Ерөнхий боловсролын сургуулийн 15-18 насны эрэгтэй сурагчид бүлэглэн, бусдыг зодож, гэмтээгээд эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг манай аймагт гарчээ. Эдгээр сурагчид 1-16 дугаар байранд ажилладаг "Мэдээлэл" нэртэй интернет кафе, компьютер тоглоомын газар орогнож, шөнийн цагаар тэндээсээ гарч ганц нэгээрээ яваа хүмүүсийг зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг байсан байна.
Бусдыг бүлэглэн зодож, дээрмийн хэрэг хийдэг байсан сурагчдыг үйлдэл дээр нь Цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн дэд ахлагч Мөнхбаатар, ахлагч Зоригтбаатар нар барьж шалгахад 5 удаагийн давтан үйлдэлтэй болох нь тогтоогдсон байна. Нийт 15-18 насны 9 сурагч энэ хэрэгт холбогдсон бөгөөд Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Болбаатар хэргийг шалгаж ажиллаж байгаа юм байна. Сурагчдыг орогнуулж гэмт хэрэг үйлдэх боломжийг бүрдүүлдэг байсан уг интернет кафегийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоолгохоор холбогдох байгууллагад нь мэдэгдэл хүргүүлсэн байна. Ид сурч боловсрох насандаа яваа сургуулийн сурагчид дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдсэн нь эрүүгийн хуульд заасанчлан хүнд гэмт хэрэгтээ тооцогдох бөгөөд шүүхээс 5-8 жил хорих ял оногдуулдаг юм байна.
Хэрэгт холбогдсон сурагчдын хэргийг Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд цаашид ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна. Учир нь удахгүй цагаан сар болох гэж байгаатай холбоотой, иргэд худалдаа үйлчилгээний газруудаар явахдаа эд зүйлсээ хулгайд алдах, их хэмжээний мөнгө биедээ авч явж байгаад бусдад дээрэмдүүлэх явдал цөөнгүй гардаг байна. Тиймээс баярын хөл хөдөлгөөн орж байгаа энэ өдрүүдэд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд анхааруулж байна. Гэмт хэрэг үйлдэгчид баярын өдрүүдэд хулгай дээрмээ хийхээр ичээнээсээ гарч эхэлдэг болохоор иргэдийг аль болох орой үдшийн цагаар ганц нэгээрээ явахгүй байх, дэлгүүр, зах, худалдаа үйлчилгээний газруудаар явахдаа бичиг баримтаа гэртээ үлдээх, эсвэл цүнх саваа хулгайчид ухуулахаас байнга сэрэмжилж явахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )