3-р цахилгаан станцынхан төрийн цагдааг зодов

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 07

Өчигдөр орой  19:30 цаг минутын орчимд модны 2-т байрлах "Стрийнгс" цэнгээний газрын гадаа зодоон болжээ. Учрыг тодруулбал согтуу залуу таксины  дугуй руу өшиглөж балбасан байна. Харин таксины жолооч Б.Н  "Та нар машинд дайруулж үхэх нь үү" гэж хэлсэн бөгөөд энэ үгэнд дургүйцсэн хоёр залуу таксины жолоочийг  машинаас нь чирч гарган, газарт унагааж  зодоход цаанаас 20 орчим эрэгтэй эмэгтэй нийлсэн хүн ирж тал талаас нь өшиглөсөн  болохыг гэрчүүд  ярьлаа.  Энэ үеэр эмэгтэйчүүд нь таксины жолоочийг үсдэж чирэн, энгэрийнх нь халаасанд байсан түрийвч, бичиг баримт, мөнгийг нь дээрэмдсэн байна. Үүгээр зогсохгүй гэмт этгээдүүд хэргийг зогсоох гэж байсан БГД 7 хорооны хөдөлгөөнт эргүүлийн цагдаа  нарыг зодож, "Би цагдаагийн дарга байна, олон юм яриад байлгүй одоо яв за юу " гэж шоглосон байна.

Харин гэмт этгээдүүд 3-р цахилгаан станцын ажилчид байсан бөгөөд нэгнийхээ шагналыг "угааж" явахдаа ийнхүү танхайрсан болохыг эх сурвалж мэдэгдлээ. Энэ хэргийг өнөөдрөөс БГД-ийн цагдаагийн ахмад Солонго мөрдөх бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.

Танхайрсан  станцын ажилтнуудын  эхнэр, ээж нь мөнгөөр хэргийг аргална хэмээн цагдаагийн байгууллагын коридороор явж байгаатай бид таарсан юм. Хэрэг хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй ч бид энэ  талаар эргэн сурвалжлах болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top