2011 оны 11-р сарын 11-ний өдөр Монголын агаарын тээврийн отгон компани “Монголиан Эйрлайнес” групп анхны нислэгээ хийлээ. Ингэснээр манай улс нислэгийн дөрвөн компанитай болж байгаа юм. Отгон компанийг нээлтээ хийгээд удаагүй байтал “ЗТБХЯ-ын сайд асан Х.Баттулга, БХЯ-ын сайд асан Лу.Болд нар МИАТ ХК-тай өрсөлдөхүйц, цаашилбал дампууруулж зах зээлийг нь булаахын тулд “Монголиан Эйрлайнес” группыг байгуулсан. Тэд хоорондоо зөвшилцөн төрийн өмчит нислэгийн компанийг бут цохих хэмжээний авиа компани байгуулсан болохоор МИАТ ХК удахгүй дампуурах нь” гэх мессэж нийгэмд хүчтэй нисэх болов. Шинэхэн гарч ирж байгаа жижигхэн хувийн компанид байр сууриа алдаж байвал удаан жилийн зузаан түүхтэй МИАТ ямархуу хэмжээнд ажиллаж байсан нь нийтэд тодорхой болох биз ээ. Дэмжих ёстой атал” МИАТ дампуурах нь” гэж ийн сүржигнэж байгаа нь өөрсдийн ууж идсэн но бульхай илэрчих вий гэсэн цөөн хэдэн хүмүүсийн эрх ашиг яваад байх шиг. Уг нь “Монголиан Эйрлайнес” групп үндэсний хэмжээнд хөрөнгө оруулж, Монголын агаарын тээврийг нэг алхмаар урагшлуулж, хөгжил авчрахыг зорьж байгаа нь сайн хэрэг баймаар. Нислэгийн авиакомпаниуд олноор гарч ирсэнээр Монголын онгоцнууд цус сэлбэгдэж улмаар өрсөлдөөн дунд нь хэрэглэгчид л хожих учиртай. Өмнө нь орон нутгийн нислэгийг “ Изинис эйрвейз”, “Айр-Монголия” хоёр гүйцэтгэж байсан. Гуравдагч агаарын шинэ хүчин гарч ирсэнээр орон нутгийн нислэгийн тариф хямдарчээ. “Монголиан Эйрлайнес” группын 50 хүний суудалтай "Фокер-50" онгоц Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Баянхонгор аймгуудаас гадна Улаанбаатар- Чойбалсангийн хооронд ердөө цаг 15 минут нисэж байна. Зорчигчдодоо эхний ээлжинд өнөөгийн зах зээл дэх нислэгийн үнээс 20 хувь хямд үйлчилж байгаа бол ирэх гурав дугаар сарын 24-нөөс зуны нислэгийн хуваарьт шилжиж, Дорнод-Улаанбаатар, Улаанбаатар-Дорнодын чиглэлд долоо хоногт таван удаа нисэх ажээ. Түүнчлэн энэ сарын сүүлчээр 124 хүний суудалтай "Аэробус A-319" онгоцоор 35 хүртэл хувийн үнийн хөнгөлөлттэйгээр орон нутгийн иргэдэд үйлчилж эхлэх гэж байгаа юм байна. Энэ дэвшил биш гэж үү. Үүнийг л Монголын ард түмэн хүсэж байгаа юм. Түүнээс тамын тогооны үлгэр шиг шинэ гарч ирсэн бүхнийг харлуулж, араас нь чангаадагаа болих цаг ирсэнийг сануулах юун.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )