Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос валютын өөрчлөлтөөс шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнийг эсэргүүцэж 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Д.Сүхбаатарын талбай болон 21 аймагт эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулна.
Цагдаагийн байгууллага нь “Монгол Улсын Үндсэн хууль”-д заасан иргэдийнхээ тайван замаар жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хүндэтгэж байна.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаал, цуглааныг зохион байгуулагч нарт “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн 11-р зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж “Жагсаал, цуглааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд, бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулахгүй байх, нийгмийн хэв журам зөрчсөн аливаа үйлдэл” гаргахгүй байх талаар анхаарахыг хүсч Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Буянаад албан бичиг хүргүүлэв.
“Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн 13-р зүйлд заасны дагуу жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж ажиллах болно.
Жагсаал, цуглааныг зохион байгуулагчид, оролцогчид хууль дүрмээ хүндэтгэн сахиж, цагдаагийн байгууллага, ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэг итгэж байна.
ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Сэтгэгдэл ( 0 )