Шуурхай мэдээ: Б.Өлзийсайхан: ”Хохирогчийн биеийн байдал хүнд байна”

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 03


 Налайх дүүргийн Хаан  банкинд  өнөөдөр бага үдийн үед хэвлий тус газраа буудуулсан хохирогчийн биеийн байдал маш хүнд байна.  Өглөө 11 цаг 35 минутаас эхэлсэн түүний хагалгаа одоо хүртэл дуусаагүй байгаа бөгөөд түүний ар гэрийнхэн бүгд иржээ. Тэд хохирогчийн  биеийн байдлыг харзнаж байж яриа өгнө гээд  хэвлэлд яриа өгөхөөс татгалзаж байна.  Бид Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайханаас тодруулга авлаа.

 Өвчтний биеийн байдал ямар байна?

-Өнөөдөр өглөө 11 цаг 30 минутын үед банкинд хоёр хүн буудууллаа гэсэн дуудлага манайд ирсэн. Уг дуудлагын дагуу хэргийн газарт очиж, хохирогчдод анхны тусламж үзүүлэн, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Одоогоор хэвлийн тус газраа буудуулсан  эрэгтэйн биеийн байдал хүнд байна. Цус ихээр алдаж байна. Бид Эрүүл мэндийн яам руу холбогдож яаралтай үед ашигладаг алсын түргэн тусламжийн баг авч ирсэн. Хагалгаа хэдэн цаг үргэлжлэх болон хагалгааны дараа ямар үр дүн, хүндрэл гарах эсэх талаар одоогоор хэлэх боломжгүй байна.

-Гарандаа буудуулсан хүний хувьд? 

 Бид хүнд хүн дээрээ гол анхаарлаа тавьж байгаа. Түүний хувьд ямар нэг хүндрэл гараагүй тул боолт хийгээд явуулсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.   Налайх дүүрэгт ажиллаж байгаа сайтын сурвалжлах баг энэ талаар эргэн мэдээлэх болно.

Д.Төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top