МҮЭХ-ноос зохион байгуулж буй үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал үргэлжилж байна.
Дөнгөж сая МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газар, УИХ-д шаардах бичиг хүргүүлээд байна. Шаардах бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга н.Даринчулуун хүлээн авсан бөгөөд уг шаардлагад шатахууны үнэ, ам.долларын ханшийг буулгах арга хэмжээ авч, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодитой анхаарах зэрэг гурван асуудлыг тусгажээ. Энэ үеэр Засгийн газрйн хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга н.Даринчулуунаас цөөн асуултад хариулт авлаа.
-Шаардлагын хариуг хэзээ өгөх боломжтой бол?
-Шаардлагад зохих журмын дагуу хариу өгнө. Зарим хариуг нь өгсөн байгаа. Засгийн газар үүний дагуу тодорхой ажил хийж эхэлсэн байгаа шүү дээ.
-Ямар ажил хийсэн талаар дэлгэрүүлээч?
-Нэгдүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу, бензин шатахуун, зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах хөтөлбөр гарсан байгаа. Энэ хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс санаачилж, Сангийн сайд хэрэгжүүлэхээр ахалж байгаа. Мөн ХХААХҮЯ-ны сайд болон Хотын дарга нар орлогчоор нь ажилласан. Бүрэлдэхүүнд нь салбарын төрийн байгууллагын бүрэлдэхүүн орсон. Энэ асуудалд дээрх томилогдсон хүмүүс дорвитой арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Мах, шатахууны үнэ өсөнгүүт шууд ажлын хэсэг томилж, газар дээр нь ажиллаж эхэлсэн. Зарим үр дүнг Ерөнхий сайд болон холбогдох хүмүүст танилцуулсан гэв.
Өнөөдрийн жагсаалыг Улаанбаатар хотоос гадна 21 аймагт зэрэг зохион байгуулсан бөгөөд нийт 30-40 мянган иргэн хамрагдсан гэсэн багцааг Зохион байгуулагчид хэлж байна. МҮЭХ-ны удирдлага “Хэрэв энэ удаагийн шаардлагад хариу өгөхгүй бол дан ганц шатахуун бус гаднаас импортоор оруулж ирдэг бүх бүтээгдэхүүнд монопол тогтоосон олигархуудтай хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгдлээ. Жагсаалд 13 үйлдвэрчний хороо, харьяа газруудын үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцож байгаа гэсэн албан бус тоо байна.
Сэтгэгдэл ( 0 )