Урлагаас дурлалаа ологсод

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 19

Сэтгэл баясгаж хүсэл татсан хайрын түүх маш олон. Мэдээж хэрэг, хүний амьдралыг гэрэлтүүлж буй тэрхүү хайр гээч зүйлээс болж ямар их адал явдал, сонин содон асуудал үүсдэг бол оо. Тэр тусмаа урлагийн ертөнцөд өрнөж буй дурлалын паян сонирхолтой хэлбэрээр өрнөж, уран бүтээлчдийн тогтворгүй сэтгэл хөнгөмсөг занг хэдийнэ дэлгээд авах нь бий.
Нэгэн үе хайрын дуу хамтарч дуулсан, хамтдаа нэг кинонд тоглосон жүжигчид нэр холбогдох нь энгийн үзэгдэл мэт байлаа. Уран бүтээлийг нь хайр дурлалтай холбож, янз бүрээр ярьж бичиж байгаа нь тэдэнд өөрсдийгөө олонд таниулах, улмаар хийж буй ажлаа сурталчлах тал дээр багагүй ашигтай гэлцдэг. Гэвч нөгөө талаар, бусдын өмнө дурлалт хосын дүр бүтээх хүндхэн үүрэг хүлээж, жүжиглэх авьяасаа сорих яггүй хэрэг тулгарна. Иймэрхүү жишээг тийм холоос хайх хэрэггүй. Хайрын дуу хамтарч дуулсан нийтийн дуучдаас эхлээд л рок попын одод хүртэл дурлалын паянгаараа олныг гайхуулж явна. Нийтийн дууны ертөнцөд гарч ирсэн хамгийн анхны дуэт дуучид болох Л.Вандан, Н.Дуламсүрэн хоёр амьдрал, уран бүтээлээ холбосон нь тухайн үедээ л ихээхэн шуугиан дэгдээж байсан гэдэг. Харин тэдний хайр сэтгэл өнөөгийн ододтой харьцуулахад харин ч бат бөх. Өөрсдийн нэрэмжит дууны уралдааныг хүртэл зохион байгуулж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих ажилд анхаарал тавих гэх мэт дуучин хос урлагийн ертөнцөд өдгөө ч зүтгэж байгаа.
Тэгвэл хайрын дуундаа уярч, хамтын амьдралаа зохиох дээрээ тулсан нийтийн дуучдын дурлалын түүх орчин цагт С.Жавхлан, Т.Баясгалан хоёроор хөвөрч эхэлсэн нь нууц биш. Эгэлгүй хайрыг магтан дуулсан тэд хэсэг хугацаанд хамт амьдарсан ч бие сэтгэл, уран бүтээлээ тусгаарлаад удаж буй. Үүнтэй зэрэгцээд гавьяат жүжигчин, дуучин У.Далантай, Ц.Эрдэнэцэцэг хоёрын бүтэлгүй хайр, дуучин С.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын цуутай хуримаар үргэлжиллээ. “Хамтрагчаа өмчлөх эрхгүй. Бид зүгээр л ах дүүгийн харилцаатай” хэмээн хайр сэтгэлээ булзааруулж явсан дуучин Р.Дэлгэрмааг өнөөх “ах” нь өглөө үдэшгүй гэрт нь дөхүүлж өгсөөр байгаад эхнэрээ болгосон түүхтэй.
Монголын нийтийн дуучдын холбоог толгойлж буй гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаагаа өөрийн болгохын тулд эхнэр, хоёр охиндоо чамлахаагүй хөрөнгө үлдээгээд гэрээсээ явсан гэдэг. Харамсалтай нь, энд тэндхийн тоглолтод уригдаж хайрын дуугаа хамтарч дуулсаар байгаад нэг гэрт орсон дуучин хос таван жилийн амьдралдаа саяхан цэг тавьсан билээ. “Хайрын орчлон” хэмээх цомог гаргаж, тоглолтоо хийсэн дуучин Г.Чинболор, Б.Энхмэнд хоёрыг нэлээд нэр холбосон ч олны төсөөлснөөс огт өөр зүйл болсон. Яруу найрагч Н.Баянмөнх хайрын шүлгээрээ уяраасаар байгаад дуучин Б.Энхмэндтэй дэр нэгтгэсэн гэдгээ ч нуугаагүй. Энэ мэт дурлалын паян рок попын нялх оддыг ч тойрсонгүй. Уран бүтээлээс илүү элдэв асуудал, эротик хувцаслалтаараа олныг алмайруулдаг дуучин Нара “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амартай үерхэж байсан. Дурлалдаа шатсан бүсгүй Г.Мэнд-Амарыг үнэтэй бэлгээр булах дөхөн, үргэлж шоу цэнгээнд дагуулж явдаг байсан ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй. Харин сүүлд “Шинэ үе ” продакшны жүжигчин Батукатай үерхсэн ч амжилт олоогүй  
Харийн залууг “дурлуулсан” дуучин Соко мөн л нэгэн “хайрын дууч” залууд эрхэлж явсан ч өнөөх нь загвар өмсөгч бүсгүйг сонгоод амьдралаа хөөсөн. “В” продакшнаар овоглож явдаг дуучин Эгшиглэн “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай үерхсэн ч “Үзэл бодол нийлэхгүй” гэсэн шалтгаанаар хоёр тийш болжээ. Ийм асуудал дуучин Б.Маралжингоо реппер Gee нарын хооронд ч үүссэн. За, тэгээд “Хүмүүнлэгийн элч дуучин” О.Анхбаяр, “Киви” хамтлагийн дуучин асан Б.Халиунаа нарын амьдрал, уран бүтээл гээд яриад байвал дуусахгүй нь. Энэ түүх цаашилсаар байгаад жүжигчдийн хүрээлэл рүү хүрч очно. Хайрын дуундаа уярч, харц шидэлсээр байгаад хоорондоо суучихдаг дуэт дуучдыг бодвол, тэдний дурлал бүр ч дуулиантай. Авьяас чадвар, авхаалж самбаагаа хаана ч гайхуулж явдаг адтай жүжигчид дүрдээ хэт итгэснээс болоод амьдралаараа “тоглох” асуудал ч ундардаг болж. “Х-Түц” продакшны жүжигчин Л.Баттулга олон жил ханилсан эхнэрээ залуухан жүжигчин бүсгүйгээр сольж амжсан. Харин гавьяат жүжигчин И.Одончимэг Т.Бархүүтэй холбогдож охидын атаархлыг төрүүлээд авсан бол, араас нь жүжигчин Г.Нарансолонго, Б.Тэмүүжин нарын дурлал хөвөрлөө.
Түүнчлэн жүжигчин Р.Анхням, Д.Бямбацогт хоёрын “Стриптиз блюз” жүжгээс ундарсан хайр, жүжигчин Н.Ялалт болон Н.Жанна гэх бүсгүйн “Үнсэлт” хэмээх эротик киног үргэлжлүүлсэн хамтын амьдрал зэрэг дурлалын паян даанч олон. Үүнээс гадна гол дүрийн төлөө найруулагчдаа зүгээргүй “эрхэлсэн” жүжигчин, ивээн тэтгэгчийнхээ халаастай дотно “найзалсан” дуучин гээд л эрх ашгийн төлөөх дурлалын паянг ч энд дурдалгүй өнгөрч болохгүй.  
“Олны үг ортой” гэдэг дээ. Урлагийн тайзнаа учирсан, уран бүтээл төдийгүй бие сэтгэлээ холбосон, өнөөг хүртэл аз жаргалтай амьдарч яваа хос олон байгаа учраас бүгдийг нь хамруулж хэлээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Харин нэр холбох тоглоом нь сүүлдээ бүр шоглоом болж хувирсан нялх оддын богино настай хэврэгхэн дурлал хэм хэмжээгээ хэтэрсэн үү гэхээс биш дутаагүй гэдгийг л хэлэх гэсэн минь энэ.

ULS.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top