Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 26

Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн орон сууцны байшинд гаазын баллон дэлбэрснээс тус байрны 33 айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа. Энэ үйл явдлаас хойш 4 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26-ны энэ өдөр мөн тус аймгийн Дархан сумын нэгдүгээр багт байрладаг Дарханы гурил тэжээлийн үйлдвэрт дэлбэрэлт болж, хоёр хүн эмнэлэгт хүргэгдлээ гэсэн мэдээлэл Улсын онцгой комисст ирсэн байна. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд товч мэдээлэл хийлээ. Аймгийн удирдлагуудын өгч байгаа мэдээллээр бол Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийн элеваторт дэлбэрэлт болсон байна.

Тэнд 100 орчим тн улаанбуудай хадгалагдаж байжээ. Аймгийн мэргэжлийн байцаагч нар элеваторын дотоод үйл ажиллагааны хадгалалтын горим алдагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Тус үйлдвэрийн барилгын гадаа талбайд ачаа ачиж байсан хоёр хүн хөнгөн бэртэл авсан бөгөөд нэг нь толгойдоо шарх авч оёо тавиулжээ. Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяраар ахлуулсан ажлын хэсэг эл ослын байдалтай газар дээр нь очиж танилцахаар өнөөдөр үдээс өмнө явжээ.

Шадар сайд М.Энхболд гаазын баллон дэлбэрсэн талаар,
- Энэ сарын 22-ны ням гаригийн өглөө Улсын онцгой комисс, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нарийн мэргэжлийн хүмүүс, галын шинжээчид газар дээр нь очиж ажилласан. Тэд барилгын хийц бүтээцээс  шинжилгээний дээж авсан байгаа. Хариу нь хэрхэн гарахаас шалтгаалж барилгыг цаашид ашиглах эсэх болон хэрхэн засварлах талаар шийд гарна.Ер нь бол  барилгыг засах зураг төслийн ажлыг хийж байгаа гэж хэллээ. 33 айлын 11 нь хуучин амьдарч байсан нөхцөлийнхөө хэмжээнд хүрсэн орон сууц өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн талаар ч тэрбээр тэмдэглэлээ.

Дархан-Уул аймагт хугацааны хувьд ойрхон ийм хоёр дэлбэрэлт болсон нь орон нутгийн байгууллагын үйл ажиллагаатай, тодорхой хүмүүсийн ажлын хариуцлага тааруу байгаатай холбоотой гэж үзэж байгаагаа Шадар сайд М.Энхболд энэ үеэр хэллээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу гаазын баллон нийлүүлсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Эдгээр ослын талаар шинжилгээний хариу гарсны дараа Улсын онцгой комисс Засгийн газарт танилцуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top