-Манай улсын хэмжээнд сүрьеэгийн тархалт ямар байна вэ?
-Манай улсын хүн амын гуравны нэг нь сүрьеэтэй гэсэн судалгаа байдаг. Одоогийн байдлаар манай төвд 150 гаруй сүрьеэтэй хүн хэвтэн эмчлүүлж байна.
-Сүрьеэ ямар шинж тэмдгээр илэрдэг өвчин бэ?
-Сүрьеэгийн үед халуурах, цэртэй ханиалгах, хөлрөх, хоол унданд дургүй болж маш их турах шинж тэмдэг илэрнэ. Бүгшиж ханиалгах, 14-21 хоногт цэртэй ханиалгавал хурдан эмнэлэгт хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй.
Хамгийн анх амьсгалын эрхтэн болох уушгинд 70 хувь нь үүсдэг. Үлдсэн хувь нь үе мөч, арьс, дотоод эрхтэнд нууц байдлаар үүсдэг. Энэ өвчний нян бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Үүсгэгч нян хүний биед нуугдмал байдалтай байж байгаад ядрах, даарах, харанхуй, чийгтэй газар удаан байх үед хүний биед үржиж өвчлөл бий болдог. Мөн хортой нөхцөлд ажиллах, сэтгэл зүйн стресс маш ихээр нөлөөлнө. Сүрьеэ хамгийн ойрхон байгаа хүндээ маш амархан халдварладаг. Жишээлбэл, нэг сүрьеэтэй хүн жилд 15 хүнд халдвар тараадаг байна. Иймээс сүрьеэгийн халдвартай хүнтэй ойр байсан л бол шинжилгээ өгөөрэй гэж зөвлөмөөр байна.
-Сүрьеэ удаан хугацаанд эдгэрдэг учраас ямар эмчилгээг голлон хийдэг бол?
-Зургаан сараас 10 сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлдэг. Сүрьеэгийн нянг устгадаг эм, вакцин манайд хангалттай бий. Ер нь сүрьеэг эмчилдэг 5-6 төрлийн эм байна. Эмнэлгийн талаас энэ өвчнийг бүрэн эмчилж чадаж байна. Гэтэл нийгэмд энэ өвчний тархалт их болсон. Тэр тусмаа энэ өвчнөөр ид хөдөлмөрийн насныхан буюу 19-50 орчим насны хүмүүс өвчилж байна. Иймээс үүнийг анхаарах цаг болсон. Ер нь энэ өвчин нийгэмтэй холбоотой. Жишээлбэл, сүрьеэд гол нөлөөлж байгаа зүйл нь ядуурал. Хоол, нойр дутмагаас гадна хүйтэн, чийглэг орчинд удаан байх нь өвчлөх шалтгаан болно. Нөгөөтэйгүүр эм тариа нь маш үнэтэй болохоор иргэдэд хүндээр тусдаг. Энэ нь эргээд ядууралд хүргэдэг гэж хэлж болно.
UNEN.MN
Сэтгэгдэл ( 0 )