Ш.Энхбаатар: Хүмүүсээ, биеэ хайрлаарай

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 04

Айлаас эрэхээр авдраа уудал гэсэн үг бий. Тэгвэл авдраа уудлаад уудлаад  байхгүй бол яах вэ? Ийн арга мухардсан нэгэн бидэнд хандлаа. Түүнийг Ш.Энхбаатар гэдэг. Одоо 38 настай. Магадгүй энэ нас эр хүний жинхэнэ амьдралыг мэдэрдэг үе байх гэж бодож байна. Гэвч энэ л үед нь түүнд цусны хорт хавдар хэмээх аймшигт өвчин тохиолджээ. Гэхдээ энэ өвчин нь эдгэхгүй биш эдгэнэ. Харин түүнийг эдгээхийн тулд 200 сая төгрөг хэрэг болох юм байна. Налайхын уулын орой дээр радио холбоо дамжуулах газарт биднийг телевизийн олон суваг үзэх боломжоор хангаж ажилладаг түүнд гэнэт л энэ аймшигт өвчин ирсэн байна. Харин бид түүнд багахан ч болов сэтгэлийн дэм өгөх зорилгоор танилцах ярилцлагаа ийнхүү өрнүүлсэн юм.

 Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

 Сайн байна уу? Намайг Ш.Энхбаатар гэдэг. Би Мэдээлэл Холбоо Сүлжээ  компаний Налайх дүүргийн сүлжээний газрын “3К” станцын цахилгаан тэжээлийн монтёр ажилтай.

 Таныг маш хүнд өвчин туссан гэж сонслоо. Анх энэ аймшигт өвчний талаар сонссон тухай асуувал болох уу?

Харин тийм ээ. Цусны өвчин ер нь маш хэцүү байдаг юм байна. Өмнө нь ямар ч зовиур мэдэгдэж байгаагүй. Саяхан шинэ жилийн өмнөхөн бие сульдаад л, ядраад л, амьсгаадаж, зүрх дэлсээд байсан юм. Хүмүүс цус багадалттай байна, царай чинь цонхийчхож гэхээр нь эмнэлэгт үзүүлтэл яаралтай хэвт гэсэн. Тэгээд л шинжилгээний хариу 78 хувийн цусны хорт хавдартай гэж гарсан.

Нөгөө өвчин зовлон хийсч ирдэг гэж… Гэхдээ эмчлэгдэнэ биз дээ?

Яг л үнэн үг юм билээ. Маш хүнд шүү дээ. /хэсэг чимээгүй суув/ Эмчлэгдэнэ л гэж бодож байгаа. Эмч нар бол гам сайн барих хэрэгтэй гэсэн. Энэ өвчин ямар ч хүнд тохиолдож болдог гэсэн. Яг юунаас болсныг нь би өөрөө сайн мэдэхгүй байна. Олон янз байдаг гэсэн. Манай удамд лав ийм өвчтэй хүн байгаагүй. Хэвтэж байгаа хүмүүсийг анзаараад байхад бүгд л дэлүү муутай хүмүүс байх юм. Дэлүү чинь цусыг шүүдэг хамгийн гол эрхтэн юм байна лээ. Тэгэхээр хүн болгон дэлүүгээ маш сайн хайрлаж явах хэрэгтэй юм билээ. Дэлүү доргилоо гээд л яриад явдаг сүүлдээ цусны өвчин болдог юм байна.

Та ер нь ямар нэгэн өвчнөөс сэргийлж эмнэлэгт үзүүлж байгаагүй юм уу?

Өдий болтол ёстой эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хааяа л нэг ханиад шуухинаа хүрнэ. Эм тан уухдаа уугаад, уухгүйдээ уухгүй, зөнгөөрөө явж байгаад л эдгэчихдэг байсан. Харин одоо бодоод байхад бидний ийм хайнга ханддаг хэвшил их эвгүй, эрсдэлтэй юм байна гэдгийг одоо ойлгож байна. Өөрийн жишээн дээрээс харж байхад эмнэлэгт тогтмол үзүүлэх ёстой юм байна. Жилд нэг удаа хэрэг болгоод эмнэлгээр явбал дараа нь арай ч ингэж амаа барихгүй л байсан байх. Хорт хавдар гэдэг чинь хүний биенд огт мэдэгдэхгүйгээр урт удаан хугацааны турш бүрэлддэг юм байна лээ. Би цаг тухайд нь эмнэлэгт үзүүлж, харуулаад явсан бол өнөөдөр ингэж суугаа ч уу, үгүй ч үү. Өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг юм байна шүү дээ. Дээр нь эрэгтэй хүн ялангуяа шингэн юм сайн уух хэрэгтэй юм билээ. Эмэгтэйчүүд шиг сар бүр цусаа цэвэршүүлж чаддаггүй болохоор цусны өвчинд өртөх магадлал эмэгтэйчүүдийнхээс хамаагүй их байдаг гэсэн. Тэгэхээр нийт залуустаа шингэн юм сайн уу, дэлүүгээ цохиулж, доргиож бэртээхээс үргэлж болгоомжилж байгаарай гэж хэлмээр байна.

Нэгэнт ийм өвчин туссанаас хойш ялна гээд л зүтгэх хэрэгтэй. Хорт хавдрыг сэтгэл зүрхээрээ ялсан хүн олон байдаг юм билээ. Та ч гэсэн сэтгэл өөдрөг байх хэрэгтэй шүү дээ. Солонгос явлаа гэхэд ямар эмчилгээ хийх юм байна?

Минийх шиг энэ өвчнийг Солонгост чөмөг шилжүүлэн суулгаж эмчилдэг гэсэн. Чөмөг шилжүүлэн суулгаад эдгэсэн хүн бас олон байдаг гэж сонссон.

Харин донорыг нь яаж сонгодог юм бол?

Гэр бүлээс нь авдаг гэсэн. Яг авах дээрээ тулбал ах дүү нар бүгд шинжилгээ өгөөд таарах нь явна гэсэн. Донороос аваад хийлээ гэхэд авахуулсан хүнийх нь гүйцэж төлжих хүртлээ бас их уддаг юм шиг байна лээ. Ямар ч байсан тэнд очоод нэг, хоёр сардаа байнга л эмнэлэгт байх юм шиг байна лээ.

Та эдгэнэ гээд л үргэлж сэтгэл өөдрөг байгаарай. Таныг эдгэнэ гэдэгт би маш их итгэж байна. Танд эрүүл энхийг хүсье.

 Баярлалаа. Та бүхний ажилд бас өндрөөс өндөр амжилт хүсье. Эрүүл мэндээ үргэлж хайрлаж яваарай. Хүн эрүүл явна гэдэг хамгийн нандин жаргал байдаг юм шүү дээ. Эрүүл байж хүссэн зорилгодоо бас хүрч чадна шүү дээ.

Үнэнийг хэлэхэд түүнтэй энэ сэдвээр ярилцах үнэхээр хэцүү байлаа. Юм асуухаар бодлогошироод суучихна, бас түүнд хүнээс мөнгө гуйна гэдэг маш хэцүү байгаа бололтой. Төлбөр мөнгөний талаар үг унагахгүй, ерөөсөө л миний жишээ ийм байна, та бүхэн өвчнөөс сэргийлээрэй гэсэн үнэн дээр тулгуурласан зөвлөгөөг хэлж байв. Тэрээр эцэг, эхээс олуулаа ч үнэнийг хэлэхэд хоёр идэхгүй, хоосон хонохгүй жирийн л амьдралтай хүн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Бага охин нь 12, том нь 18 настай. Тэрээр хоёр хүүхдээ хоолонд хүргэх эцэг хүний үүргээ биелүүлж, эхнэртээ хань шиг хань нь баймаар байдаг гээд л бас л таг болчих юм. Харин бид энэхүү ярилцлагаа үргэлжлүүлэхээр түүний эхнэр Ж.Алтанцэцэгтэй бас ярилцсан юм. 

Европ эмчилгээ хийлгэх гэхээр 200 сая төгрөгийн асуудал байгаа юм аа даа?
Чөмөг суулгах хүн, суулгуулах хүний төлбөр тооцоо нийлээд 200 сая төгрөг болох юм билээ. Ер нь манай Монголд удахгүй бас чөмөг шилжүүлэн суулгадаг болох гэж байгаа гэсэн. Гэхдээ одоо эхлээгүй ажлыг хүлээвэл манай Ш.Энхбаатар маань хэцүүднэ л дээ.

Үнэнийг хэлэхэд 200 сая төгрөг гэдэг хэн хүнд чанга сонсогдож байна. Танайханд энэ мөнгөний хэчнээн нь байгаа юм бэ?
Яг тэд гэсэн тоо бол алга. Хурааж хуримтлуулсан юмгүй хүмүүс хэцүү юм байна. Ганц манайхан ч биш, монголчуудын олонх нь өдөр  аргацааж амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ бид олуулаа болохоор хамаг байдгаа л шавхана гэж бодож байгаа. Гэхдээ шавхаад, шавхаад 200 сая болтлоо үнэхээр хэцүү л дээ. 

Одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа юм бэ?
Химийн эмчилгээнд орж байгаа. Химийн эмчилгээ нь хавдрыг нь цааш тархаахгүй сайн талтай ч дотор эрхтэнд нь маш муугаар нөлөөлдөг гэсэн. Цусны хорт хавдар туссан хүмүүс яг энэ өвчнөөрөө биш, хоёр дахь өвчнөөр бас өнгөрөх нь элбэг байдаг гэж эмч нь бас хэлж байсан.

Тэгвэл хурдхан шиг л чөмөг шилжүүлэн суулгуулах хэрэгтэй юм байна даа?

Харин тийм ээ. Дээр нь ямар ч дархлаагүй болгочихдог юм байна. Өдөр болгон халуурна. Хажуугаар нь ширүүхэн салхи татуулаад өнгөрөх төдийд л ханиалгаад эхэлнэ. Манайх гэр хороололд амьдардаг айл. Ямар сайндаа модон 00-д орж байгаад хатгаа аваад эгчийндээ ирж суух вэ. Цус сэлбүүлсэн өдрөө бие нь арай гайгүй, тэгээд л маргаашнаас нь нурмайчихаж байгаа юм. Ер нь хорт хавдруудаас хамгийн хүнд хавдар нь цусных байдаг юм билээ. Элэг, бөөр бол яахав, бүхэл эрхтэн болохоор болохгүй байгааг нь тайрч аваад, шинийг суулгачихаж болдог юм байна. Харин цусны хавдар их хүнд юм.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Ханиа сайхан эмчлүүлээд гараас нь хөтөлж сайхан амьдраарай.

Баярлалаа. Та бүхэнд ч бас сайн сайхан бүхнийг хүсье. 

Нэг өдөр нэг хором ч үнэтэй байгаа түүнд таны гэр бүлийн хандив асар их сэтгэлийн тэнхээ өгөх болно. Үнэт цагаасаа өчүүхэн ч гэсэн гаргаж саатан уншсан сайхан сэтгэлд тань талархъя.
Ид хийж бүтээх насандаа хүнд өвчинд нэрвэгдсэн түүнд үнэхээр сэтгэлийн хандив чухал хэрэгтэй байна. Хэр баргийн юманд нугардаггүй эр хүн танаас тусламж хүсч байна. Та чин сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг хүсвэл:

Голомт банк: 2205030809
Хаан банк: 5020836954
Хадгаламж банк:
10420008331 дансаар
шилжүүлээрэй. 
Утас: 9907-8194, 9600-8216

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top