Сүхбаатарын талбай дээр МҮЭХ-ноос зохион байгуулж буй жагсаал, цуглаан эхэллээ. Хэдийгээр гадаа -26 хэмийн хүйтэн байгаа ч талбай дээр цуглах хүмүүс нэмэгдсээр байна.
Энэ удаагийн жагсаал үнийн хөөрөгдлөөс үүдэлтэй. Асуудлыг шийдэх гарц хайхаар Засгийн газартай улсын гурван талт хэлэлцээрийг хийх саналыг тавьсан ч МҮЭХ-г Засгийн газар тоосонгүй. Байдал иймд хүрсэн тул МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар "бид зэвсэг барихгүйн тулд хуулиар олгогдсон жагсаж, цуглах эрхээ эдэлж, зургаан сайдаас өөр зүйл бодож чадахаа больсон Засгийн газарт дуу хоолойгоо хүргэж байна" хэмээн жагсаалын индэр дээрээс ярьж байна.
Жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбоо, 13 салбар /эрчим хүч, авто зам, тээвэр, багш, эмч, хувийн хэвшил/-ын холбоодынхон оролцож байна.
Жагсагчид яг одоо Засгийн газрын ордныг тойрч эсэргүүцлээ илэрхийлж байна.
Хөдөө орон нутгийн мэдээ
Өнөөдөр мөн бүх аймагт энэ жагсаал цуглаан болж байгаа. Аймгуудын дүн мэдээ МҮЭХ-нд хараахан ирж амжаагүй байна гэлээ. Харин хамгийн түрүүнд Говь-Алтай, Өмнөговь аймгууд жагсаал хийж дуусчээ.
Говь-Алтай аймагт 400 гаруй хүн жагсаалд оролцсон байна. Тус аймагт Засгийн газар, Ажил олгогч, Үйлдвэрчний төлөөлөл бүхий есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж аймгийнхаа зах зээл дээрх үнийн хөөрөгдлийн учир шалтгааныг судлах болжээ. энэ үйл ажиллагаа 23-наас эхлэх аж.
Өмнөговь аймагт 600 гаруй хүн оролцсон байна. Маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус аймагт ажиллах бөгөөд түүнийг очих үеэр аймгийн иргэд амьдрал хүнд байгаа талаараа дуулгаж, асуудлыг шийдэж өгөх шаардлагыг гардуулах болсон байна.
Жагсагчид шаардлага хүргүүллээ
Жагсагчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Ингээд та бүхэнд энэхүү шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
ШААРДЛАГА
Валютын ханш огцом өсч импортын бараа, нефтийн бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд хүнд дарамтыг бий болгоод байна.
Улс орны нийгэм, эдийн засагт үүссэн дээрх нөхцөл байдал нь иргэд хөдөлмөрчдийн худалдан авах чадварыг бууруулан, нийгмийг бүхэлд нь хамарсан хямралт байдал үүслээ.
МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж байгаа “МҮЭ - Үнийн хөөрөгдөлийн эсрэг” жагсаал, цуглаанд оролцогчдоос дараах асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж, шийдвэр гаргахыг шаардаж байна. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурал төрөөс баримтлах мөнгөний бодлогын хэрэгжилтийг яаралтай авч хэлэлцэн, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг авах,
2. Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж, худалдан авах чадварыг өмнөх түвшинд хүргэх,
3. Бензин, шатахууны үнийг бууруулах,
4. Хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, ажил үйлчилгээний үнэ тарифын зохиомол өсөлтийг зогсоож, зохистой түвшинд барих
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО,
“МҮЭ-ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙН ЭСРЭГ”
ЖАГСААЛ, ЦУГЛААНД ОРОЛЦОГЧИД
Сэтгэгдэл ( 0 )