Налайхад буудуулсан хохирогч эрэгтэй нас баржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 04


 

 Өчигдөр буюу хоёрдугаар сарын  3-ны  11:50 минутын орчимд Налайх дүүргийн Хаан банкны салбарт зэвсэглэсэн гэмт этгээд халдаж, хоёр хүнийг буудаж гэмтээсэн онц ноцтой хэрэг гарсан талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлж, газар дээрээс нь шуурхай сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Гэмт этгээд банкны салбарын эрхлэгчийн өрөөнд “Би сэтгүүлч байна” хэмээн худал ярин орж хаалгыг дотроос нь түгжсэн байна. Өрөөн дэх хүмүүс маргалдан дуу нь өндөрсөх үед эхнэрийн хамт хот орохоор гадна нь хүлээж байсан салбарын эрхлэгч Туяагийн нөхөр н.Батбаатар  өрөөнд явж оржээ. Тэр зэвсэглэсэн буутай этгээдийн өөдөөс эхнэрийнхээ өмнүүр орж  хэвлийн тус газраа буудуулан хүнд шархдсан юм.

 Буудуулсан эрэгтэйд яаралтай мэс засал хийхээр Цэргийн нэгдсэн эмнэлгийн мэс тасгийн нарийн мэргэжлийн эмч нар нийслэлээс очсон бөгөөд мэс заслын явцад хохирогчийн биеийн байдлын талаар Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайхан “Сум хэвлийг нэвт гарсан учир бие нь их хүнд байна. Өрөөсөн бөөрийг нь авсан. Бусад эд эрхтэндээ нөлөөлж байгаа учир хүндрэлтэй байгаа. Бид бололцоотой бүх арга хэмжээг авч байгаа. Нарийн мэргэжлийн таван эмч ажиллаж байна” гэх мэдээллийг  өгч байсан юм. Цус их алдсанаас гадна   хэд хэдэн эрхтэн гэмтсэн түүний хагалгаа зургаан цаг гаруй үргэлжилсэн ч харамсалтай нь  мэс заслаас хойш ердөө 30 минутын дараа н.Батбаатарын зүрх зогсч, амьсгал хураажээ.

 Г.Энхтуяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top