Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 27

МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш Удирдах зөвлөлтэйгөө хамтарч хуралдаад Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгохоор шийджээ. Энэ талаар Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд мэдээллээ.

Тэрбээр, улстөрийн нөхцөл байдал сүүлийн долоо хоног ээдрээтэй, Засгийн газрын үйл ажиллагаа явж чадахгүй, Засгийн газрын хуралдаанаар гарах шийдвэрүүд хүлээгдэж байна.

Үүний цаана улс орны ажил амьдрал, төлөвлөсөн төлөвлөгөөт болон хуулийн хүрээнд хийгдэх ажлууд, зорилт, цаг үеийн асуудлууд  их гарч байна. Хоёрдугаар сарын 1-нээс Засгийн газраар ярьж гурван талт хэлэлцээрээр тохиролцсон багш нарын цалинг нэмэх  асуудал ойрын хугацаанд шийдэгдэх ёстой.

Үнэ ханштай холбоотой асуудалд Засгийн газрын зүгээс авах ёстой арга хэмжээ, хийх ёстой зохицуулалтын ажлууд шийдвэрээ хүлээж байна. Хэдийгээр бид олонхийн суудалтай ч гэлээ, Ерөнхий сайдын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өмнөө тавсан зорилт өөрчлөгдөөгүй, хийж дуусгах ёстой.

Хуулийн хүрээнд зөвшилцлийг явуулж Засгийн газрын зургаан гишүүнийг томилуулж бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах асуудал тавьсан ч улстөрийн зөвшилцлийн хүрээнд гацаа үүссэн. Энэ гацааг урт хугацаагаар байлгавал Засгийн газар, улс орны ажил амьдрал бэрхшээл хүндрэлүүд гарна.

Биднийг улс төрөөр толхилцож суух хооронд улс оронд шийдэх ёстой ажлууд цаг алдаж байна ярилцаад Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгож улстөрийн гацааг шуурхай гаргаж Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхээр шийдлээ гэв.

Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байгаа аж.


Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгосноор бусад санал болгосон сайд нарыг томилуулах асуудал дээр тохиролцох асуудлаар хоёр бүлгийн хуралдаанаар зөвшилцөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top