МУГЖ И.Одончимэг: Бархүү их мэдрэмжтэй, айхтар залуу

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 01

Олны танил алдартнууд ханийнхаа тухай юу гэж хэлсэнийг сонирхуулъя.

Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Мэндбаяр: 1968 онд П.Цэрэндагвыг формын хувцастай хүүхэд 10-р ангийн улсын шалгалт өгөх үедээ “Гарын таван хуруу” жүжгийн Баярын дүрд тоглоход анх харсан. Энэ цагаас хойш театрын тайзан дээр болон амьдралын маань хань болж 38 жилийн хамт өнгөрөөсөн байна. Энэ хугацаанд бид хамтарч уран бүтээл туурвиж, хамтарч нэгэн сэтгэлээр амьдарч, гурван хүүхэд, найман ач зээтэй өнөр өтгөн айл болсон байна. Заяагаар надад сайн хань таарсан. Хэн нэгэнгүйгээр байхад хэцүү. Бидний хооронд гэр бүлийн томоохон хэмжээний зөрчил маргаан, хардалт, тунирхах, уйлах үе гарч үзсэнгүй. Үргэлж бие биенээ ойлгосон, хүндэтгэж амьдарсаар ирлээ.

Монгол Улсын Ардын Жүжигчин П.Цэрэндагва: Бид хүний дайтай амьдаръя, үр хүүхэддээ өвөг дээдсээсээ уламжилж авсан амьдрах ухааны хэлтэрхий амин ухаанаар чадахынхаа хэрээр угжъя, унасан газартай, унах газартай гэдгийг ойлгуулъя гэж л нийлсэн. Түүнийхээ төлөө л хичээж зүтгэж явна даа.

Монгол Улсын Гавъяат Жүжигчин Б.Жаргалсайхан: 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд шалгалт өгч байхдаа анх Урнаатайгаа танилцаж байлаа. Бараг аав ээжийнхээ өврөөс гараад гэр бүл болчихсон шүү дээ. Одоо тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн гол нь бие биенийхээ итгэлийг алдахгүй юмсан гэж боддог. Маргах үе байдаг ч би түрүүлээд чимээгүй байхыг хичээдэг.

Монгол Улсын Гавъяат Жүжигчин Г.Урнаа: Гэр бүлийн тухайд бол амьдралд жаргал, зовлон ээлжилдэг учраас ханиа зөв сонгох нь чухал. Зовлон бэрхшээл тохиолдоход хамтдаа даван туулж сөрж амьдрах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Бид хоёр зогсоо зайгүй ажиллаж, ядарч байсан ч ядраагүй юм шиг амьдарч чадсан. Үр хүүхэд, амьдралынхаа төлөө зүтгэсэн. Одоо ч зүтгэсээр байна. Сэтгэл нэгтэй зүтгэхэд сүүдэртэй тал цагаан болж харагддаг.

Монгол Улсын Гавъяат Жүжигчин У.Уранчимэг: Хэдий их ажилтай байсан ч нөхөр маань надад анхаарал тавьж чаддаг. Жирийн үед янз бүрийн гэнэтийн бэлэг барьдаг. Энэ л надад илүү амттай, хайр татам байдаг. Би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг

Монгол Улсын Гавъяат Жүжигчин И.Одончимэг: Манай Бархүү их мэдрэмжтэй. Айхтар залуу л даа. Уран бүтээлчийнхээ хувьд ч их авьяаслаг. Тийм учраас нэг нэгнийгээ илүү ойлгож миний уран бүтээл бас өөрийнхөө уран бүтээл дээр ярилцдаг. Ер нь бид хоёрын хувьд илүү амар, сэтгэл дүүрэн амьдарч байгаа.

Жүжигчин Т.Бархүү: Жүжигчнийх нь хувьд Одноогоо хүндэлж биширдэг байсан. X түц продакшнд орсноос хойш харж явдаг байлаа. Мэдээж эхний ээлжинд харах мэдрэмжээрээ л дурлана шүү дээ. Алаг нүд, ааш зан нь таалагддаг. Ер нь бүх зүйл нь таалагддаг. Бид хоёрыг нийлэхэд олон хүн гайхаж байсан. Мэдээж бэрхшээлтэй байлгүй яахав. Гэхдээ тэр бүхнийг хамт даваад гарчихсан

Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч П.Бадарч
:


Ханиа санахаараа би ганцаарддаг

Хаана байгаагаа ч би мартдаг

Түүнийхээ төлөө амьдардагаа л санадаг

Тиймдээ би өдий зэрэгтээ яваагаа мэдэрдэг

Монгол Улсын Гавъяат Жүжигчин Т.Ариунаа: Олны танил эмэгтэйтэй учирснаараа миний нөхөр том дайрлагад өртсөн. Бие биедээ хэрэгтэй үед нь сэтгэлзүйн бэлгийг өгдөг байх хэрэгтэй. Амьдрал улам л гоё болно шүү дээ.

 Uls.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top