Овилгогүй олигархиудын эрхийг хэзээ цуцлах гэж байна, түшээдээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 18

Нөгөөдөр Монголын ард түмэн шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг, түүнээс улбаалсан үнийн хөөрөгдлөөс үүдсэн амьжиргааны түвшний уналтыг эсэргүүцэн жагсаал хийхээр боллоо.

Энэ нь мэдээж туйлдаж байгаа ард түмний хүсэл болж байгаа нь илэрхий. Энэ удаагийн жагсаал ямар ч улс төрийн санаа агуулаагүй зөвхөн үнийн хөөрөгдөлд туйлдаж байгаагаа ард түмэн илэрхийлэх юм. Яг үнэндээ аль ч намын гишүүн байсан энэ жагсаалд эвлэлдэж аж амьдралынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэх боллоо. Харин Засгийн газар үүнд ямар хариу өгөх гэж байгаа нь одоо болтол тодорхойгүй байна.

Яг үнэндээ Монгол Улсын Ерөнхий сайд даварсан шатахуун импортлогчдыг дарж авна хэмээн ард түмний өмнө амлаж байсан. Гэтэл өнөөдөр шатахууны үнэ буурсангүй. Ердоо хоёрхон хүнийг ажлаас нь чөлөөлөөд өнгөрлөө. Хоёрхон хүнийг ажлаас чөлөөлснөөр хоёр сая долоон зуун мянган хүний өмнөөс авч байгаа хариуцлага гэхэд дэндүү өчүүхэн санагдана.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд та дээрх үнэ нэмсэн компаниудад яг ямар арга хэмжээ авснаа нарийвчлан танилцуулж, хэрэгжилтийг нь ард түмэнд танилцуулах хугацаа хэдийнэ өнгөрчихөөд байна. Шатахууны үнэ буугаагүй байгаа нь импортлогч компаниудад ямар ч хариуцлага тооцоогүй байгаа гэдгийг тодорхой харуулаад байгаа бус уу. Энэ байдал нь ард түмнийг дэндүү дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү.

Хэсэг яриад дасдаг юм гэсэн ханддагаар хандаж байгаа бол дэндүү харамсалтай байна. Шатахууны компаниудад хариуцлага тооцож ойролцоогоор 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулна гэсэн ярианаас өөр зүйлгүй байгаа.

Харин ингэж байгаагийн тань хариуд ард иргэд бид чинь жагсаал хийхээр боллоо. Хэрвээ энэ жагсаалаас өмнө ямар нэгэн арга хэмжээ авч албан ёсны тайлбар өгөхгүй бол алдартай Долоодугаар сарын нэгний өдөр шиг үйл явдал болохгүй гэх баталгаагүй байна. Ард түмний амьдрал өдөр ирэх тусам доройтож байхад төр үүнд ямар ч хариуцлага хүлээхгүй байх нь шударга үйлдэл яав ч биш.

Угаасаа уужуу хүлээцтэй ард түмэн ч гэлээ одоо бол үнэхээр туйлдаж байна. Жагсаал цуглаан бол ямар нэгэн улс төрийн сонирхолтой байдаг тиймээс нэг их ач холбогдол өгдөггүй. Харин энэ удаад өөрийнх нь үүдийг өөрийн эрхгүй тогших болсон үнийн хөөрөгдөлд үнэхээр хаана хэнд хандахыг мэдэхгүй байгаа ард түмэн энэ жагсаалд нэлээд ач холбогдол өгч эхэллээ.

Сүүлийн өдрүүдэд төр засаг бүр ч шатахууны талаар огт ярихгүй байгаа нь ингэж байгаад намжина гэж эндүүрснийх биз. Шатахууны үнийг нэмэгдүүлэх асуудлыг хүлээн зөвшөөрсөн нь ЭБЭХ-ний дэд сайд Д.Ариунсан импортлогчидтой хуралдах үеийн хурлын протоколоос харагддаг. Гэтэл яг үнэндээ энэ валютын ханшийн өсөлт нь литр шатахуун 260 төгрөг хүрэх хэмжээнд хүрээгүй гэдгийг нөгөө талдаа тогтоогоод байгаа.

Тухайлбал, энэ сарын долооны өдрийн ам.долларын албан ханш 1495 төгрөгт хүрч байхад нэг литр АИ-80 бензин 93 төгрөгөөр, АИ-92 бензин 113, дизелийн түлш 118 төгрөгөөр нэмэх тооцоо гарсан байхад дээр нь хаанаас ямар нэмэгдэл гаргаж ирсэн нь мэдэгдэлгүй шууд шатахууны үнийг импортлогч компаниуд 235-260 төгрөгөөр нэмсэн.

Энэ бол яахын аргагүй ил тод луйвар хийсэн хэрэг. Ингээд энэ газруудын шатахууны үнийг нэмснээс хойш хичнээн төгрөгний ашиг олж байгааг тооцож байгаа хүн байхгүй. Тэгвэл литр тутмаас 122-142 төгрөгийн ашиголох тооцоо гарч ирж байгаа. Өдөрт дунджаар 10 тонн шатахуун худалдлаа гэхэд 1220000-1420000 төгрөгийн ашиг зүгээр л урсаад орж ирж байгаа нь энгийнээр бодоход илт байна.

Ингэж ашиг олж байхад үнийг бууруулах талаар огт ярихгүй байгаа нь гайхалтай. Одоо ам.долларын ханш 1403 болж буурсан байхад литр тутамдаа 50 төгрөгөөр бууна гэдэг шударга ёсонд нийцнэ гэж үү. Тэгэхээр ам.долллар 1495 төгрөгтэй тэнцэж байхад 113-118 төгрөгөөр нэмэгдсэн бол одоо 1400 төгрөг болж 95 төгрөгөөр буурчихаад байхад 106 төгрөгөөр буурах ёстой гэсэн тооцоо гарч байгаа юм.

Тэгвэл одоо шатахууны үнийг 1700 төгрөг хүртэл буулгах нөхцөл бүрдсэн байгаа гэж болно. Гэтэл яагаад 1800 төгрөг дээр тогтоод дээр нь бас 100 төгрөг нэмж зарагдаж байна гэдэг нь эргэлзээ торүүлж байна. Хэрвээ энэ байдал хэвээр байвал Засгийн газар үнэ буулгахгүй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг нь хүртэл цуцална хэмээсэн.

Энэ ажил яагаад хийгдэхгүй байна вэ, энэ мэтчилэн Засгийн газар ард түмний өмнө хийх ажил байхад дорвитой арга хэмжээ авахгүй байгаад ард түмэн бухимдахаас яалтай. Бухимдахаас ч өөр арга алга. Үнийн хөөрөгдөл, өлсгөлөн ядуурал дээшлэхгүй байна, амьжиргааг дээшлүүл гэж хий дэмий ярихаас өөр зүйлгүй байна.

Хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа мах гурилын үнээ дийлэхгүй байгаа ард түмний дэмжсэн бодитой ажил хийж хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй байна, төрийн түшээд минь. Бүх зүйл тодорхой болж шатахуун импортлогчид үгсэн хуйвалдсанаа хүлээгээд байхад үйл ажиллагааны эрхийг цуцалж чадахгүй бол ард түмэн өөрсдөө хийхээс өөр аргагүй байдалд ороод байна.

Ер нь улс төрийн гэхээсээ илүүтэйгээр нийгэмд болж байгаа бухимдалтай зэрэгцээд эмх замбараагүй байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Харин ийм байдал үүсгэхгүйн тулд төр засаг ард түмнийг гуйж ажиллах ёстой гэсэн байр суурийг Монголын үйлдвэрчний эвлэлийнхэн барьж байгаа. Тайван замаар улс орон даяар тэмцэх энэ жагсаалын гол зорилго бол туйлдаж байгаа ард түмнийхээ өмнө тулгарсан хүнд асуудалд араас бус өмнө нь тооцож байхыг хүсч төр засагт хүргэх зорилготой.

Тэгэхээр одоо үүсээд байгаа шатахуунаас улбаатай жагсаал цуглаан гэхээсээ илүүтэйгээр ард түмний аж амьдралд ийн хайнга хандаад байна гэж иргэд үзэж байгаа. Аливаа жагсаал цуглааныг хөгшид, өвгөд ирсэн төдийгөөр үл тоодог байсан бол харин энэ удаагийн жагсаалын хамрах хүрээ ч зорилго нь ч ард түмний аж амьдралд тулгарч байгаа асуудал тул хоёр сая долоон зуун мянган иргэний илэрхийлэл болж байгаа юм.

Ямар ч байсан энэ байдлыг дэмжиж байгаа иргэд ажилтай байсан автомашинтай байсан ч үзэл бодлоо илэрхийлж болох юм. Дэмжиж байгаагаа олон хэлбэрээр илэрхийлж болох юм.

Тухайлбал, энэ жагсаал болж байх цаг үед автомашинтай бол та энэ үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж дуут дохиогоо дуугаргах ч эрхтэй. Эцсийн эцэст Засгийн газар дураараа аашилж байгаа шатахуунм компаниудынхаа эрхийг цуцалж, нефтийн бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг төр өөртөө авах ажлаа хийж эхлэх, ам. долларын ханш буугаад байхад шатахууны үнэ дорвитой буухгүй байгааг хэнтэй хариуцлага тооцохоо мэдээлэх хэрэгтэй байна.

Н.Нандин

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
 
Сэтгэгдэл
neeree arai denduu yumaa
2012-01-18 21:24:20
bi hamt shu
2012-01-18 21:39:57
bostsgoo darlagdsan ard tumeen
2012-01-18 21:40:20
bugdiin shataa
2012-01-18 21:40:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top