Гэртээ байсан 3, 6 настай хүүхдүүд нь гал түймэрт өртөж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 27

-Бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулна уу-

Нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид өчигдөр объектын түймрийн дөрвөн дуудлагаар ажиллаж, галын зөрчлийн хоёр дуудлага, цахилгаан шат гацсан нэг дуудлагыг  хүлээн авсан байна.

Он гарснаас хойш НОБГ-т объектын гал түймрийн 334 удаагийн дуудлага ирээд байна.

Нийт дуудлагын ихэнх  нь гэр хорооллын амины орон сууц, байшин, гэр шатсан дуудлагууд эзэлж байна.

Ялангуяа сүүлийн үед байшин шатсан дуудлагууд нэмэгдэх хандлагатай байна. Өчигдөр л гэхэд 29 айлын нийтийн орон сууц, амины байшин, гэр шатсан томоохон гал түймрүүд нийслэлийн хэмжээнд гарсныг НОБГ-ын алба хаагчид газар авахуулалгүй, айлууд руу галыг дэлгэрүүлэлгүй унтраасан байна.
 
Тодруулбал  Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Авто засварын заводын 10х45 метрийн хэмжээтэй  29 айлын нийтийн орон сууцанд гал гарснаас  12 айлын орон сууц, эд хогшлын хамт шатаж байсныг Аврах, гал унтраах 10, 14, 30 дугаар ангиуд ажиллаж унтраасан байна. Галыг унтраахад нийтдээ 52,5 тн ус, 331 литр шатахуун зарцуулжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын гудамжинд 4 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг унтраажээ. Уг гал түймэрт 3- 6 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд өртөн нас барсан харамсалтай явдал болжээ. Хэргийг НОБГ-аас дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шархадны гудамжинд  6х12 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар  байшин, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагын дагуу  Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад гал дэлгэрсэн байсан тул Аврах, гал унтраах 34 дүгээр ангийг нэмэлтээр гаргаж ажиллажээ. Уг гал түймэрт 21 настай эмэгтэй галд өртөж нас барсан байжээ.

Дээрх гал түймрүүд бүгд өглөө буюу 08.00-09.00 цагийн үед гарсан байна.

Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид  ажиллаж байгаа юм.

Ер нь сүүлийн үед энэ мэт галын дуудлагууд нэмэгдэж байгаа нь хүйтний эрч чангарч, иргэд галлагаагаа нэмсэнээс, мөн пийшин зуухны аюулгүй байдал, ил задгай гал асгаснаас болон  цахилгаан ашиглалт, угсралтын буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа гэнэ.

Мэргэжлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр галын аюулаас сэрэмжлүүлсэн мэдээллийг цаг тухайд нь явуулсаар байгаа боловч иргэд үүрэг, хариуцлагаа өндөржүүлж сонор сэрэмжтэй байхыг нэг өдөрт гарсан дээрх томоохон гал түймрийн тохиолдлууд сануулж байна.  Гал түймэр хаана ч, хэзээ ч гарч болно, гагцхүү эрсдлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангасан байх нь нэн чухал байна.
    
Цаашид цаг агаар хүйтэн хэвээрээ, хүйтний эрч чангарсан хэвээрээ байх болно. Иймд айл өрхүүд дор бүрнээ цахилгаан утасны аюулгүй байдлаа шалгаж, хэт ачаалал ихэсгэхгүй байх, үнс нурмаа гүйцэт унтраах, дутуу унтраасан үнс нурмыг үүдний амбаар, байшин, гэр дотроо тавихгүй байх, эвдэрч цуурсан пийшин зуух хэрэглэхгүй байх, галын амны өмнө халуун цог унахаас сэргийлж төмөр хаалт тавих, галлагаа нэмсэн үедээ яндангийн цонолт халалт үүсгэхээс сэргийлж дээвэр, яндангийн гарах хэсгийн эргэн тойронд төмөр хаалт хийх, яндангийн залгаасыг шалгахыг НОБГ-аас анхааруулж байна.

Мөн гэртээ бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлсэн юм.
 
Я.Содон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top