Даланзадгадын дулааны цахилгаан станцыг хэвийн ажиллуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 19

Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Станцын үндсэн тоноглолд үүссэн доголдлыг арилган хэвийн ажиллуулах, өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгөв.

Энэ дагуу станцын турбогенераторт шинээр суурилуулах турбин, генераторын тоноглолыг яаралтай худалдан авч, гуравдугаар сарын 15-ны дотор угсарч дуусгах юм.  

Импортоор худалдан авах турбин, генераторын тоноглолын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн станцын үндсэн тоноглолын ажиллагааг тогтворжуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэр, компаниудаас нарийн мэргэжлийн, чадварлаг инженер, техникийн ажилтныг станцад түр хугацаагаар ажиллуулах болов.

Хэдийгээр Даланзадгадын дулааны цахилгаан станц “0” зогсолт хийгээгүй ч тоноглолын хүчин чадлаас хамаарч оройн их ачааллын үед эрчим хүчийг 2-2,5 цаг хязгаарлаж байна.   

Үүний зэрэгцээ Тавантолгой-Даланзадгадын чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг түргэтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн барилга угсралтын ажлын графикийг шинэчлэн тогтоож, шугамыг тавдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулахыг  салбарын сайдад үүрэг болгов хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top