Төрийн ордныг бүслэн хаах жагсаалаа зогсоов

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 23

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн  холбооныхон төр, засгийн тэргүүнүүдтэй уулзах хүсэлтийг удаа дараа тавьснаар өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт тэргүүтэй албаны хүмүүс тэднийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонслоо.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ “Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт бол бодитой өсөлт биш, зохиомол байгаа. Үүнийг буулгахын төлөө Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо тууштай тэмцэж буйг ойлгож байгаа. Гол нь бие биенээ рекэтлэх маягаар тэмцэж болохгүй. Хаанаа хаанаа ойлголцох шаардлагатай, тиймээс жагсаалаа нэн даруй зогсоох шаардлагатай байна. УИХ-ын хувьд үнийн өсөлтийг бууруулах ямар арга зам байна вэ гэдэг дээр нэгэнтээ ажиллаад эхэлсэн. Монголбанкнаас валютын интерверенц хийж байна, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Мөн УИХ дахь МАН-ын бүлгээр нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гурав дахь удаагаа авч хэлэлцлээ. Одоо та бүхний хувьд Засгийн газартай ойлголцож, хэлэлцээрийн ширээний ард суух шаардлагатай” гэсэн юм.

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Ард түмний амьдралыг нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт үнэхээр  сөхрүүлж байна. Арга буюу ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор бид тэмцсэн. Энэ тэмцлийг улстөрийн агуулгатай тэмцэл ч гэж хэлж байгаа, энэ бол тийм биш, эдийн засгийн тэмцэл. Тэмцлийн үр дүнд ард түмэн хожих ёстой. Үүний төлөө бид тууштай зогсоно. УИХ-ын даргын хүсэлтийг хүлээн авч байна, тиймээс нэн тэргүүнд ажлын хэсгээ хуралдуулж, жагсаалаа зогсоох эсэх асуудлыг эцэслэн шийднэ” гэсэн юм.

Харин тэрбээр уулзалтаасаа гарч ирснийхээ дараа “Засгийн газрын ордныг бүслэн хааж байсан жагсаалаа тодорхой хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргаж байна” гэж мэдэгдсэн. Мөн энэ мөчид Засгийн газрын удирдлагууд дээрх асуудалтай холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзахаар санал тавьсан байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top