Төрийн албан хаагч нарын цалин дахиад л нэмэгдэнэ гэнэ. Сайн мэдээ. Гэхдээ зөвхөн тэдний л хувьд.
Төрийн албан хаагч нараас болж хувийн хэвшлийнхэн бид нар авч хүчирдэг байсан юмаа удахгүй дийлэхээ байх нь ээ. Уг нь тэр Ганбаатар хэмээх Үйлдвэрчний эвлэлээр овоглосон нөхрийн тэмцээд, жагсаад байгаа нь нэг талаараа зөв л дөө. Үнэхээр цалин хөлс амьжиргааны хаана нь ч хүрэхээ байгаад тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байгааг би л хувьдаа бүрэн дэмжиж байна. Гэвч тэдний тэмцэл зарим тохиолдолд хэтэрхий хоцроод аль эсвэл арай эртдээд байгаа мэт санагдах юм. Нэг хэсэг цалингийн доод хэмжээг 250 мянгад хүргэнэ гэж баахан жагсаал цуглаан болж, төрд шаардлага хүргүүлж, гурван талт хэлэлцээрийг удаа дараа хийж байж одоогийн 140 мянга 400 төгрөг болгож байсан удаатай. Үүнийг бол үнэхээр цагаа олсон жагсаал, мөн зөв шийдвэр байсан гэж боддог. Магадгүй цалингийн доод хэмжээг үүнээс дээгүүр ч тогтоож болох байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэмцэл хэлэлцээрийн үр дүнд нэмэгдүүлж чадсан нь нэг амжилт. Удалгүй төрийн албан хаагч нарын цалин 30 хувиар бас нэмэгдсэн. Ардын сургуулийн багшаас эхлээд Ардын засгийн дарга хүртлээ бүгд л цалин нь нэмэгдэж баяр хөөр болж байлаа. Тэр үед /одоо ч гэсэн ийм шүүмжлэл байдаг/ зарим нэг эдийн засагчид, судлаачид дарга цэргийн ялгааг бүр л холдуулж, цалингийн зөрүүг улам ихэсгэлээ, жирийн нэг багшийн цалин 50-хан мянган төгрөгөөр нэмэгдэж байхад дарга нарын цалин 300, 400 мянгаараа нэмэгдэж байна шүү дээ... гэж шүүмжилж байсан удаатай. Гэхдээ л энэ нэмэгдэл биелдэгээрээ биелж, төрийн албан хаагч хэмээх багш эмч нарын цалин нэмэгдсэн нэр төдийхөн зүйл болоод л өнгөрсөн. Үүний дараахан юмны үнэ ямар түвшинд хүрч, иргэд хэрхэн цухалдаж байсныг надаар сануулалтгүй хүмүүс өөрсдөө санаж байгаа байх. Өчигдөрхөн цалингаараа авдаг байсан зүйл нь маргаашийн цалингийн нэмэгдлийн дараа адилхан л авдаг юмаа аваад л дуусч байсан шүү дээ.
Нэмүүлчихээд араас нь бас ард иргэд амьдралд нэмэр болсонгүй гээд үглэж байсан цаг саяхан. Гэтэл оны өмнө бас нөгөө л Ганбаатарын уриалгаар дахин цалингаа нэмүүлэхээр жагсаал цуглаан болж, төр засагтаа шаардлага хүргүүлж, гурван талт хэлэлцээрийг хэд хэдэн удаа хэлэлцүүлсэний дүнд 2012 оны нэг сараас эхлэн цалингаа нэмүүлэхээр болсон. Бүр 53 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрээр шийдвэрлэсэн. Нөгөө л төрийн албан хаагч нар шүү дээ. Маньд бол пад байхгүй. Уг нь хоёр хэсэг болгон 02 болон 05 дугаар сард нэмэгдүүлнэ гэж байсан ч цагаа тулахаар УИХ нь гонжирч, Засгийн газар нь гүрийж, 04 болон 10 дугаар саруудад хоёр хуваан нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч өнөөх л Ганбаатар жагсаалд уриалж тэмцэж эхлэх нь тэр.
Оны өмнө хэлэлцсэн гурван талт хэлэлцээрээр угтаа бол 02 дугаар сараас төрийн албан хаагч нарын цалин, мөн тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх байв. Гэвч санасан юм салаа замаар сарниж нэмэгдүүлнэ гэсэн шийдвэрээсээ Засгийн газар ухарсан нь Ганбаатарыг дахиад л тэмцэхэд хүргэсэн. Үнэхээр энэ хүн ард түмний төлөө зүтгэж байна. Өлсөж байна, даарч байна, жагсаж байна, тэмцэж байна, турхирж ч байна. Үүнийхээ үр дүнд тэрээр энэ хоёр сардаа багтаад цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр л боллоо. Ахмадууд, хэдэн ядарсан төрийн албан хаагч нарт бол сайн л мэдээ. Цагаан сар дөхсөн энэ үед бол сайн мэдээ байхаас яахав. Гэхдээ нэг сард нэмчихсэн бол нөгөө цагаан сарын өмнөх нэмэгдэл бэлэн мөнгөний урсац чинь бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг тал бийг хаана хаанаа мэдэж байгаа. Эдийн засагч бүү хэл эгэл ард үүнийг мэддэг болсон цаг. Ядаж байхад бас Эх орны хувь хишиг гээд байгаа сая төгрөгийг цагаан сарын өмнө Ахмад настнууддаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тараана ч гэх шиг. Хэрэв ийм зүйл болбол хэдэн эрээний оймс, хулхи бараануудаар Монголын бараан захууд дүүрэх биз. Дагаад хэдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ нь ч дийлдэхээ байж хөөрхий сая төгрөг аваагүй, цалин нь нэмэгдээгүй хүмүүс нь хөлд нь чирэгдэх бус уу. Яахав тэр сая төгрөгөө авчихсан гарууд бол үнэгүй олдож байгаа юм, төрийн хишиг гэж ирээд л юмаа худалдаж аваад шинилчихэж барах л байх.
Гэхдээ нэг зүйлийг мартаад байгаа юм биш үү. Төрийн албан хаагч нар, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж гүйсээр байтал ард чинь хувийн хэвшлийн хэд чинь сарын цалингаараа арай хийн амьдралын хальтиргаатай зам дээр салгалаж явна. Эвгүйхэн гишгэх юм бол уначих гээд хэцүүхэн л байгааг мэдэж байна уу. Тэр эдийн засагч, төрийн албан хаагч нарын, эсвэл УИХ-ын хэдэн нөхдийн хэлээд байгаа ‘’төрийн албан хаагч нарын цалин нэмэгдвэл хувийн хэвшлийнхэн ч дагаад нэмэгдэх нь хууль’’ ч гэх шиг хэнэггүй хэлж суугаа нь амьдрал дээр биелдэггүйг би гэж нэг хүн гэрч нь болоод сууж байна. Цалингийн доод хэмжээ нэмэгдэхэд миний цалин хэвээрээ л байсан. Дахиад төрийн албан хаагч нар 30 хувь нэмэгдэхэд бас л нэмэгдээгүй. Одоо дахиад 53 хувь нэмэгдэх гэж байхад минийх яах бол гэсэн горьдлогоо тээсээр л явна. Над шиг нар мандахыг хүлээсээр ирсэн олон хүн бий. Ямар сайндаа ямар нэг аргаар л төрийн албанд орье гэж сүүлийн үед дотроо шивир авир хийх болох вэ дээ. Даанч зай байхгүй газар ямар автобусанд чихиж байгаа биш яаж багтах билээ. Одоо ч хаалганаас нь дүүжлэгдээд төрийн албанд зүтгэж яваа гарууд олон байхад мань мэтэд ямар зай байх вэ дээ нээрээ.
Хувийн хэвшлийнхнээс цалин нь нэмэгдэх нэг нь нэмэгдсэн л байх. Гэхдээ нэмэгдээгүй хувийн хэвшлийнхэн түүнээс олон байгаа. Гэтэл хувийн хэвшлийнхнийг хэрхэн ажиллах, цалин хөлсний хэм хэмжээ зэрэг дотоод асуудалд нь төр шууд оролцох эрх нь хаагдмал байна. Ийм байхад хохирогч нь хэн байх вэ. Автобусанд чихээд ч багтахгүй хувийн хэвшлийн хэдэн ажилчин бид л байна шүү дээ Ганбаатар дарга аа, Засгийн газар, УИХ-ын нөхөд өө. Цалин нэмэгдүүлье гэж тэмцэхийн оронд инфляцийг хөөрөгдүүлэлгүй, төгрөгийг чангаруулж, бараа бүтээгдэхүүний үнийг хямдруулах тал дээр анхаарлаа хандуулж болдоггүй юм уу. Барьж дийлсэнгүй ээ гээд алдчихдаг инфляцийг чөдөрлөчихөж чадахгүй байгаа төрөөс үүнийг нь л хүсэл дээ Ганбаатар дарга аа, Төгрөгийг сулруулаад байгаа төрийн үйл ажиллагааг нь л шүүмжлье л дээ Ард түмэн минь, Болохгүй байгаа, дур зоргоороо аашлаад байгаа хувийн хэвшлийнхнийгээ баз л дээ Төр засаг минь ээ. Тэрнээс биш урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа мэт ‘’юм л нэмэгдэхээр нь цалинтай ярьж, нэмүүлэхээр чарладаг’’ тогтолцооноосоо хэзээ салах вэ манайхаан...
П.Иргэн
Сэтгэгдэл ( 0 )