“Петровис”-ийн аархал = Иргэдийн ядуурал

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 26

... “Петровис”-ийн өв залгамжлагч О.Содбилэг ганцхан шөнийн дотор 150 саяар шоудаж, Ж.Оюунгэрэлийн хүү  Б.Дөлгөөн хүний цусаар гараа угаан аархаж байхад Монголын ард түмэн өдрөөс өдөрт үгүйрсээр байна ...

 

Гудамжинд идэр есийн хүйтэн тачигнаж, лангуун дээр барааны үнэ галзуурч байна. Энэ бол нефть импортлогч хэдхэн монополь компаниудын хуйвалдаанаас үүсэлтэй үнийн хөөрөгдөл гэдэг нь өдөр ирэх тусам тодорхой болж байгаа билээ.

Чоно борооноор гэгчээр хамтарсан засаг задрах үеийг овжин мэдэрч бензин шатахууны үнийг ганцхан шөнийн дотор 260-300 төгрөгөөр нэмсэн нефтийн монополиуд Засгийн газрын шахалтаар 30-хан төгрөгөөр үнээ буулгаж дамшиглав. Хэдийгээр тэд валютын ханшийн огцом өсөлт нь бензиний үнэ өсөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж тайлбарлаж байгаа ч Монгол банкнаас нефтийн компаниуд хямд валютаар шатахуунаа авсан гэдгийг хөдөлбөргүй нотолсон. Үнэ өсөх байлаа ч тэд 50-100 төгрөгөөр л нэмэх үндэслэлтэй гэдгийг холбогдох газраас тогтоогоод байна. Хамгийн сүүлд МҮЭ-ийнхэн  жагсаал цуглаан зохион байгуулж үнийн өсөлтийн эсрэг тэмцсэн.

Эдийн засгийн уналт, нийгмийн бухимдал, иргэдийн ядуурлын эрсдлийг нэгэн зэрэг нэмэгдүүлсэн энэхүү хуйвалдааны үеэр дээрх компанийн эзэд юу хийж байгааг сонирхцгооё. Монголчуудын хувь заяаг бензинээр дамжуулан атгаж суугаа монополь компаниудын өв залгамжлагчдын аархал, баярхал  тэдний өнөөгийн байр байдлыг бэлхнээ илтгэнэ.

Монголын нөлөө бүхий лидер Ш.Отгонбилэг агсны хүү, Монголын нефтийн салбарын магнат НИК, Петровис компанийн захирал О.Содбилэг эхнэр Э.Туулын хамт  энэ дэлхийн хамгийн үнэтэй бааранд шоудсан зургаа өөрийн facebook-тээ байрлуулж, юм үзэж, нүд тайлсан хүн гэдгээрээ аархаж байна. Монголын ард түмний халаасыг хоосолж, эдийн засгийг туйлдуулж буй энэ компанийн эзэн залуу дэлхийд алдартай  тамирчид,  дуучид,  холливудын ододтой хамт нэгэн үдшийг зугаатай өнгөрүүлсэн гэнэ. Тухайлбал,   өөрийн хоум порно бичлэгээрээ дэлхийд танигдсан, шоучин шалигаараа зартай, хар тамхины донтон Парис Хилтон гэгч эмэгтэйтэй О.Содбилэгийн эхнэр Э.Туул үй зайгүй найзууд  юм гэнэ. “”Парис Хилтоны Монгол найз”, “Холливудын одод Монгол хосуудын биеэ авч яваа байдлыг шагшин магтлаа” гэх  Пи Ар мэдээллүүд интернет сайтуудыг нэг хэсэг дүүргэсэн. Тэрээр нөхрөө дагуулан Ибиза хэмээх цогцолборт шөнөжин наргисан зургийг та харж байна.

 

Энэхүү шоунд оролцогчид нэг шөнийн дотор хамгийн багадаа 100 мянган ам доллар гаргадаг аж. Энэ жил сонгуульд өрсөлдөх зүүдэнд умбан Орхон, Завхан аймгуудыг онилоод байгаа О.Содбилэг ард түмнээс боловсон аргаар “дээрэмдэж” авсан мөнгөөрөө ийм л ажил хийдэг бололтой.

Үүний зэрэгцээ “Петровис”-ийн вант улсын хамгийн гол тоглогчдын нэг, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн бас л шоу цэнгүүнд умбаж байхдаа хүн зодож тайнхарсан эрүүгийн хэрэг өдүүлжээ. Тодруулбал,  өн­гөр­сөн оны арван хоёрдугаар са­рын 28-ны үдэш Б.Дөл­гөөн нь "Met­ro­polis" клубт най­зууд­­тайгаа ууж согтуурсны улмаас  зэргэл­дээх ширээ­нийхээ залуус­тай маргал­дан нэг­­нийх нь толгой руу шилэн аягаар цохиж, цус нөжинд нь хутган хүндээр гэмтээсэн тухай мэдээллийг “Өдрийн сонин” нийтэллээ. Хохирогчийн нүдэнд шил­ний хэлтэрхий орсны улмаас хараагүй болох өндөр магадлалтай болжээ.  Хохирогч Бээжинд эмчил­гээ хийлгэсэн ч бие нь тааруу байгаа гэнэ. Б.Дөлгөөн нь Англид амь­дарч байгаад ирсэн бөгөөд заг­вар өмсөгч Т.Номунзултай гэрлэж, хүүтэй болсон ч төд удал­гүй хоёр тийшээ болцгоо­сон юм байна.
"Петровис"-ын гэх то­дот­голтой Ж.Оюунгэрэ­лийн  хүү  Б.Дөлгөөнийг та­ни­лууд нь нэлээд дээрэн­гүй, ширүүн зантай гэж то­дорхойлдог тухай эх сурвалж дурьдсан байна.

Монголын ард түмнийг туйлдуулаад байгаа нефтийн монополь компаниуд өөрийн дааж давшгүй их хөрөнгийг иймэрхүү л зүйлд зарцуулж байна уу даа гэх эмзэглэл өөрийн эрхгүй төрж, энэхүү бичил нийтлэлийг тэрлэв. Тив алгасан шоудаж, хүн зодож аархах тэдний явдлыг мартъя гэвч цаашид хэдхэн гэр бүлийн хөрөнгө чинээг зузаатгах ашиг сонирхлыг Монголын эдийн засгийн уналт, сэхэлтээр хэмжмээргүй байна. Тиймээс нефть импортлох эрхийг аль болох түргэн хугацаанд төр өөрийн мэдэлд шилжүүлэн авах нь зохилтой мэт.

Манай сонин Үндэсний компаниудын хөгжлийн төлөө Бизнесийн монополийг задалъя сэдвийн хүрээнд нефтийн импортын асуудлыг цогцоор нь хөндсөнийг уншигчид санаж байгаа. Ер нь нефтийг гол томоохон компаниудын хувьцааг төр өөрөө худалдаж аваад нийт 2.8 сая иргэдэд буцааж зарвал яасан юм бэ. Хэрвээ ийм зохицуулалт хийвэл, жилдээ хэдэн зуун тэрбумаар нь хүүдийлж байгаа нефтийн компаниудад бодитой хяналт тогтоох, татвараа бүрэн авах, цаашлаад ашгаас нь ард түмэн тэгш хүртэх боломж үүсэх билээ.

 

Г. Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top