Хар тамхи залгисан хүн гаднаасаа харахад л мэдэгддэг

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 31


 Хятад улс хар тамхийг 50 гр-аас дээш хилээр оруулж ирсэн тохиолдолд шууд цаазаар авдаг. Манай улсаас БНХАУ-д хар тамхины хэргээр нийт 100 гаруй хүн хоригдож,  20 гаруй хүн мөрдөгдөж  байгаа юм байна.   Хар тамхины хэргээр  байцаагдаж байгаа манай улсын иргэд  700-800 гр-аас ихийг хил давуулсан бөгөөд ихэнх нь залгиж яваад баригджээ. Ер нь Монголчууд зүүн өмнөд Ази руу 14-30 хүртэл хоног визгүй зорчдогоо буруугаар ашиглах нь элбэг байдаг гэнэ.  Нас харгалзахгүй, өндөр цалинтай ажилд авна гэсэн сонингийн зараар  анх очиж уулзсан хүмүүсийг “замын зардлыг чинь даая, очоод амьдрах байрыг чинь гаргана” гэж Малайз руу авч очоод хэд хоног бэлтгэдэг байна. Хар тамхи залгина гэдэг тийм ч амар зүйл бишээс гадна хүний улаан хоолойд удаан байх боломжгүй учраас яг залгиад дуусангуут нь онгоцонд суулгаад явуулдаг аж. Аль болох олныг залгивал мөнгө нь нэмэгддэг болохоор ходоодоо дүүртэл залгиж байгаад орж ирдэг гэнэ.  Хар тамхи дамжуулан тээгч Монголчууд  бүгд  Малайзаас  хар тамхи оруулж ирсэн аж.  Мэргэжлийн хүмүүсийн нүдээр хар тамхи залгисан хүн гаднаасаа гарахад л мэдэгдддэг байна.   Онгоцонд зорчиж байгаа бусад хүмүүс унтаж амарч байхад хар тамхи залгисан хүн унтдаггүй. Бас ариун цэврийн өрөө ордоггүйгээс гадна юм иддэггүй гээд илрүүлэх  шинж тэмдэг цөөнгүй байдаг аж.   Тийм хүмүүсийг онгоцны үйлчлэгч нар давхар хянаж байдаг.  Хэрэв хар тамхи залгиад зугатах, гаргаж чадахгүй тохиолдолд гэдсийг  нь хүүлж гаргаад амь насыг нь  хохироосон хэрэг урд хөршид цөөнгүй гарч байсан байна.  Нэг кг хар тамхи 40-50 гэр бүлийн амьдралыг сүйтгэгч хор гэдэг нь судалгаагаар нотлогджээ.  Ядуу амьдралтай, яаралтай мөнгөний хэрэг болсон хүмүүсийг олж Малайз руу явуулдаг зохион байгуулалтай бүлэглэл бий болсон төдийгүй цагдаа нар өөсдөө оролцох болсон нь аюулын харанга дэлдэж байна.  Олон хавар нэгэндээ гэгчээр хууль бусаар хар тамхи хил давуулсан хүн харь орны шоронд үхнэ. Үгүй бол Монголын шоронд үхнэ.    Өөр сонголт байхгүй гэдэг нь өдрөөс өдөрт ойлгомжтой болсоор байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top