Тогтоолын төслөө өргөн мэдүүлсний дараа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. “Засгийн газрын нэр бүхий зургаан сайдыг УИХ-д өргөн мэдүүлж, томилуулах энэ саналаа УИХ-ын даргад сая гардуулж өглөө. Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй шуурхай явж байх ёстой. Үний өсөлт, түүнийг тойрсон асуудал, төр засгийн зүгээс авах ёстой арга хэмжээнүүд, хийх ёстой зохицуулалт, төлөвлөсөн арга хэмжээ гээд цаг үеийн асуудлууд чамгүй их байна.
Засгийн газрын хуралдаанаа хийхийн тулд танхимын гишүүдийн ирцийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Тийм учраас энэ тогтоолын төслийг хуулийн дагуу УИХ-д өргөн барилаа. Үнэ ханш болоод цаг үеийн асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, яаралтай шийдэх ёстой гэдгийг ч УИХ-ын дарга уулзалтын үеэр тэмдэглэж, санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ асуудлыг хүлээж аваад шуурхай хандан холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж УИХ-ын чуулганаар Засгийн газрын нэр бүхий гишүүдийг томилуулах асуудлыг хэлэлцэнэ гэдгээ сая УИХ-ын дарга хэллээ.
Ингээд эдгээр ажил хуулийн дагуу өнөөдрөөс эхэлж явагдах болно” гэлээ. “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн зөвшилцөлд ямар хариу өгсөн вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Үндсэн хууль болон Засгийн газрын хуульд заасны дагуу Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөх ёстой. Зөвшилцлийг бичгээр явуулж, хариуг бичгээр авна. Үүний дагуу зөвшилцөл хийгдсэн” гэсэн хариултыг өгсөн юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )