Баярын үеэр хааяа талх иддэг

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 07

Монгол Улсын ядуурлын түвшин буурах биш, өнгөрсөн оны сүүлчээр өсч  40 орчим хувьд  хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос  гаргасан  билээ.  Дээрээс нь хэдхэн хоногийн өмнө бензиний үнэтэй холбоотойгоор  бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний  үнэ өссөн.  Мөн Монголбанкнаас гаргасан сүүлийн  судалгаагаар инфляцийн түвшин Улаанбаатар хотод  11 хувьтай гарсан. Манай сэтгүүл удаагийн “Амьдрал” буландаа  өнөөдөр нийслэлчүүдийн амьдрал  тэр дундаа гэр хорооллын иргэдийн амьдрал ямар байгааг сурвалжлан хүргэж байна.
Гэр хорооллын гудамж эзэнгүй мэт эл хуль. Хаа сайгүй золбин ноход хоол хайн шогшиж, дуу өгөн боргох аж. Хар хэрээ жалгын хогон дээр суучихаад өвлийн хүйтэнд вааглах нь айдас хүргэх шиг. Утаа үнэртэж, ханхай оргисон гудамжаар уулын орой дээр шахуу барьсан хар гэр рүү ганцаараа бол хэзээ ч явж зүрхлэхгүй байсан биз. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо буюу  “Дэнжийн мянга”-ын  11 дүгээр хэсгийн ахлагч Д.Алтантуяагаар газарчлуулж явах үеэр гэр хорооллын иргэдийн амьдрал үнэхээр хүнд байгаа талаар хүүрнэх түүний ярианд  миний бие нүдээр үзэхээс нааш итгэхэд бэрхтэй санагдана. Зорьсон айлынхаа гадна ирж, хашааных нь  хаалгыг  цохилоо,  хариу алга аа. Дахиад цохилоо бас л аниргүй. Уг нь энд Нараа гэх олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй амьдардаг  гэнэ. Гэхдээ хэсгийн ахлагчийн хэлснээс үзэхэд  тэрбээр хоногийн  хоолоо залгуулахаар гарсан бололтой. Хэдийгээр зүдрүүхэн амьдардаг боловч гурван хүүхдээ сургуульд сургаад байдаг талаар хэсгийн ахлагч нь урамшингүй ярих. Уулын бэл, жалгын аман дээр барьсан олон хар гэрийн хашааны үүдэнд  хэсгийн ахлагчийг дагуулан очсон боловч бүгд эзэнгүй байх аж. Ганц, хоёр айл эзэнтэй мэт боловч хаалгаа тайлж өгсөнгүй. Хэсгийн ахлагч Д.Алтантуяагийн  хэлснээр эзэнгүй айлын эзэд нь бүгд л хоногийн хоолоо олох гэж хаа нэгтээ яваа  байж таарах нь. Амьжиргааны түвшин доогуур иргэд ямар ч байсан зүгээр сууддаггүй аж. Бид хоёр “Дэнжийн 1000”-ын дундаж түвшний айлуудын нэгэнд нь орохоор боллоо.


Өвөл, баяр хоёр

Халуун сүүтэй цай аягалж, найрсаг зангаар угтсан настай эрийг  М.Бөмбөг гэдэг. Арваад жилийн өмнө яг одоо амьдарч байгаа 11 дүгээр хэсгийн 1007 тоотод суурьшжээ. Гэхдээ “Дэнжийн 1000”-тай  амьдралаа холбосон нь 30 гаруй жилийн түүхийг агуулах гэнэ. Бөмбөг гуай  өдгөө 70 нас  хүрч  яваа. Эхнэр, дөрвөн ач, хоёр охиныхоо хамт амьдардаг.  Олон жаахан хүүхэдтэй гэхэд сүрхий цэвэр цэмцгэр айл байв. Биднийг ороход гэрийн эзэн ганцаараа галаа түлэхээр гээд сууж байлаа. Эхнэрийнх нь бие муудаад дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ач нар нь сургуульдаа явжээ. Охид нь мөн ажил төрөлдөө эртээ гэгч гарч. Том охин нь хонуутаар ажилласан гэнэ. “Гэхдээ авдаг цалин нь 200 мянган төгрөг. Өөрт нь ч хүрэхтэй, үгүйтэй байдаг.  Хоол, унааны мөнгөндөө ч хүрдэггүй. Ийм цалинтай, зав чөлөө олгодоггүй ажлаасаа  гарч, өөр ажил олж хий”  хэмээн охиндоо хэлдэг хэмээн Бөмбөг гуай ярив. Унаа хоолны мөнгөнд өдөртөө 3000 төгрөг зарцуулахаар тооцоход сардаа 300 мянган төгрөг арай гэж хүрэх тооцоог өвөө гаргаж амжжээ. Тиймээс  заримдаа цалин нь хоол, унааны зардалд нь хүрэхгүй өр тавихад хүрдэг байна. Харин бага охин нь хорооны ажилтан бөгөөд сардаа 140 мянган төгрөгийн  цалинтай. Бас л эгчээсээ дээрдэх юмгүй. Тиймээс дөрвөн ачаа эмээ, өвөө хоёр нь тэтгэврийнхээ хэдээр болгодог байна. Энэ гэр бүлийн өмсөж  зүүх, идэж уух, нүүрс, түлээ бэлдэх бүгд л хоёр хөгшний  тэтгэврийн 360 гаруй мянган төгрөгт багтах учиртай. Бөмбөг гуай “Манайх чинь энэ хороо хариуцсан хүүхдүүдийн хэлж байгаагаар “Дэнжийн мянга”-даа  болж  бүтээд байгаа дундаж түвшний айлын тоонд багтаж  байгаа юм гэсэн шүү дээ, чааваас гэж. Уг нь бол наймын найман ам бүл хоёр хөгшний тэтгэврийн хэдэн бор юмаар амьдарна гэдэг ч мөн чанга шүү дээ. Гэхдээ яах вэ “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг  хүн бүрийн ойр зуурын хэрэгцээнд бас нэмэр болоод байна. Энэ хэдэн ач нар үнэгүй сургуульд сураад байгаа мэт боловч өглөө бүр л унаа, хоолондоо хамгийн багадаа  1000 төгрөгөөс  эхлээд л анги засвар, ханын сонин хийх, анги цэвэрлэгээ гээд  авах татаас нь дийлдэхгүй. Намайг одоо мөнгөний машин гэж бодоод байх шиг байгаа юм. Ямар ээжийнх нь олсон мөнгө хүүхдүүддээ нэмэр болох биш” гэв. 

Эхнэрийнх нь бие тааруу уч¬раас Бөмбөг өөрөө хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулахаар “Хүчит шонхор” захыг долоо хоногтоо гурван ч удаа зорьдог. Тэрбээр сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ өссөнд баахан бухимдангүй сууна. 400 төгрөгөөр авдаг байсан нохойн хоол нь хүртэл 500-650 төгрөг болчихсонд гайхаш нь тасраад байгаа аж.  “Хаягдал” мах түүгээд нохойн хоол болгоод зарж байгаа хүмүүс бензинээр ажилддаггүй байлтай” хэмээн бухимдсан нь нээрээ ч оноод хэлчих шиг санагдав. Тэрбээр өмнө нь тэтгэврийн мөнгөө буухаар 15 кг будаа, хоёр шуудай гурил, 10 литр тос авчихдаг байсан бол өнөөдөр 10 кг будаа, хоёр шуудай гурил, таван литр тос авдаг болжээ. Сардаа хоёр гурван ч удаа толгой цувдай иддэг аж. Энэ талаар гэрийн эзэн “Манайхан гэртээ цувдай идэхээр муу хоол идлээ гэж боддог. Харин ч хаа нэгтээ үнэтэй ресторанд ороод таван цулын шөл уухаараа үнэтэй сайн гэж бодно. Энэ бол буруу сэтгэлгээ. Манай ач нар ч гэсэн тэгээд байдаг болж. Хэтэрхий цамаан” гэсэн юм.

За тэгээд нэг сарын гэрэл, цахилгааны төлбөр нь 60 гаруй мянган төгрөг  гардаг байна. “Хүний хөгжлийн мөнгөө авах, эхнэрээ эмнэлэгт үзүүлэх, халамж үйлчилгээний газраар явж бичиг баримт бүрдүүлэх, замын түгжрэлд орох гэсэн дөрвөн том бөглөөнд амьдралын хамаг цаг үрэгдэж байна даа, хүү минь” хэмээн тэрбээр хошигнон хэлэх. Хэдийгээр хошигнол мэт санагдах авч ахмад настай, амьдралын арвин туршлагатай хүний хувьд тэрбээр өнөөгийн нийгмийн иргэдийг хамгийн их бухимдуулж, стресстүүлж буй асуудлуудыг  нэгтгээд ийн товч бөгөөд тодорхой өгүүлрүүн.  Үнэхээр эмнэлэг, халамж үйлчил­гээний газраар эргүүлддэг олон хүн үүнтэй санал нийлэх байх шүү. Хүний хөгжлийн 21000 төгрөгөө аваад зарцуулах нь сайхан ч банкны үүдэнд хонон өнжин  дугаарлана гэдэг хүн бүрийн хувьд хамгийн зүрхшээх зүйл болчихоод буй.

Өвлийн улирал, тэмдэглэлт баяр Бөмбөг гуайн хувьд өрхийн төсөвт нь “бөмбөг” тэслэх шиг болдог ажээ. Учир нь, ганц улирлын  түлээ нүүрсний хэрэглээ нь өрхийн орлогын бараг талаас илүүг нь  аваад явчихдаг байна. Тэмдэглэлт баярын тухайд бол өр тавьж л аргыг нь олдог тухайгаа нуулгүй хэлсэн. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас тэтгэврийн зээл авах талаар бодож байгаа гэнэ. Ийм нэгэн амьдралтай айлаас гараад Алтантуяа хэсгийн ахлагчийн зөвлөснөөр шууд 12 дугаар хорооны байранд очиж иргэдтэй уулзахаар боллоо. Тус хороо нь  он гарсаар амьжиргааны түвшин доогуур иргэдэд “Эко эргүүл” гэх ажлын байр шинээр бий болгосон аж. Энэ нь орчны хог цэвэрлэх ажил бөгөөд сардаа 140 мянган төгрөгийн  цалинтай юм байна. Тиймээс  ажилгүй,  ядруухан амьдралтай  иргэд  хороогоороо  холхих нь их.


Ээж шигээ хүн битгий болоорой

Зургийн аппаратны маань  дуран хүртэл цүнхнээс цухуйлгангуут цантаад  зураг авч болохгүй хүйтэнд нүцгэн гараараа хог түүн зогсох 50 орчим насны эмэгтэйг Д.Октябрь гэдэг. Ам бүл дөрвүүлээ бөгөөд сарын орлого нь 140 мянган төгрөг. Хүний хөгжлийнхөө 63 мянган төгрөгийг нэмэх юм бол 203 мянган төгрөгт хүрэх гэнэ. Тэрбээр  нөхөртэй  боловч нүд  муу гэх шалтгаанаар ажил  хийдэггүй ажээ. Мөн иргэний үнэмлэхний 45 насны сунгалтаа хийлгээгүйн улмаас бичиг баримт хөөцөлдөхөд хүндрэлтэй тулгарч групп тогтоолгож ч чадахгүй байгаа юм байна. Иргэний үнэмлэхгүй учраас Хүний хөгжлийн 21 мянгаа ч авах  эрхгүй суугаа аж. Заримдаа олсон жаахан мөнгөөр нь нөхөр нь бор дарс зооглочихдог байна. Ядуугийн зовлон дээр архи ууж, агсам согтуу тавих нь түүнд  тун хэцүү байдаг  талаар Д.Октябрь бүсгүй гунигтай ярина. Найзынх нь хэлж байгаагаар нөхөр нь архи уугаад зогсохгүй эхнэртээ гар хүрдэг аж. Инфляцийн “галзууралтай” өнөө үед 200 мянган төгрөг гэдэг дөрвөн ам бүлийн  аманд ч үгүй хамарт ч үгүй мөнгө. Октябрийн найз гэх улаан хацартай, огцомхон дуутай Урнаа гэгч  эмэгтэй “Манай Октябарь манийгаа бодвол гайгүй амьдарч байгаа. Хүүхдүүд нь өсчихсөн. Нэгдүгээр гурил, үхэр, хонины мах идэж байна шүү  дээ” гэсэн юм. 200 мянган төгрөгийг яаж хүргээд байдаг нь сонин. Энэ талаар Д.Октябрь “Зээлэхдээ зээлнэ. Заримдаа ажлын хажуугаар “Хүчит шонхор” захын  махны наймаачдад  тусалж, шанд нь жаахан  мах авна. Гурилын худалдаачдад туслах юм бол хагас килограмм  гурил авах гээд л урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө ш дээ” гэв.  Түүний  том охин нь арваннэгдүгээр анги, бага нь долдугаар ангид сурдаг байна.  Хэмнэлт гаргах үүднээс оройдоо л ганц удаа гал түлдэг ажээ. Охидууд нь хичээлдээ яваад өдөр гэр нь эзгүй байдаг учраас тэр. Харин гэр бүлээрээ амарч байгаа тохиолдолд хоногт хоёр заримдаа гурван шуудай нүүрс түлдэг. Өнөөдөр нэг шуудай нүүрс 1500 төгрөгийн үнэтэй байна билээ. Харин бөөний үнэ нь 1200-1000 төгрөг байсан. Гэхдээ тэд нүүрсээ бөөнөөр нь авах мөнгө байхгүй учраас ширхэгээр үнэтэй нүүрс авахаас өөр аргагүй байдаг аж. Түүнчлэн хаашаа ч явсан барагтай бол нийтийн тээвэрт сууж мөнгө төлөхийг боддоггүй алхаад л явчихдаг байна. Мөн гэр бүлийн гишүүд өдөр барагтай бол цайлдаггүй. Тиймээс ч орой ганц удаа хооллохдоо хоёр хүүхдээ гайгүй зүйлээр гэдсийг нь цатгах гэдэг ээжийн өдөр бүрийн зорилго. Гэхдээ бас л хэмнэх хэрэгтэй. Нэг идэхийг хоёр болгох нь энэ гэр бүлийн гэм биш зан болжээ. Саяхан Октябрийн цалин бууж “Хүчит шонхор”  зах ороод үхрийн мах авах гэтэл нэг кг нь 5000 төгрөгийн үнэтэй болсон байжээ. Тиймээс ямааны мах авч. Хөргөгчгүй учраас өдөр өдөрт нь идэх махаа бага багаар нь авдаг аж. Ер нь ганц мах ч гэлтгүй тухайн өдөр идэх, хэрэглэх зүйлээ өдөр өдөрт нь л авдаг. Мөнгөгүй учраас маргаашийн идэх талхаа өнөөдөр авах хүсэл байвч боломж байхгүй. Өдөртөө 10000  төгрөгөөр идэж уухаа болгодог байна. 10000-аар бодоход энэ өрхийн  сарын хэрэглээнд наад зах  нь 300 мянган төгрөг хэрэгтэй.

Эдийн засаг өссөн, иргэн бүр Тавантолгойн 1072 хувьцаа эзэмших болсон гэдгийг сонсохоос цаашгүй ийм иргэд  өнөөдөр хэдний өдөр гэдгээ ч мэдэхгүй өдрийн хоолоо олох гэж зүтгэж яваа энэ эмэгтэйн мөрөөдөл том байшинтай болох гэсэн. Хоёр охиндоо захидаг үг нь “Ээж шигээ хүн битгий болоорой” гэнэ билээ.


Баярын үеэр хааяа талх иддэг

“Дэнжийн мянга”-ын 12 дугаар  хорооны иргэн Л.Баянжаргал өдгөө 60 орчим настай өрх толгойлсон эмэгтэй. Өдөр өдрийн нарыг хүүхдүүдийнхээ буянаар сайхан амьдарна гэсэн мөрөөдлөөр хардаг  түүнтэй  ярилцсан юм.

-Сайн байна уу Та. Амьдрал ямар байна вэ?

-Хүү минь чи харж байна шүү дээ./чигчий хуруугаа гозойлголоо/

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-За байз миний долоон хүүхэд. Хүргэн, бэр дөрөв. Таван ач тэгээд би гэхээр 17-уулаа амьдардаг.

-Тэгээд бүгд нэг дор байдаг юм уу?

-Тэгэлгүй дээ. Манайх  түрээсийн  жижиг таван ханатай гэрт амьдардаг юм. Тэгээд л бүгдээрээ оройдоо цуглаж унтаад л өглөө нь тал тал тийш гараад явна даа.

-Гэр бүлийн гишүүдийн ихэнх нь ажил хийдэг үү?

-Үгүй ээ. Эмээ нь “Эко эргүүл” хийгээд сарын 140  мянган төгрөг  авдаг. Хоёр охин маань ажил хийдэг. Нэг нь хүнсний захын ойролцоо “Дамчаагийн” цайны газар ажиллаад 102 мянган төгрөг авдаг гэсэн. Харин нөгөө охин маань үсчин хийдэг юм. Хэдэн төгрөгийн цалинтай гэдгийг сайн мэдэхгүй байна. Эмээ нь мөнгө л олж өгөхөөс өөрөөр мөнгөнд нь хошуу дүрэх биш.

-Танай хамгийн том хүүхэд хэдэн настай вэ? Яагаад ажил хийдэггүй юм бол.

-Манай том хүү 36 настай. Ажил олдохгүй л юм гэнэ ш дээ. Зун бол яах вэ барилгын ажил хийгээд мөнгө олно оо. Бусад нь бас ялгаагүй ажил олдохгүй юм гээд хоосон гуяа ганзагалаад ирдэг. Цаад байгууллага нь өнгө зүс, нуруу туруу хараад байдаг сурагтай байна билээ.

-Эмээ танайх юуны махаар хоол хийдэг вэ?

-Энэ олон хүнийг тэжээхэд мөнгө их орно ш дээ хүү минь. Одоо чинь тэгээд ч юмны үнэ нэмэгдээд хэцүү байна. Тийм болохоор манайх нэг жижиглэн иж бүрдэл мах /малын дотор махны цуглуулга/ нэг нь 350 төгрөг гэдэг юм. Тэрнээс хоёрыг авна. Бас шуудай нь 500 гээд махныхны шулсан яс авна. Тэрнээсээ хэдийг хийгээд хоёрдугаар гурилаа зуураад л гурилтай шөл хийж иднэ дээ. За даа бараг орой бүр л нэг иймэрхүү байдлаар хооллодог.

-Өдрийн талх, нүүрсний мөнгөө яаж болгож байна вэ?

-Өдөртөө барагтай бол гал түлэхгүй. Орой л гал түлнэ. Талх ямар идэх биш. Манай хэдэн ач нар талх гэж мэдэхгүй байх шүү. Баярын өдрөөр хааяа талх иддэг юм.

-Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө авна биз дээ. 17 хүний мөнгө гэхээр нэлээд хэдэн төгрөг цугладаг юм байна, тийм үү?


-Хүний хэрэгцээ гэдэг чинь барагдах биш. Ихэнхдээ дор бүрнээ аваад үрчихдэг юм шиг байна билээ. Ач нарын зарим нь авахгүй. Гэхдээ яах вэ сардаа нэг  нь ч гэсэн өөрийн дураар мөнгөө зарж л байг дээ. Эмээ нь бол авахгүй цуглуулж байгаад баярын үеэр гаргаж ирээд тавгийн чихэр ч болох нь ээ авдаг. Зарим хүүхэд маань бас цувуулж аваад гурил будаагаа залгуулна аа.

-Удахгүй Цагаан сар болох гэж байна. Баярыг яажшуухан тэмдэглэж өнгөрөөдөг вэ?

-Жаахан цуглуулсан юм бий хүү минь. Тэрүүгээрээ тавгийн чихэр хэдэн бууз хийнэ дээ. Болдогсон бол энэ жилийн Цагаан сараар хонины ганц хаа ч болтугай нь чанаад тавьчих санаатай байна.

-Хүүхдүүдийн хувцас хунарт их мөнгө зарцуулагдана биз дээ?

-Өө тэгж их мөнгө зарлагадаж хувцас өмсөхгүй. Хувцас авлаа гэхэд, Солонгос комисс ороод л хямдхан юм түүчихдэг.

-Та өрх толгойлсон эмэгтэй гэсэн тийм үү?

-Тиймээ нөхөр салаад явсан/хоолой нь зангирлаа/.  Уг нь  манайх тийм ч ядуу зүдүү айл байгаагүй юм. Нөхөр салснаас хойш бие муудаж хэдэн хүүхэддээ анхаарал хандуулах минь цалгардаад амьдрал уруудсаар ийм л болчихсон. Эгч нь барилгын засалчин хүн л дээ. Гэхдээ хүн зовлон даадаг бололтой... гээд хоолой нь чичирч нүүрээ бурууллаа. Ярих сонирхолгүй байгаа бололтой нулимсаа хүчлэн залгиад хорооны байрнаас гарч одлоо. Хэсгийн даргын хэлснээр Л.Баянжаргал тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа гэсэн.


Уйлж яваа эр хүн

Д.Нямдаваа өчигдөр уйлж явсан сурагтай хэмээн 10 дугаар хэсгийн ахлагч М.Энхтуяа санаа зовнисон байртай хэн нэгнээс хариулт нэхэн зогсоно. Учир нь, Нямдаваа тус  хэсгийн нэн ядуу өрх аж. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь бие муутай бөгөөд том охин нь ар гэрийн гачигдлаас болж сургууль завсардсан аж. Түүний уйлсан шалтгаан нь өчигдөржин “Хүчит шонхор” захын махны наймаачдад тусалж мах зөөж хэдэн кг мах хөлсөндөө авчээ. Тэгээд эргээд харахын хооронд нь гар урттай нэгэн арайхийн олсон жаахан махыг нь хулгайлаад явчихсан аж. Хэд хоног олигтой хоол идээгүй гэрийнхэндээ шинэ махаар шөл хийж өгөх гэсэн түүний баяр дээр арчаагүй  нэгэн нь ус цацчихаж. Тэгээд л Нямдаваа ховорхон үзэгдэх эр хүний нулимсаа  унагасан нь тэр ажээ.


Зөв явбал зөөлөн замбуулин


Золбин ноход хоол хайн шиншилж яваад Наранхүүгийн зарж байгаа нохойн хоолны дэргэд ирчихээд хулгайн нүдээр түүн рүү харна. Нийтийн тээврийн хүнд дугуй тоормослох, Наранхүүгийн “Жов” гэж нохдыг хөөх дуун орчны анирыг эвдэх аж. Энэ бүсгүй Чингэлтэй дүүргийн 12 хорооны 10 дугаар хэсгийн нэн ядуу нэгэн ээж. Өдөртөө нохойн хоол зараад наймааны одтой байх юм бол 3000 төгрөг олох нь түүний хувьд баярлууштай зүйл. Харин Ж.Наранхүү түүний ганц охины оройн хоол 200 төгрөгөөр зардаг хонины өвчүүний шулсан яс, атга будаа. Өчигдөр оройн хүнсээ авах гээд зах ортол нөгөө 200 төгрөг байсан өвчүүний үнэ 450-500 төгрөг болоод өсчихөж. Энэ үнэ түүний маргааш өлсөх эс өлсөхийг шийдэж чадахуйц эргэлт. Тэр санаа алдаад аялах дуртай “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулингаа” дуулаад л захаас гарлаа.

10 дугаар хэсгийн ахлагч М.Энхтуяа “Наранхүүд зовлон мундахгүй. Ганц охиноо хүний зэрэгтэй байлгахын тулд хичээл сургуульд нь анхаарал халамж сайн тавьдаг. Гэхдээ гэрлийн мөнгөө төлж чадахгүйн улмаас цахилгаанаа таслуулчихсан байгаа. Охин нь гэрийн даалгавраа хийхэд хүндрэлтэй тулгараад байгаа гэсэн үг. Лаа авч байгаа ч 300 төгрөг тэр бүр зарлагадах нь хэцүү. Дээрээс нь Болд гэж нэг нөхөр Наранхүүгийн хашааны хаалгыг таглаад томоо гэгч хашаа барьчихсан” гэсэн юм. Энэ талаар Наранхүү хэсгийн ахлагчдаа уйлан байж мэдэгджээ. Хэсгийн ахлагч нь Болд гэгчид шаардлага тавьсан хэдий ч болох бүтэхгүй хараал хэлж, хөөгөөд гаргасан гэнэ. Дээрээс нь долоо хоногийн өмнө буух ёстой байсан Хүний хөгжлийн 21 мянган төгрөг түүнд хүлээлт үүсгээд байгаа аж. Ядуу хүний зовлон дуусахгүй юм. Гэхдээ Наранхүү бүсгүй “Зөөлөн замбуулин”-гаа дуулж, инээгээд л хорвоогийн бор өдөр, шар нарыг туулж явна.

Өнөөдөр нохойн хоол 650 төгрөг гэж байхад 350 төгрөгийн жижиглэн, хоёрдугаар гурил, шулсан ясаар өл зогоож яваа айл өрх “Дэнжийн мянгад” олон. Зарим нь бүр хоосон хонож ч байна. М.Энхтуяагийн хэлснээр түүний хариуцаж авсан хэсэгт ийм өрх айл цөөнгүй гэсэн. Олон нялх хүүхэдтэй, бичиг баримтгүй гэх шалтгаанаар Хүний хөгжлийн 21 мянгаа ч авч чаддаггүй олон ээж хүүгийнхээ хамт хаа нэгтээ лааз түүгээд явж байгаа гэсэн шүү.

Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг олгох нь архины мөнгө болоод дуусдаг гэх яриа байдаг. Гэвч энэ мөнгө 10 дугаар хэсгийн 20 гаруй өрх толгойлсон эмэгтэйн амьдралд томоохон тус болдог юм билээ. Ер нь хэсэг бүрт дунджаар 20 гаруй өрх толгойлсон эмэгтэй байдаг аж. Хэсгийн ахлагч болон цагдаа А.Батзориг нарын хэлж байгаагаар “21000 төгрөг буухаар архи уудаг нэг хэсэг байхад, ууддаггүй ч нэг хэсэг бий. Тухайлбал, 12 дугаар хорооны 20 дугаар  хэсгийн ихэнх иргэн 21 мянган төгрөгөө авахаараа архидах нь элбэг” гэв. Ер нь ажиглаад байхад түр оршин суугч гэх бичиг баримтгүй, харъяаллын бус иргэд архи уух, хов жив гаргах нь их байдаг талаар мөн хэлж байлаа.

Бид үнийн өсөлт иргэдэд хэрхэн дарамт болж байна, ер нь иргэдийн амьдрал ямар байна вэ гэдгийг  Нийслэлийн гэр хорооллын захын хороогоор орж сурвалжлахад л ийм байна. Монгол Улс маань төр, засгийн хэмжээнд  үсрэнгүй хөгжил, эдийн засгийн өндөр өсөлт  яриад  сайхан байж болох  ч ард түмний амьдрал ямар хүнд байгааг дөнгөж сургуулиа төгссөн залуу сэтгүүлч хүний хувьд нүдээр үзээд  үнэхээрийн сэтгэл зүрх шимширсэн.  
 
Бид хамгийн хүнд амьдралтай өрхүүдтэй газрыг олъё гэж ярилцаж тохиролцоод Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороог сонгочихоогүй болохоор нийслэлд  тус хорооноос ч илүү олон ядуу өрх, хүнд амьдралтай хүмүүстэй хэчнээн хороо байгаа бол оо гэж бодохоор хоол ч идэх сонирхолгүй. Чингэлтэйн 12 дугаар хороонд 13700 гаруй иргэн оршин суудаг. Тэдний 80 гаруй хувь нь амьжиргааны түвшин доогуур амьдралтай талаар хэсгийн ахлагч нарын судалгаагаар гарсан байна.

Аль л хямд төсөр идэх зүйлээр голоо зогоож яваа тэдний хувьд өдөрт  гурван удаа хооллож, таксигаар  зорчино  гэдэг бол мөрөөдөл. Талхны үнэ 50 битгий хэл таван төгрөгөөр нэмэгдсэн ч тэдний хувьд том цохилт. Гэр хорооллын “гэрэлгүй” амьдралын талаар товчхон сурвалжлахад ийм байна. Иргэдээ нийтээр нь увайгүй ядуу болгочихгүйн тулд бидэнд бичих, бодох зүйл их байна аа, сэтгүүлчид ээ гэж мэргэжил нэгт нөхдөдөө уриалмаар санагдлаа.  Нэн  ядуугийн ангал руу гулсаж буй нийгмийн нэг  хэсгийн амьдралыг  бодох тоолон сэтгэл, зүрх минь шимширсээр.


Эх сурвалж: “Mongolian economy” сэтгүүл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top