Нөөцийн махны үнэ нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 01


Монголын махны холбоо болон нөөцийн мах бэлтгэгч зарим компаниуд өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын махны холбоо НЗДТГ-тай хамтран 2003 оноос хойш нөөцийн махыг иргэдийн хэрэгцээнд зориулан бэлтгэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд 12 мянган тонн махыг бэлтгэжээ.  Өнгөрөгч сарын 15-ны өдрөөс эхлэн  өнөөдрийн байдлаар 1300 тонн махыг иргэдэд худалдаалжээ. Одоогийн байдлаар 11 мянган тонн махны нөөцтэй байна. Өргөжүүлсөн  худалдаагаар нөөцийн махыг гулуузаар нь худалдаж байгаа нь махны нөөц боломжийн хэмжээнд байгааг илтгэж байгаа  аж.  Харин нөөцийн махыг зах, дэлгүүрүүдээр хаа сайгүй худалдвал үлдсэн нөөц мах 25-30 хоногийн дотор дуусна. Тиймээс  амьжиргааны төвшнөөс доогуур иргэдэд илүү хүргэх үүднээс хороо тус бүрт худалдааны тодорхой цэгүүдийг сонгосон гэлээ.
 Компаниуд нөөцийн үхрийн махыг 3700, хонь 3200, ямааныхыг 2600 төгрөгөөр борлуулж байгаа ч цагаан сарын дараа энэ үнэд өөрчлөлт оруулна гэж мэдэгдлээ. Учир нь мах бэлтгэгч компаниуд энэ жил нөөцийн 12 мянган тонн махыг   45-50 тэрбум төгрөг гаргаж бэлтгэсэн гэнэ. Гэтэл энэхүү махыг жижиглэн үнээр зарахад зардал их гардаг бөгөөд хонины нэг кг мах бэлтгэхэд бүх өртөг зардал нь 3729 төгрөг болдог аж. Гэтэл зах зээлд нийлүүлэхдээ 3200 төгрөгөөр худалдан алдагдалд орж байгаагаас гадна мах бэлтгэхэд нь улсаас зориулж олгодог мөнгө  өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Мах бэлтгэн нийлүүлэгчдийн тухайд кг тутамд 1000-1500 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэнэ. Ард иргэдийн махны хэрэгцээ, шаардлага их байгаагаас тухай бүртээ шилэгдээд үлддэг   тал бий ч ястай гэж гологдохооргүй чанартай мах бэлтгэсэн гэж байлаа.

 Г.Энхтуяа

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top