Өнөөдөр өглөө 11:50 минутын орчимд Налайх дүүргийн Хаан банкны салбарт зэвсэглэсэн гэмт этгээд халдаж, хоёр хүнийг буудаж гэмтээсэн онц ноцтой хэрэг гарсан талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлж, газар дээрээс нь шуурхай сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Нийгмийг цочроосон энэхүү хэргийн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хэрэг явдал Монгол улсын үндэсний хэмжээний томоохон банк болох Хаан банкны Налайх дүүрэг дэх салбар тооцооны төвд болсон. Гэмт этгээд хэргийн газарт өглөө явж орсон бөгөөд улмаар банкны салбарын эрхлэгчийн өрөөнд “Би сэтгүүлч байна” хэмээн худал ярин орж хаалгыг нь дотроос нь түгжсэн байна. Эхнэрийн хамт хот орохоор гадна нь хүлээж байсан салбарын эрхлэгчийн нөхөр өрөөнд явж оржээ. Гэмт этгээд банкны салбарын эрхлэгчийн нөхрийг буудаад хоёрдугаар давхарт байрлах түүний өрөөнөөс зугтаан гарсан байна. Банкны хамгаалалтын ажилтнууд түүний араас гүйн гарахад гэмт этгээд хоёр дахь удаагаа байшингийн хоёр давхрын цонх руу буудаад өөрийг нь хүлээж байсан машинд суун зугтсан ажээ. Гэмт этгээдийг баривчлах үед зугтаасан машиныг цагдаагийнхан түүний хамсаатан гэж сэжиглэж байсан ч түүнд барьцаалагдсан таксины жолооч байжээ.
Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяраас энэ талаар тодруулахад “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 26 настай Д гэх эрэгтэй урьдаас бэлтгэсэн байдлаар энэ хэргийг үйлдсэнийг урьдчилан тогтоогоод байна. Сэжигтэн Д нь “Хаан” банкинд дээрмийн халдлага хийх зорилгоор халдаж, хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасан. Тэрбээр Улаанбаатар хотоос Налайх руу такси хөлсөлж ирсэн байна. Банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан ч хараахан мөнгө авч чадаагүй ажээ. Улмаар хотоос авч ирсэн таксигаа барьцаалан, замдаа бусдыг сүрдүүлсэн Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буугаа нуусан. Сэжигтэн Д-г Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос баривчилж, аюулгүй болгосон. Сэжигтний хэргийн газраас зугтаж явахдаа нуусан бууг цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд олсон. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж мэдэгдлээ.
Сэжигтэн Д нь хохирогч нарыг урьд нь таньдаг байсан учраас дээрэм хийхдээ хувийн өш хонзонгийн давхар сэдэлтэй байсан байж болзошгүй гэж эх сурвалж таамаглаж байгаа. Цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай ажилласны хүчинд гэмт этгээдийг баривчилж, дахин хүний амь нас эрсдэх, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж чадлаа. Хааны банкны зүгээс одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин зарим нэг мэдээллийн хэрэгслэлээр гарсан “Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөнд хүмүүс оочерлож байхад хэрэг гарсан” гэдэг мэдээллийг тус банкны мэргэжилтэн Солонго үгүйсгэсэн юм. Хаан банк 2-р сарын 21 мянгыг тарааж эхлээгүй байгаа аж.
Буудуулсан хохирогч эхнэрийнхээ урдуур орж, өөрөө буудуулсан бөгөөд одоогоор нэг бөөрөө авахуулж, Налайх дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт үргэлжлүүлэн эмчлүүлж байна. Хэвлийдээ буудуулснаас их хэмжээний цус алдаж, хүнд хагалгаанд орсон учраас хохирогчийн биеийн байдал нэлээд хүнд байна. Харин гэмт этгээдийн суманд өртсөн хоёр дахь хохирогч эмэгтэйн нэг хуруу гэмтсэн ажээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
М.Цэцэгдэлгэр
Сэтгэгдэл ( 0 )