“Гайхалтай”

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 06





Гайхалтай. Угтаа санаанд багтаагүй гайхаш төрүүлсэн зүйлийг хараад л хүмүүс ингэж уулга алддаг байх. Их сайн, сайхан юмыг хараад л ийнхүү уулга алдаж байсныг гадаад киноноос насандаа мартахааргүй шахам л харлаа. Сүүлдээ энэ үг амны уншлага болжээ. FM, Радиогоор зүгээр нэг хүний нэр сонсоод гайхалтай, гоё нэр байна ч гэх шиг. Орчуулгын кинонуудад хүн болгон гайхалтай гэж уулга алдаж ч байх шиг. Манайд байдаг од, “мод” нь хүртэл гайхалтай гээд нүдээ бүлтийлгэж ирээд л ярьж ч байна. Би ч бас ингэж уулга алддаг болоод байгаа. Гэхдээ сайн, сайхан юман дээр биш.

Монгол улс 40 гаруй сая толгой малтай. Харин хүн амынх нь тоо гурав хүрэхгүй сая. Гадныхан үүнийг сонсоод хүн биш малын орон гэж шоглож бичих нь бий. Хүнээсээ олон малтай хэрнээ махны үнэ нь өндөр хөгжилтэй орных шиг гэж байгаа. Солонгос, АНУ-д зардаг махны үнэтэй бараг зэрэгцэхээр шүү. Үнэхээр гайхалтай.

Газар доороо хүдэр, алт, нефть, зэс гээд төрөл бүрийн баялагтай гэж байгаа хэрнээ ядуурлын төвшин 39,2 хувьтай гэж байгаа. Гэтэл баялаг, маялаг гэж хөөрцөглөж байхаас өмнө 30 хүрэхгүй хувьтай гарч байсан гэдэг. Ядуурлын төвшин өндөр мөртлөө эх орны хишиг гэж нэрийдсэн хэдэн төгрөгийг бүх хүмүүст нийтэд нь тараана. Ийм сонин системтэй нь маш сонин. Гайхалтай гэж хэлэхээс өөр аргагүй.

Гурван сая, гурав. Энэ юу вэ? Төрийн гурван өндөрлөг, Их хуралд суудалтай намуудын тоо огтоос биш. Энэ бол төрөх эмнэлэг. Ядаж байхад гуравхан байдаг төрөх эмнэлгийнх нь газрыг Солонгосын гэр бүл өмчлөөд авчихсан гэж байгаа. Тэгсэн атлаа хэзээ, хэн орох нь мэдэгдэхгүй баахан өндөр барилга босчихоод байдаг. Хэмжээний хувьд тийм ч их зай, талбай хамрахгүй төрөх газарт газар олддоггүй нь нэгэнт тодорхой болсон. Төрөх эмнэлэг байхгүй мөртлөө “Алдарт эх”-ийн одон гэгчийг тараадаг гэж байгаа. Басхүү Монголын үрс маш олон болтугай гэж хожим нь тагнуулч хэмээн хороосон нэгэн хүн хэлснийг нь өнөө үеийн дарга нар амны уншлага болтолоо хэлдэг гэж байгаа. Гайхалтай юм аа.

“Тусгаар тогтнолын ордон”. Уг нь маш сүрхий нэртэй ордон л доо. Даанч нэг намын өмч. Манайх шиг ардчиллын замаар замнаж байгаа улс орнуудад нэг нам нь өөрсдийнхөө байранд ийм нэр өгсөн нь ховор. Хуучнаар бол коммунист намын байрандаа шүү. Нэг намын тогтолцоотой Хятад улсын коммунист нам ч ийм сүрхий нэртэй ордон байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Үүнтэй холбож ойлгож болох нэг тогтолцоо одоо хэр нь амь бөхтэй байгаа нь нам төвт үзэл. Далан жилийн тэртээ намын бат илэрхийлэлгүй хүн гишгэх газаргүй болдог байлаа. Гэтэл одоо үед намын бат илэрхийллийг мянга, мянгаар нь тарааж байна. Бүр нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуучууд зонхилж элсэхийг яана гээч. Төрийн ажил нь цэнхэр, улаанаараа хуваагдаж, гагцхүү энэ хоёр өнгийн үнэмлэхгүй л бол ахиж дэвшинэ гэж байхгүй. Гоё байгаа биз дээ, гайхалтай гэж хэлмээр...

Гагцхүү жагсч тэмцдэг иргэний нийгмийн байгууллагатай гэж байгаа. Жагсч, жагсч цэнхэр, улаан өнгөтэй үнэмлэх өвөртөлж аваад, даргын суудалд очдог гээд л бодчих. Дэлхийн өөр өнцөг булан бүрээс эрээд олохгүй гоё тогтолцоотой, олон, олон сүрхий нэртэй холбоод, хөдөлгөөнүүдийнх нь дансанд хэн гэдэг хүн хэдэн төгрөг хийснийг мэдэх гэхээр ард түмэн гэж уриа хашгирдаг холбоод нь иргэдээсээ хаалттай болчихдог гэж байгаа. Хэрэг болоод асууж, сураад, тусламж авах гээд очтол хаалгаа янгинатал цоожлоод алга болчихно. За, нэг иймэрхүү иргэний нийгмийн байгуулалтай гэж байгаа. Гайхалтай.

Энэ мэтчилэн гайхуулаад ханахгүй зүйл олон. Ардад хаалттай, эрх, ямбатанд нээлттэй эмнэлэг. Ардад нээлттэй, Эрх ямбатанд хаалттай шүүх. Цэцэрлэгийн хүүхдээс авахуулаад дарга, цэрэг нарт тэгшитгэж тараах олон шагналууд. Дэлхийн эдийн засгийн хямралыг угтаж хямардаг эдийн засаг. Гарч, дуусч ханадаггүй Солонгос киноны “бөмбөгдөлт” гээд л... Гайхаад барашгүй, гайхуулаад ханашгүй.

Үнэхээр, ГАЙХАЛТАЙ...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top