй, луйврын газар болж хувираад байгаа нь арай хэтэрч байна.

Тэгээд махаа жижиглэж уутлана. Нэг ууттайг авахаар хэл хүрэхгүй. Хоёр уут болгохоор илүү гарчихна. Зөвхөн мах биш төмс ногоо, жимс жимсгэнэ гээд хилээр авч болох бүх бараагаа илүүдлээр шахна. Зүгээр ч нэг үнэ хөөрөгдөөд зогсохгүй, илүү ашиг хонжоо байнга хардаг нь тэдний нэмэлт орлогын эх үүсвэр болсоор удаж байна.

Энэ юу ч биш. Саяхан "Миний" дэлгүүрээр үйлчлүүлж байтал нэг эмэгтэй кассын хүүхэнтэй сүрхий маргалдаж байна. Ийн маргалдсан учир нь кассан дээр сууж байгаа хүүхэн 5000 төгрөг илүү биччихсэн байж. Талон дээр бичигдсэн үнийн дүнг авсан бараатайгаа тулгаад, түүний луйврыг илрүүлсэн байгаа юм.

Ерөөсөө супермаркетын кассан дээр сууж байгаа нөхдүүд ахиу бараа авсан хүний мөнгийг илүү бичиж, өөртөө 5, 10 төгрөг унагаадаг нь энэ мэт жишээгээр харагдаад байгаа. Дахиад нэг жишээ хэлье. Бас л "Миний" дэлгүүртэй холбоотой. "Шар хад"-нд шинээр нээгдсэн салбараас нь хоёр залуу даршилсан өргөст хэмх худалдаж авч. Гэтэл тас хөлдчихсөн байсан гэж байгаа. Тийм байж худалдагч, зохион байгуулагч нь "та нар өөрсдөө удаан барьсаар байгаад ийм болгочихсон юм биш үү" гэсэн юм яриад зогсч байгаа юм. Энэ мэтээр яриад байвал асуудал их байна.

Уг нь супермаркет гэдэг супер байх ёстой биз дээ. Гэтэл хотын захын жижиг дэлгүүртэй адилхан аашилж, барааны үнэ хөөрөгдөөд, мөнгө завших гээд, хөлдсөн, муудсан бүтээгдэхүүн зараад байгааг юу гэж ойлгох вэ. Тэгж ярьвал ТҮЦ-ний худалдагч хүртэл дэл сулаар мөнгө завших гэдэггүй л байх.

Задгай мөнгөө өгөхгүй хэдэн саяар нь ард түмний мөнгийг идэж байгаа байж үнэ хөөрөгдөж, завшиж, муудсан бараагаа шахаж, давхар давхар хохироож байгаа "супер" нэртэй дэлгүүрүүдтэй хариуцлага тооцдог болмоор юм.

Н.Пунцаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top