Хатанбаатарын гэхээсээ илүү “Харанга”-ын Лхагвасүрэн гэж хамтлагаараа овоглосон тэрээр дуулсан дуу болгоноо амилуулж, мөнхийн бүтээл болгож чаддаг ховорхон авьяастай. Түүний энэ урлагийн авьяас ааваас нь өвлөгдсөн аж. Түүний аав Соёлын тэргүүний ажилтан, ард түмний гавьяат, ая зохиогч Хатанбаатар гуай гэдгийг мэддэг хүн цөөхөн. Хатанбаатар гуайн уран бүтээл хошин урлагийн суурийг анх тавьсан “Андууд” хамтлагаас эхлэлтэй. Ардын жүжигчин Г.Хайдав, Г.Түмэндэмбэрэл, Б.Зангад, Х.Төмөрбаатар нарыг дууриан дуулахад сонссон хүмүүс алгаа хорстол ташдаг байсан гэдэг. Тэрээр гурван хүүтэй. Лхагвасүрэн-дуучин, Лхагвадорж-зураач, Лхагваням-инженер.
Гэвч амьдралын олон нугачааны эрхээр эхнэрээсээ салснаас хойш хүүхдүүдтэйгээ төдийлөн ойр дотно байдаггүй аж. Дуучин Лхагвасүрэн дөрвөн жилийн өмнө хоёр дүүгээ дагуулж ирээд буцахдаа цагаан сараар аавдаа ирж золгож байнаа гэсэн ч түүнээс хойш ирээгүй гэнэ. Эцэг нь хүүгийнхээ талаар янз бүрийн яриа гарахад нойргүй хонож, өөрийгөө буруутган уйлж суусан нь ч цөөнгүй гэсэн. 15 жил ханилсан хань нь гудамжинд гаргаад ядарч явах үедээ учирсан орос бүсгүйтэй сайхан амьдарч байгаа ч хүүхдүүдээ эргэж тойрдоггүйд жаахан гомдож, нэг л өдөр ороод ирэх болов уу хэмээн хаалга ширтэж суудгаа ч нуусангүй. Одоо ч манай гэрийг мэдэхээ больсон биз дээ хэмээн хүүхдүүдээ өмөөрөнхөн суугаа энэ эцэг гурван удаа цус харвасан тул бие жаахан тааруу байдаг гэнэ лээ. Тэрээр хүүгээ Монголын ард түмэнд хүндлэгддэг сайн дуучин болсонд баярлаж явдаг аж. Анх “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, дуучин С.Чулуунбаатар нарт том хүү Лхагвасүрэнгээ сайн дуучин болгож өгөөрэй гээд хүлээлгэж өгч байсан гэдэг. Дуучны хувьд миний хүү итгэл алдаагүй шүү хэмээн хүүгээрээ бахархаж суугаа эцэгтээ энэ жилийн цагаан сараар очоод золгоорой Лхагваа.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )