Н.Наранбаатар: “Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэж мөн айхтар үг шүү

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 03

 

Улсын драмын эрдмийн театрын найруулагч, МУСТА Н.Наранбаатартай уулзаж ярилцлаа. Сүүлийн үед ар араасаа цуврах бүтээлүүдээрээ олонд танигдсан энэ эрхэм хэзээ амарч, хэдийдээ энэ их ажлыг амжуулдаг юм гэмээр.

Уран бүтээлчид зав багатай, тэр дундаа найруулагч хүнд… Харин түүнтэй ярилцах тухайгаа утсаар дуулгахад алт шиг цагаасаа харамлаагүй шүү.

“Та төмөр замын тосгонд өнгөрсөн хүүхэд насныхаа тухай дурсаач” гэхэд нүд нь очтоод ирж билээ. Ер нь, ярилцаж суухад их энгийн элгэмсүү. Нэрээр нь овоглосон уран бүтээл ар араасаа ундарч олны хайр талархлыг хүлээж яваа энэ хөдөлмөрч залуу төмөр замчдын дундаас төрсөн шүү гэж бодохоор бас бахархалтай санагдсаныг хэлье.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Эмэгтэйчүүдийн баярт зориулаад Оросын алдарт зохиолч Александр Гегений “Цэцэрлэгт учирсан хоёр” гээд уянгын мелодрам жүжиг дээр ажиллаж байна. Энэ жүжгийн голд дүрд жүжигчин Болд-Эрдэнэ, Ганцэцэг нар тоглож байгаа. Одоо ид сургуулилтын үе дээрээ явж байна.

-Найруулагч Н.Наранбаатар манай уншигчдад төмөр замын тосгонд өссөн төмөр замчны хүүхэд гэдэг нь илүү сонин байна. Тиймээс ч таныг уншигчдынхаа хүсэлтээр зочноор урьж байна. Хүүхэд ахуй үеийнхээ гэгээн өдрүүдээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Тиймээ, тийм. Би бол яах аргагүй төмөр замын унаган хүүхэд. Өссөн газар маань төмөр замын есөн шар. Төмөр замын нэгдүгээр цэцэрлэг, 51 дүгээр сургууль. Төмөр замыг дээхэн үед төмөр замын “Вант улс” гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр “Вант улс”-ын нэг иргэн нь би л дээ. Манай эцэг, эх, эмээ өвөө Булганы хүмүүс. Би бол Улаанбаатар хотод төрсөн. Төмөр замын нэгдүгээр цэцэрлэгт хүмүүжсэн. Цэцэрлэгийн маань Д.Алтанцэцэг багш намайг урлагийн жаахан, жаахан хоббитой болгосон гэж боддог.

Дуулуулна. Тэгээд зургаан нас өнгөрөөд долоон нас арай хүрээгүй байхдаа цэцэрлэгээсээ тарж яваад сургуульд ормоор санагдаад. Аавынхаа дүүд хэлсэн. Тэр үед эгч маань аравдугаар анги төгсөж байсан юм. Эгч багшдаа хэлээд, багш нь цаашаа “лобби” хийгээд түүний үр дүнд би нэгдүгээр ангийн бэлтгэлд орж байлаа. Тэр үед зургаа, долоон настай хүүхдүүдийг сургуульд авдаггүй байлаа шүү дээ. Сургуульд орохдоо үзэг, цаас яаж барихаа мэдэхгүй л байсан юмдаг.
-Аав ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

-Миний аав насаараа БОС-ны хоёрдугаар ангид сантехникчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Р.Намнан гэж хун бий. Ээж маань бас л насаараа төмөр замын 25 дугаар эмийн санд жор найруулагчаар ажилласан даа. Л.Ичинноров гэж хүн бий. Одоо ч гэсэн хувийн эмийн санд мэргэжлийнхээ ажлаа хийгээд л явж байгаа. Тийм л хүмүүс бий дээ.

-Таныг багадаа их сахилгагүй хүүхэд байсан болов уу гэж бодох юм?

-/Инээгээд/ Ер нь, миний бага нас төмөр замын тосгонд өнгөрсөн. Тэр үед манай урд СОТ-3-ын хотхон байлаа. Одоогийн Ханбүргэдэйн тэр хавь. Тэр хэсэгт Оросууд амьдарна. Хашаатай, овчарка нохой ихтэй. Бас гоё тоглоомын талбайтай. Хүүхэд л болсон хойно манай байрны гадаа тоглоомын талбайгүй юм чинь орос хүүхдүүдийн тоглоомын талбай руу гүйнэ. Тэгэхээр Оросууд нохойгоо тавина. Аягүй дээрэлхүү шүү дээ.

Хэрвээ Монгол хүүхдүүд нохойд уруулаад асуудал үүсэхэд тэдний хашаа руу орж болохгүй учраас бараг л Монголчуудын хохь болоод үлдэж байсан байх. Сахилгагүйтэх үе их гарнаа. Оросын байр руу орох их гоё байлаа. Ний нуугүй хэлэхэд биднийг хичээлээ тараад Оросуудын хогийн хажуугаар явахад “лаг лаг” юм байгаа юм чинь. Оросууд их цамаан. Сардин, килки гээд лаазалсан загасыг хаячихсан байна. Тэрийг бид аваад “цохьчихно” ш дээ. Нөгөө ховор янз бүрийн жимс хүртэл уут савтайгаа байж байгаа юм биш үү.

Орос дэлгүүр рүү тусгай үнэмлэхтэй хүн л ордог байсан. Монголчууд орос дэлгүүрээс юм авах сонирхолтой. Тэгэнгүүт бид хашааг нь давж ороод авах юмыг нь авч өгчихөөд шанд нь задгай мөнгө авна. Жишээ нь, хүн гурван төгрөг өгөөд усан үзэм авъя гээд захихад нь орж авч өгчихөөд 20 мөнгө, 40 мөнгө, сайн бол 50 мөнгө авна. Тэрийгээ хэдүүлээ цуглуулсаар байгаад л нэг төгрөг 30 мөнгөний элэгний нухаш, нэг төгрөг 20 мөнгөний талх аваад нийлж байгаад иддэг байлаа.

Яагаад ч тэгдэг байсан юм бүү мэд. Заримдаа ч орос дэлгүүр рүү орж байгаад баригдана. За тэгээд, өвөл нь хойд талын далан дээр их гулгаж тоглоно. Манай ангид “хогийн” Мөнхөө гээд хүүхэд байсан. Бид л тэгж нэрлэдэг байхгүй юу. Нэг удаа “Та нарт шинэ гэрээ үзүүлнэ” гэлээ. Би ч дотроо ийм багаасаа яагаад шинэ гэртэй болчихдог юм бол доо гэж бодож байгаа юмаа. Тэгсэн биднийг далан руу дагуулаад яваад байх юм.

Хороололд л шинэ гэр нь байдаг юм байхдаа гэж бодоод байсан чинь далангийн тэнд ус алдаад хөлдчихсөн. Тэр нь дотроо агуй шиг хөндийтэй болчихсон. Мань хүн дотор нь гудас, хөнжил аваачаад тавьчихсан би энд амьдарч байгаа юм гэхээр нь бид хэд үнэмшиж давхиад … Биднээр тоглож байгаа юм л даа. Ийм багын хөгжилтэй дурсамжууд зөндөө. Ер нь хүүхэд нас адал явдлаар дүүрэн л байдаг шүү дээ.

-Цэцэрлэгийн багш тань урлагт жаахан жаахан хоббитой болгосон гэсэн. Тэгэхээр урлагийн хүн болох нь эртний төлөвлөгөөнд байсан хэрэг үү?

-Үгүй ээ, багадаа нисгэгч болно гэж боддог байлаа. Нисгэгч болох хүн математикт сайн байх ёстой гэдэг. Тиймээс тоо жаахан “хөөдөг”. Тэгээд нэг удаа тооны олимпиадад амжилттай оролцоод “Найрамдал” зусланд амрах эрхээр шагнуулсан. Тэр үед “Найрамдал”-д амрах эрх гэдэг чинь өдрийн од шиг л юм. Дандаа л тэргүүний хүүхдүүд амардаг байсан. Тэнд Пионерийн ордны драмын дугуйланд явдаг хоёр хүүхэд амарч байв. Урлагийн үзлэгт орсон. Бодвол урлагийн жаахан мэдрэмж байсан юм байлгүй дээ.

Тэр хоёр хүүхэд намайг Пионерийн ордны драмын дугуйланд ор гэж ятгав. Дээр нь, манай ангид Эрдэнэчулуун гэж “Уул усны үр сад” зэрэг олон кинонд тоглосон хүүхэд байсан. Тэр үед “Хонх” гээд хүүхдийн хошин нэвтрүүлэг байдаг. Тэр найз маань тэрэнд бас тоглодог. Тийм тийм зүйл нөлөөлөед Хүүхдийн ордны драмын дугуйланд орсон доо. Тэнд ороод л урлагийн замаар эргэлт буцалтгүй гэдгээ шийдсэн байх. Сурч боловсрох хугацаанд хувь хүний хүмүүжил их чухал л даа. Дээр нь, багш нар чинь хүүхдийг залж чиглүүлж өгдөг гавьяатай улс шүү дээ.

-Тэгэлгүй яахав, та багш нарынхаа тухай ярихгүй юу?

-Надад анги даасан багш хүүхдийн сурлага, хүмүүжилд гол үүрэг рольтой байдаг шиг санагддаг. Манай ангийн багш Баасанхүү гэж орос хэлний багш байсан. Мундаг сурган хүмүүжүүлэгч. Тэр хүний гараар орсон хүүхдүүд одоо их сайхан амьдралтай явдаг гэж боддог. Мөн манай дугуйлангийн Даваахүү багш олон хүнийг зев замд нь хөтөлсөн гавъяатай хүн байгаа юмаа. Гавьяат багш гэдэг цолыг болдог бол би Даваахүү багшдаа л өгмөөр санагддаг юм. Маш олон шавь нар нь драмын урлагийн чиглэлээр амжилттай явж байна даа.

“X ТҮЦ”-ийн жүжигчин Аглуу, “DOZ” интертайментийн захирал Дооёо, “Шинэ үе” продакшны захирал Бооёо, манай театрын Гавьяат жүжигчин Уранчимэг, хошин урлагийн Лхагвасүрэн ах, жүжигчин Гэрэлсүх, би гээд яриад байвал маш олон хүнийг урлагийн замд хөтөлсөн хүн. Би тэр хүний гавьяагаар урлаг гэдэг их айлын бүлд багтаж, сайн сайхан бүхнийг нь мэдэрч яваа гэж боддог. Манай Даваахүү багш “Инээдэм-88, 89″ гээд тоглолт хийж байлаа. Одооны энэ хошин урлагийн эхлэлийг тавьж байсан юм даа.

Тэр үед тасалбар нь олддоггүй байлаа. Биднийг нэг удаа тоглолтод оруулах боллоо. Орой 17 цагаас тоглолттой байсан. Бид хүүхдийн паркад тоглож тоглож нэг харсан чинь тоглолтын цаг болчихож. Бүгдээрээ сандраад гүйгээд ирсэн чинь багш яг үүдэн дээр шалны мод барьчихсан зогсож байна. Яваад орсон чинь өшиглөхийг нь өшиглөөд, шалны модоор хусахыг нь хусаад л…

Тэгээд биднийг урлагийн хүн тайз руу шууд гарахгүй гээд 00-д оруулаад бүгдийнх нь гарыг угаалгаад тайз руу гаргаж байлаа. Бидэнд жүжигчин хүн номерт гарахын тулд сандлаа яаж тавих вэ, өөрийн гэсэн хувийн орон зайг яаж бүрдүүлэх, сандал дээрээ хувцсаа яаж тавих, дараагийн номерийн хувцсаа яавал амархан авч өмсөх вэ гэдгээс эхлээд бүгдийг зааж өгсөн хүн дээ. Пионерийн ордонд Даваахүү багшийн шавь нар шиг мундаг шавь нар байхгүй мөртлөө багшийнхаа чихийг нь халууцуулдаг сахилгагүй хүүхдүүд бас байгаагүй.

-Миний бодоход оюутан ахуй үе маш богинохон мөртлөө хамгийн дурсамжтай дэврүүн сайхан үе шиг санагддаг. Тэгсэн мөртлөө хүн амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийг энэ л үед гаргадаг юм шиг. Таны оюутан үе…

-Яагаад оюутан нас хамгийн гоё дурсамжтай байдаг юм бэ?

-Харин тийм. Миний л хувьд хамгийн сайхан гэгээн үе…?

-Дунд сургуулийн хүүхдүүд бол бушуухан том болохсон гэж их хүсдэг байхгүй юу. Тэгэхээр тэр арван жил их удаан өнгөрдөг байна л даа. Том болж өгдөггүй. Дунд сургуулиа төгсөөд хүн амьдралынхаа маш чухал сонголтыг хийдэг. Ажил мэргэжлээ сонгох нь ирээдүйд би хэн байхав, хэн болох вэ гэдгээ үндсэндээ тодорхойлж байгаа юм. Сурагчийн ширээнээс их сургуульд орно гэдэг амьдралын асар том алхам хийж байгаа хэрэг биз дээ. Ерөөсөө, оюутан болонгуут зэрэгцээд хүний өмнө цоо шинэ ертөнц нээгдэж байгаа юм. Тал талаасаа янз бүрийн ааш араншинтай, магадгүй нас насны улсууд цуглаад хамт олон бүрддэг. Тэнд хүн төлөвшиж ирнэ.

Хүмүүстэй эвтэй байх, нийгэмжих асуудал бий болж байгаа хэрэг. Тэгээд сонгосон мэргэжлээ хэрхэн эзэмших вэ? Төгсөөд бүтээлч байдлаар хэрхэн хандах вэ? Хэр бүтээлч байдлаар хандав гэдгээс тэр хүний цаашдын амьдралын зам нь гэрэлтэй юу, бүдэг үү, бартаатай юу гэдэг нь тодорхойлогдоно. Энэ үедээ хүн бие физилогийн хувьд ч гүйцэд боловсорч эхэлдэг л дээ. Эрдэм ном үзэхэд потенциалтай, амьдралыг ойлгох ухаарах, хүнийг хайрлах, цаашлаад бэлгийн харьцаанд ороход ч бэлэн болдог.

Үүнээс улбаалаад оюутан насандаа амьдралын гол утга учир болсон гэр бүл, амьдралын ханиа сонгодог. Зарим нь, үр хүүхэдтэй болдог. За тэгээд үр хүүхэд гэдэг бол ээж болж байгаа охидуудад ч, аав болж байгаа хөвгүүдэд ч баяр баясгаланг авчирдаг. Зарим хүний хувьд бүтэхгүй байх тохиолдол бий л дээ. Гэхдээ л оюутан байх үед бүх юм анхны, бүх юм шинээр бий болдог учраас мартагдашгүй дурсамжтай хүний амьдралд үнэ цэнэтэйгээр дурсагдаж үлддэг байх.

Оюутан насны он жилүүд ард үлдээд хүн амьдралд орж ажлын талбар дээр гараад ирэхээрээ темөр замынхаар бол ёстой зүтгүүр шиг л зүтгэнэ дээ. Оюутан нас бол тэр чигээрээ эрх чөлөө байдаг ш дээ. Хичээлээс бусад цаг бол эрх челөөг мэдрэх цаг. Аа, амьдралд ороод ирэхээр ажил, ар гэр гээд үүрэг хариуцлага нэмэгдээд ирдэг.

Миний хувьд ч оюутан нас минь мартагдашгүй сайхан байсан. Д.Сүхбаатарын хэлсэн үг байдаг даа. “Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” гэж мөн айхтар үг шүү.

-Таны мэргэжлийн багш нар ямар хүмүүс байв?

-Миний мэргэжлийн багш гэвэл УГЗ Н.Ганхуяг, тайзны ярианы багш гавьяат багш Уртнасан гэж хүн бий. Энэ хоёр багшийнхаа бүтээгдэхүүн нь болж алхаж гишгэж явна даа. Ер нь, манай СУИС-ийн багш нар их чадалтай, хүнд их өгөөжтэй, шавь нарынхаа гарааг их сайн тавьж, арга барилыг зааж өгдөг сайхан хүмүүс байдаг. Тэндээс олон хүн урлагийн замд хөл тавьж байна даа. Нэг мэдэхэд өөрөө бараг багшлах дайнд очиж байх шиг байна ш дээ. /инээгээд/ Он жил ч хурдан юмаа.

-Ингэхэд та анхнаасаа найруулагч болъё гэж бодож байв уу?

-Үгүй ээ, би анх жүжигчин болъё гэсэн бодолтой байсан. Манай багш л чамд найруулах жаахан юм байна. Чи ер нь давхар сурахгүй юу гэсэн. Тэгээд багшийнхаа хэлснээр яваад жүжигчин, найруулагч гэсэн хоёр мэргэжилтэй төгссөн. Найруулагч бол бас их ховрын, асар их мэдрэмж, ур чадвар шаардсан мэргэжил шүү дээ. Энэ мэргэжилдээ дурлаж, илүү тэмүүлж, бахархаж явдаг юм. Шууд найруулагч болсноос жүжигчин байж байгаад найруулагч болох нь илүү, давуу тал ихтэй.

-Найруулагч гэдэг тал тапын мэдлэггэй ёстой “универсаль” хүний хийдэг ажил байхаа. Надад тэгж санагддаг юм…

-Найруулагч тухайн уран бүтээлийн эзэн нь шүү дээ. Хэрвээ муу болох юм бол найруулагчийн л хариуцлага. Сайн болох юм бол сайшаагдана. Нэг жүжиг 28 дүртэй байлаа гэхэд жүжигчин өөрт оногдсон дүрийнхээ зан характер гээд бүх талаас нь судална. Тэгвэл найруулагч жүжгийн 28 дүрийг бүгдийг нь бүх талаас нь судална. Нөгөө талаар зохиолын хэлэх гэсэн санаа, агуулгыг хүмүүст яаж хүргэхэв. Дээр нь, жүжгийн хөгжим байна.

Зайлшгүй хөгжмийн мэдлэг хэрэгтэй. Тайз чимэглэл гэхээр зургийн мэдлэг, дээрээс нь гэрэлтүүлгийн. Тайзан дээр хаанаас нь гэрэл яаж тусгах вэ гээд. Мэдээж, уран сайхны пантаз хэрэгтэй. Ургуулан бодох чадвар өндөр байхгүй бол найруулагч хүн явахгүй ээ. Найруулагч хүн бусдаас түрүүлж явах ёстой. Бусдад зөвлөгөе егч, бусдад толь нь болж явах ёстой. Жүжигчин хүн ард түмнээсээ түрүүлж алхах ёстой бол найруулагч жүжигчдээсээ түрүүлж алхаж байх ёстой.

Тэгж гэмээнэ нь бусдад итгэл үнэмшил төрүүлж, өөртөө итгэлтэй байиа. Тэр талаасаа бүх талын мэдлэгтэй байж сая найруулагч гэдэг нэрийг авч явах ёстой юм. Тэрнээс хэдэн юм холбож хаячихаад найруулагч гэх юм бол болохгүй л дээ. Гэхдээ энэ бол бүх насаараа суралцдаг мэргэжил. Би нэг үгэнд итгэдэг. И.Нямгаваа найруулагч хэлсэн гэдэг байхаа. Эсвэл өөр хүн ч хэлсэн юмуу “Найруулагч болдоггүй юмаа, найруулагч төрдөг юм” гэж. Тэр үнэн байх.

Тийм ч учраас найруулагч нар ховорхон байдаг. Зүгээр найруулагч гэдэг нэр зүүсэн хүн бол мянга түм л дээ. Яг амьдрал дээр өөрийгөө баталсан хүн ховор шүү.

-Их “нервтдэг” ажил байхаа?

-Аа, нерв зарах үедээ зарнаа. Гэхдээ аль болохоор нервтэхгүй ойлголцохыг хичээдэг. Хуучны найруулагч нар их орилж хашгирдаг гэдэг. Би бол тэр талаараа гайгүй шүү. Заавал “нервтэх” шаардлага юу байна. Хэл амаарай ойлголцоод хийчихэд болноо доо. Өөрөө л зовно доо.

-Таны найруулагчийн анхны бүтээл?

-Миний дипломын ажил Францын комед “Дурлалын мафи” гэж жүжиг. Хүүхэд залуучуудын театрын тайзан дээр тавьж байсан юм. Багш нарт үзүүлээд, үзэгчдэд ч тоглосон. Манай ангийнхан хонхны баярынхаа мөнгийг жүжгээрээ олж байлаа. Төгсөөд анхны бүтээл гэвэл Баабарын “Бооцоо” жүжиг. Тэр үед драмын театрын тасалбар 1200 төгрөг байхад “Бооцоо” жүжгийн тасалбарыг 10000 төгрөгөөр борлуулж, менежментийн шинэчлэл хийж байлаа.

Жүжиг дуутай байх ёстой, дуу нь клиптэй байх ёстой гэж.Үзэгчдийг театр руу татах алхмуудыг хийсэн л дээ. Өөрөөр хэлбэл, дур сонирхлыг сэдэлжүүлэх юм даа. Дээр нь жүжигчдийн менежментийг хийсэн. Энэ жүжигт хэнийг тоглуулбал үзэгчид илүү үзэх вэ гэдэг юм уу. Бас тухайн үеийн нийгмийн амьдрал, үзэгчид юу хүсэж байна гэдгийг харж байсан. Үзэгчдэд ямар эрэлт хэрэгцээ байна гэдгийг харахаас аргагүй үе байсан шүү дээ. Залуучуудад зориулсан жүжиг
85, 86 онд л тавигдаж байсан.

“Надаар тоглосон хайр” жүжиг бол Монголын залуучуудыг байлдан дагуулсан шүү. Тэгээд яахав дээ, ар араасаа уран бүтээлүүд хийгдээд эхэлсэн. Одоогоор 27, 28 жүжиг найруулсан байх. Гучаад жүжгийн гол болон туслах дүрд тоглосон. Уран сайхны кинонд өнгөрсөн жил хүч үзлээ. Сайхан л болсон.

-Тайз, дэлгэцийн бүтээл дээр ажиллахад хэр ялгаатай байдаг юм бэ?

-Хэдийгээр хоёр өөр зүйл боловч үндсэн суурь нь ижил юм. Тайзны бүтээл бол дуу хоолойноос эхлээд амьдрал дээр байдгаас илүү нэмж тоглох ёстой. Яагаад гэвэл, хамгийн арын эгнээн сууж байгаа үзэгчдэд хүргэхийн тулд. Кино бол яг байгаа орон зай, цаг хугацааг бодит объект дээр байгаа чигээр нь харуулдаг.

Гэхдээ уран сайхны юм байлгүй яахав. Найруулагчийн хувьд бол тайзны бүтээл нь нэг л тайзан дээр орон зай, цаг хугацааг тайз чимэглэлээр зохиомжилж илэрхийлдгээрээ онцлог. Кинонд бол далайн эрэг бол далайн эрэг дээр л очоод зураг авчихна. Тайзан дээр бол далайн эргийг яаж дүрслэх вэ гэхээр янз бүрийн аргаар илэрхийлж үзэгчдэд итгэл үнэмшлийг төрүүлдэг. Тайз, дэлгэцийн бүтээл дээр ажиллахад ондоо зүйл олон бий л дээ. Гэхдээ суурь нь ижил юмаа.

-Австрийн зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал”зохиолоос сэдэвлэсэн таны “Үл таних эмэгтэй” киног үзээд эмэгтэй хүний дотоод ертөнцийг их мэдэрч дээ гэж бодсон. Ер нь, эрэгтэй эмэггэй хүмүүсийн дотоод ертөнц асар их ялгаатай юм шиг. Гэхдээ үргэлж л бие биенээ таньж мэдэх гэж тэмүүлж байдаг. Бас нэг нэгэнгүйгээрээ бол мөн чанар, утгаа алдчихдаг юм болов уу гэж …

-Би эмэгтэй хүнийг эх дэлхий, эх булаг, юм бүхний эх үүсвэр гэж боддог. Эмэгтэй хүн бүрт сав байдаг биз дээ. Тийм учраас эмэгтэй хүнийг хайрлахгүй байхын аргагүй. Ээждээ хайртай хүн бол эмэгтэй хүнийг хайрлах л учиртай. Ээждээ хайргүй хүн ч гэж юу байхав дээ.

-Орчин үеийн бүсгүйчүүдийг та ямар байгаасай гэж боддог вэ? Одоо бол уламжлагдаж ирсэн ойлголт бас өөр болоод байх шиг байна л даа.

-Ерөөсөө би эмэгтэй хүнийг гоё ганганаасаа илүү ухаалаг, боловсролтой байгаасай гэж боддог. Боловсрол гэдгийг би олж авсан мэдлэгийг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгааг хэлдэг гэж боддог ш дээ. Тэрнээс сургууль төгссөн дипломыг хэлдэггүй байх. Боловсролтой эмэгтэй хэлж ярьж байгаа, алхаж гишгэх, хүнтэй харьцаж байгаагаасаа илт байдаг даа.

Хичнээн гоё ганган хувцастай, хэдэн ч гадаад хэл мэддэг байгаад олны газар биеэ авч явж чаддаггүй эмэгтэй хүн их муухай харагддаг ш дээ. Ухаалаг эмэгтэй хэнтэй хэдийд хаана уулзах вэ, уулзаад юу ярих вэ, тэр битгий хэл хэзээ орхиод гараад явах вэ гэдгээ хүртэл мэддэг. Энэ бол эмэгтэй хүний ухаан, мэдрэмж юм.

Чи хараарай, амжилттай яваа эр хүний ард заавал ухаантай эмэгтэйчүүд байж байдаг. Монголын түүхэнд мундаг ухаантай бүсгүйчүүд олон байсан даа. Тэрийг Монголчууд хатан Бөртэ, Мандухай, Ану, Сорхогтун бэхи гээд мундаг ухаантай хатад бий шүү дээ. Төрд хатан ухаан хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ дээр үеийн тэр мундаг хатад “за кадр”-аас үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байсан шүү дээ. Одоогийнх шиг УИХ-д тэдэн суудал өг гээд нэхээд яриад байгааг би ойлгодоггүй. Төрд эмэгтэй хүний үүрэг оролцоо байх ёстой. Гэхдээ тэргүүн эгнээнд бол биш байх.

-Танд чөлөөт цаг хэр гарч байна?

-Чөлөө, зав багатай. Одоо чөлөөт цагаараа л танд ярилцлага өгч байна шүү дээ. /инээв/ Цаг гарвал хааяа биллъярд тоглох дуртай. Ер нь, цаг зав гарахгүй юм. Ажлын төлөвлөгөөгөө өдөр өдрөөр төлөвлөчихдөг. Ажпаа амжуулах гэж амьсгаадаж гүйсээр байтал өдөр, хоног өнгөрч байна ш дээ. Орой очоод мангар юм шиг унтаж байгаад л, өглөө гарч ирж байна. Би найз нартаа миний залуу нас гэр, театр хоёрын хооронд л явсаар байтал дууслаа даа гэж хошигнодог юм. Залуу насанд баярлаж цэнгэх юм байлгүй л яахав. Гэхдээ хамгийн гол нь хүн бүтээлч байх ёстой л гэж боддог.

-Сайн жүжигчид найруулагч болсон, сайн найруулагч нар зохиолч болсон тохиолдол олон. Та зохиол оролдож байна уу?

-Сайн найруулагч нар зохиол бичдэг. Би жүжиг, кино зохиол бичих гэхээр үйл явдал өрнөлийг бол сайн гаргаж чаддаг. Нэг л юмыг чаддаггүй дээ.

-Юуг нь ?

-Дүрүүдийн харилцан яриаг үнэхээр чаддаггүй юм. Тэр бол их нарийн мэргэжлийн утга зохиолын хэл ярианы түвшинд хийдэг ажил юм шиг байна лээ. Миний бичсэн юм нэг л модон, гуриа болоод байгаа юм шиг санагддаг юм. Би чадахгүй юмаа чадахгүй л гэдэг.

-Танд бийр будаг өгөөд өөрийгөө зур гэвэл ямар өнгө сонгох вэ?

-Би зурганд үнэн авъяасгүй дээ. Та надаас өнгөний тухай асууж байгаа бол би амьдралыг хоёр л өнгөөр хардаг. Хар, цагаан. Янз бүрийн есөн шидийн өнгөнд дургүй. Амьдрал янз бүрийн өнгөтэй гэж хүмүүс ярьдаг л даа. Миний хувьд амьдралд зовлон, жаргал ээлжилдэг гэдэг шиг амьдрал бол хар, цагааны хослол гэж боддог. Хар цагааны нийлэмжээс янз бүрийн өнге гарч болох юм. Хүнд сайн явах үе ч бий. Алдаж эндэх ч үе бий. Дандаа цагаан явна гэж юу байхав. Хар, цагаанаас өөр өнгийг бол хааяа хардаг байх. Миний хувцасны сонголт хүртэл ихэнхдээ хар цагаан байдаг. Надад улбар, ногоон гэх мэт тод өнгийн хувцас байдаггүй. Хар цагаан бол сонгодог өнгө. Юм юманд зохицдог.

-Хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр. Таны уран бүтээлд ч хайр дурлалын сэдэв голлох байр эзэлдэг. Тэгэхээр хайрын тухайд та юу гэж боддог вэ?

-Хайрын тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Биднийг үүсэхээс өмнө аль дээр хүмүүс хайрын тухай ярьж л байсан байх. Хайрын мөн чанарыг хайдаг. Хайр чухам юу юм гэдгийг өөр өөрийн өнцгөөс хардаг, ойлгодог. Хайр бол сэтгэл, хайр бол хариуцлага гэх хүн ч бий. Ямар ч байсан ирээд буцдаг энэ хорвоод хүн хайрлах гэж, хайрлуулах гэж л ирдэг гэж ойлгодог. Хүн эцэг эхийнхээ хайраар өлгийдүүлж өсдөг, өндийдөг. Тэр хайрын үргэлжлэлээр өөрт шингэсэн

Тэгээд итгэлцэж гэр бүл, үр хүүхэдтэй болдог. Үр хүүхдээ хайрладаг. Цаашлаад эх орноо, газар шороогоо, өвөг дээдсээ эх түүхээ хайрлана. Хайр цаашлах тусам улам олон болж задарч байгаа биз? Тийм учраас эцсийн эцэст хайр бол хүн төрөлхтний үүсэл гэж хэлж болно.

Хайр байхгүй бол юу болох бол. Хүн хайраар дутдаг гэж байгаа ш дээ. Хайрлаж дурласан хүн чинь юманд шал өөрөөр ханддаг байхгүй юу. Юмыг гэрэл гэгээтэй талаас нь харж эхэлнэ. Энэ чинь бодит байдлаас сэтгэлгээний хувьд асар том ертөнц рүү орж байгаа хэрэг.

-Эх орноо хайрлах хайр л одоо бидэнд илүү дутаж байна уу даа гэж бодогдох юм?

-Эх орноо хайрлах хайр үүх түүхээсээ эхлэнэ гэж боддог. Хүн түүхээ сайн мэдэж байж эх орноо илүү хайрлана. Яагаад гэвэл, эх орон гэж юу юм бэ? Эрх чөлөө, тусгаар тогтнол гэж юу юм? Яагаад үүний төлөө манай өвөг дээдэс минь амь биеэ үл хайрлан халуун цусаа урсган байж бидэнд өдийг хүртэл евлүүлсэн юм. Ямар үнэ цэнэтэй юм гэдгийг ойлгоно. Эх орны илэрхийлэл нь газар шороо юм. Эх орноо хайрлах хайр их чухал юм даа. Яагаад бид зун болохоор сайхан агаарт гарах юмсан, хөдөө явахсан гэж хүсдэг билээ. Тэндээс хүн юу хүсээд байгаа юм бэ? Байгалийн цэвэр онгон сайхныг хараад таашаал, мэдрэмж авах гэж тэр. Хүн тэнд таатай байна. Яагаад гэхээр, хүн өөрөө бас байгалийн бүтээл байхгүй юу.

Хүн бол байгалиас мөнхийн уяатай. Тэгсэн мөртлөө уяагүй юм шиг загнадаг байхгүй юу, муухай нь. Жишээ нь, хэн ч нарсан ойн цоорхойд очихыг хүсдэг биз дээ. Тэгээд яагаад тэрийг юу ч үлдээгүй тайраад торхон байшин бариад байгаа юм бэ?/инээв/ Хүн усгүйгээр амьдарч чадахгүй. Хүний биеийн 80 хувь нь ус. Тэгээд яагаад голынхоо ундарга руу хог шороогоо хийгээд байгаа юм бэ? Тэгээд бас гол дээр очъё гээд байнаа. Хувиа хичээж байгаа байхгүй юу. Өөрөө л болж байвал бусад нь хамаагүй. Их муйхар бодол шүү.

Тэр хүнээс гарах үр хүүхэд, үр хүүхдээс нь гарах үр хүүхэд голын эрэг дээр очиж байгалийн сайхныг мэдрэх хувьгүй хүмүүс болж таарч байна уу. Тэрийг бодохгүй хүн олон байна. Тэгэхээр муухай амиа хичээсэн эвгуй амьтан байгаа биз. Байгаль гэдэг бол еөрөө эх орон. Бидэнд өнөөдөр дэлгэсэн гар шиг сайхан эх орон байна. Газар зүйн байршлаар нь аваад үзсэн ч дэлхийн зүрхэнд оршдог эх оронтой улс шүү, бид.

-Монголчууд бид үнэхээр азтай ард түмэн шүү. Харин бурхнаас өгсөн байгалиа устгаад дуусахаасаа өмнө ухаарцгаах байлгүй дээ гэж найддаг.

-Дээрээс нь, манайх далайн түвшинөөс 1500 метрийн өндөрт өргөгдсөн. Өндөрт байх тусмаа хүмүүсийн оюун санаа илүү хөгжингүй байдаг гэж байгаа юм. Жишээ нь, манай эх орон жилийн дөрвөн улиралтай. Үргэлж зунаараа байдаг Хавай юу нь сайхан байгаа юм. Бидний амьдрал тэднээс хамаагүй сонирхолтой шүү. Өвөл болохоор наад зах нь цана чаргаар гулгаж цэвэр агаараар амьсгалдаг биз дээ. Зуны цэнгэг агаар, намрын алтан шаргал өнгө ийм сонирхолтой цаг агаартай орон ховор. Хүйтэн газрын хүмүүсийн тархи нь том, сэтгэлгээ нь өндөр байдаг. Халуун орны хүмүүсийн тархи нь жижигхэн байдаг гэдэг.

-Ингэхэд та магтаалд дуртай юу?

-Дуртай. Манай Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай “Зэмлэл маггаал хоёрыг зэрэг дааж яваарай” гэдэг. Магтуулаад, хөөрөөд нисээд явчихаж болохгүй. Зэмлэлд бас дуртай. Зэмлэлээс хүн ухаарал олж авдаг байхгүй юу. “Чингэлэг сургаалаас чимх ухаарал дээр” гэж. Гоё үг байгаа биз дээ. Зэмлүүллээ гээд урвайгаад байж болохгүй, маггууллаа нисээд байж бас болохгүй л дээ. Хүн магтуулж урмаар тэгжээгдэж байхгүй бол явахгүй шүү.

-Зэмлүүлсэн нь магтуулснаасаа олон уу, цөөн үү?

-Зэмлүүлнээ. Магтуулж ч байдаг. Гэхдээ магтаал дотроо олон янз шүү. Хүнийг зүгээр худлаа хөөрөгдөөд байна уу, үнэн голоосоо магтаж байна уу гэдгийг би чинь бас мэднэ ш дээ. Надад хүмүүсийн магтаалаас илүү үзэгчдийн сэтгэлийн үг сайхан. Зэмлэлийг бас сонсож сурах хэрэгтэй. Ер нь, зэмлүүлдэггүй хүн байдаг юм уу. Би тийм төгс төгөлдөрийг хараагүй.

Ямар ч мундаг хүнд алдаа байдаг л байхгүй юу. Тэрийг харин ямар хүн хэлэх вэ гэдэг нь сонин. Хэлэх хүнгүй болчихно гэдэг… Өнөөдөр намайг алдаа гаргахад зэмлэх хүн олон байвал би азтай байна. Надад хэлэх хүн байхгүй болчих юм бол ёстой аймшиг. Хэлэх хүнтэй, дээрээ ахтай, дэргэдээ нөхөртэй, дороо дүүтэй байх шиг сайхан юм байхгүй.

Хэрвээ хэлэх хүнгүй болсон бол тийм том толгойтой болоод уу, эсвэл тийм хүйтэн хөндий болсноос л байх. Магадгүй өтөл насан дээрээ яваа хүмүүст хэлэх хүн байхгүй байж болно. Тэд хүмүүст үг хэлэхээс гадна өөрөө хүнээс үг сонсохсон гэж бодож байж болно ш дээ. Загнуулах аавтай, ээжтэй ч болоосой гэдэг үг байдаг даа.

-”Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр хэзээ энгэрээ мялаасан бэ?

- 2003 онд. 2006 онд “Алтан гадас” одон авсан.

-Энэ одон тэмдгийн талаар хүмүүс янз бүр л ярих юм. Одон өгч байхаар амьдралд нь нэмэр болохоор санхүүгийн дэмжлэг үзүүлж баймаар юм гээд л…

-Энэ өөрөө социалист системийн үед бий болоод ирсэн юм. Социализмийн үед бүх юм нэгэн жигд. Хүмүүс ч ялгаагүй. Тэдэн дотроос бусдыгаа манлайлж гарч ирсэн хүмүүсийг урамшуулах зорилгоор одон тэмдэг, гавъяат, ардын гэсэн цолоор шагнаж ирж. Би бодохдоо, гавьяат цолыг мэдээж нийгэмдээ гавьяа байгуулсан хүнд өгдөг байх гэж. Тэрнээс нэг хүнд гавьяат цолыг зургаан мянган төгрөг дагуулаад өгнө гэдэг утгагүй л дээ. Нөгөө талаар, гавьяат цолыг өгөх шалгуур нь их бүрхэг санагддаг. Яг ямар гавьяа байгуулсан хүнд энэ шагналыг өгөх ёстой юм бэ? гэдэг бас сонин. Шалгуур нь тодорхойгүй. Үнэхээр гавьяа байгуулсан хүнд өгөх нь зөв өө. Шагнал нүдээ олно гэж ярьдаг даа. Нүдээ олоогүй шагнал бас байнаа.

Хэдхэн дуу дуулсан хүн ч, ганц хоёр кинонд тоглосон хүн ч гавьяат авч байна. Лоббиддог юм нь хэтэрчихсэн л дээ. Үүнийг надаар хэлүүлэлтгүй ард түмэн ярьж байна. Бас нэг өрөөсгөл ойлголт манайханд байнаа. Хүнийг насаар нь ажиллуулж, ажиллуулчихаад олон жил ажилласан учраас гавьяат өгөх гээд байгаа ч юм шиг. Тамирчдад бол энэ шалгуур бас тодорхой байдаг. Урлагийнханд бол тодорхойгүй харагддаг. Насны тоогоор юм уу, бүтээлийн чанараар юм уу? Шалгуур нь тодорхой болчих юм бол “Энэ юу хийсэн гэж гавьяат болдог юм” гэдэг явган яриа оргүй арилна.

“Та ийм ийм бүтээл хийж, ингэж гавьяа байгуулсан учраас гавьяат цол олголоо” гэдгийг нь нийтэд зарлах хэрэгтэй ш дээ. Тэрнээс хоёр хүн хоорондоо ярьж, сууж байгаад нээрээ тэр надад сайн ханддаг юм шүү тэрэнд өгчихье байз гэж байгаа юм шиг хавтгайруулж өгөөд байгаа учраас шагналын үнэлэмж буураад байгаа байх. Шагналыг яг яаж өгдгийг би мэдэхгүй юм.

Нүдээ олсон шагналд бол авсан эзнээсээ гадна ард түмэн баярладаг байхгүй юу. Аливаа шагнал хүнд цаашдаа ихийг бүтээх урам зориг, бас хариуцлага өгч байгаа гэж боддог ш дээ. Зарим хүмүүс болохоор аваад бараг чимээгүй болчихдог юм. За, за боллоо доо гэж бодоод байна уу, үгүй юу. Бараг тэрний төлөө явж байгаа юм шиг.

-Цол дагаж бяр гэдэг шиг уран бүтээлчдэд бол бяр өгнө биз?

-Шагнал бас хүнд юм өгдөг л дөө. Шагналын нэр хүндийг дааж явна гэж нэг юм байна. Дааж явахын тулд ухаан зарна. Манайлагч байхыг бодно. Олны газар нэр төрөө, хэлэх үгээ цэнэнэ гээд янз бүрийн бодол бас шагнал авсан хүнд бодогдох ёстой. Надад л тэгж санагддаг юм. Гэхдээ тэр авсан хүмүүс нь тэгж бодож байна уу, үгүй юу гэдгийг ёстой мэдэхгүй. Гэхдээ одоогийн нийгэмд шагнал хүний амьжиргаанд нөлөөлөхүйцээр л байх ёстой юм болов уу даа. Монгол улсад, энэ нийгэмд, ард түмэнд хэрэг болохуйц гавьяа байгуулсан юм бол 50, 60, 70 сая төгрөгийг өгчихөд яахав дээ, тиймээ.

Тэгвэл энэ шагналыг чинь тэгж бөөндөөд байхгүй ш дээ.

-Залуу хүний хувьд өнөөгийн нийгмийн талаар ямар бодолтой явна вэ?

-Одоо яахав дээ. Хэдэн хүн улс орноор яаж наадаж байна гэдэг алган дээр байгаа юм шиг л харагдаж байна. Хэн хэлсэн гэлээ “Ард түмэн бол цагаан цаас юм. Тэрэн дээр юу бичих нь бидний асуудал” гэж. Тэгж бас болохгүй л дээ. Монголын ард түмэн бол арай өөр ард түмэн шүү. Тэнгэр заяат ард түмнээр ингэж наадаж болохгүй л дээ. Ингэж газар шороо, байгалиа сүйтгэж. /хэсэг бодолхийлэв/

Үйлийн үр гэж нэг юм байдаг даа. Энэ насандаа сайн сайхан үйл хийвэл үр хойч нь үеийн үед жаргадаг. Үгүй бол үйлийн үрээ эдэлдэг жамтай. Мэдээж, түүхэндээ баян хоосны ялгаа байсан. Байсаар ч ирсэн. Байх ч болно. Гэхдээ тэр дунд дундчууд байх ёстой байхгүй юу. Дунд давхаргынхан нийгмийг авч явдаг гэдэг. Дунд давхаргынхан сэтгэл ханамжтай байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд тэр дунд давхаргынхан байхгүй болчихоод байна. Дунд давхаргынхныг бүрдүүлэхийн тулд дундаж гэдгийг тодорхойлох ёстой. Өнөөдөр ямар хүмүүсийг нийгмийн дунд давхаргынхан гэх юм гэдгийг… Би тэгж л бодож байна.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг таны уран бүтээл рүү хандуулъя. Дахин кино хийх үү?

-Ч.Лодойдамба гуайн зохиол “Гарын таван хуруу” -гаар кино хийнэ. Зохиол маань ерөнхийдөө бэлэн болсон зургандаа гарах дөхөөд байна. Ч.Лодойдамба гуайг би Монголын цараатай том зохиолч юмаа гэж бодож явдаг. Үнэхээр гайхамшигтай. Энэ зохиолоор кино хийх эрхийг нь авсан. Энэ хавраас зураг авч эхлэх байх.

-Урлаг хүнийг зугаацуулж, цэнгүүлэхээс гадна хүмүүжлийн ач холбогдолтой шүү дээ. Тиймээс гарч байгаа бүтээлүүд тодорхой шүүлтүүрээр орж байж үзэгчдэд хүрдэг баймаар санагддаг.

-Манай театрын хувьд бол хуучин академик театрын суурь, арга барил нь байж байна шүү дээ. Бидний шинэ уран бүтээл үзэгчдэд хүрэхээсээ өмнө заавал Уран сайхны зөвлөлийн шүүлтүүрээр ордог. Кинонд бол хэн нэг дурны “баагий” зохиол бичээд, камер авч гараад л зураг аваад л үзэгчдэд хүргэж байна л даа. Шүүлтүүр цензургүй. Тийм учраас сайн дурын уран сайханчид гэдэг шиг мөнгө олох гэсэн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн нөхдүүд кино хийгээд л. Тэгээд үзэгчдийн тархийг угаагаад.

Тийм киног үзэгчид яагаад үзээд байна гэхээр, өөрт нь хөнгөн, тархи толгойгоо зовоохгүй, юм бодож гашилгахгүй байх сонирхолтой. Өөрөөр хэлбэл, оюуны залхууралд орчихсон. Одоо гарч байгаа киног мэргэжлийн хүмүүс суугаад үзвэл түмэн алдаа гарна. Тийм юм хийж байгаа хүмүүсийг урлагийн алуурчид л гэхээс өөр юу гэхэв. Кино үйлдвэр ч байхгүй болчихлоо. Тэгэхээр арга ч үгүй юм даа.

Гэхдээ яахав үүнийг цаг хугацаа өөрөө шүүнэ. Урлаг судлаачид, мэргэжлийнхэн нь шүүдэггүй юмаа гэхэд цаг хугацаа шүүнэ. Энэ их хатуу шүүлтүүр шүү.
Кинонд тоглож байгаа жүжигчид ч гэсэн бодмоор. Кино хийж байгаа нөхөд сүүлийн үед олны танил хүмүүсийг кинонд тоглуулдаг болсон байна. Би бол тийм юманд ясны дургүй. Мэргэжлийн жүжигчид л тоглох ёстой. Нэг дуучин, рок нөхөр тоглож байгаа харагдах юм.

Худлаа үнэн тоглосон болж байгаа юм. Яахав, Холливудад олны танил дуучид кинонд тоглодог л доо. Тэднийг тоглуулахын тулд асар их хөдөлмөрлөсний үндсэн дээр тоглуулж чадсан юм. Манайхан болохоор шууд аваад тоглуулсан болдог.

Үнэндээ, нүүр улаймаар. Аль аль талдаа халтай менежментийн асуудлууд байна л даа. Чи хараарай хэзээ ч кинонд тоглосон дуучин, юмуу бүжигчин “Оскар” авдаггүй л байхгүй юу.

Б.Гинжинлхам
Эх сурвалж: “Ган зам”

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top