Налайх дүүргийн Хаан банкинд гарсан халдлагын цаад зорилгын талаар шинэ мэдээлэл ирлээ. Банкны салбарын эрхлэгчийн өрөөнд Сонгинохайрхан дүүргийн иргэн 25 настай сэжигтэн Б “Би сэтгүүлч байна” хэмээн худлаа хэлж өрөөнд нь нэвтэрч оржээ. Тэр оронгуут хаалгыг дотроос нь түгжсэн байна. Банкны эрхлэгч, сэжигтэн хоёрын хооронд маргаан үүсч, дуу чимээ гарсны улмаас эхнэрээ хот руу авч явахаар хүлээж байсан нөхөр нь өрөөнд орж буудуулжээ. Гэмт хэрэг өдүүлсэн этгээдүүд хоёулаа байсан тухай бид мэдээлсэн. Банкны ажилтнууд болон хамгаалалтын ажилтнууд дүүргийн цагдаагийн хэлтэст яаралтай хандсан ба цагдаагийнхан шуурхай арга хэмжээ авч гэмт этгээдүүдийг баривчлан саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэмт халдлагыг банкны салбарыг дээрэмдэх зорилгоор үйлдэгдээгүй гэж үзэж байгаа бөгөөд хувийн өш хонзонгийн улмаас урьдаас бэлтгэж үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Хэвлийн тус газраа буудуулсан хохирогчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд Налайх дүүргийн эмнэлэгт хүргэсний дараа цэргийн Госпиталаас шуурхай тусламжийн баг очиж ажилласаар байна. Манай сайтын шуурхай сурвалжлах алба газар дээр нь ажиллаж байна. Бид удахгүй шинэ мэдээллийг хүргүүлэх болно.
М.Цэцэгдэлгэр
Сэтгэгдэл ( 0 )