С.Батболд: Хүний эрүүл мэнд, амь насны төлөө хариуцлага хүлээдэг амаргүй хөдөлмөрийн үнэлэмж өндөр байх ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцож, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд зайлшгүй амжуулах, ажил хэрэг болгох хэд хэдэн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Юуны түрүүнд хүний эрүүл мэнд, амь насны төлөө хариуцлага хүлээдэг энэхүү амаргүй хөдөлмөрийн үнэлэмж өндөр байх ёстойг Засгийн газрын тэргүүн онцлоод Ард иргэдэд  ямар тусламж, үйлчилгээ үзүүлнэ түүнийг бодит өртгөөр санхүүжүүлдэг байх ёстой. Тиймээс үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ бүрийнхээ бодит өртгийг тооцон, түүний дагуу санхүүждэг тогтолцоонд шилжих цаг болсныг хэллээ.
Энэ үүднээсээ ч Монгол Улсын Засгийн газар болон Төрийн байгууллагын албан хаагчид, тэр дундаа эмч, эмнэлгийн ажилтнуудын  цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх хугацааг наашлуулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байгаа юм. Монголчууд өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд гадаад оронд зорчдог хэвээр байна. Энэ бол эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай шууд холбоотой. Эрүүл мэндийн үзүүлэлтийг өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх зорилгоор Үндэсний оношлогоо эмчилгээний төвийг байгуулах асуудлыг Засгийн газраас онцгой анхааран ажиллаж байна. Уг ажлыг даруй эхлүүлэх бодлого барьж ажиллаж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ.

Эрүүл мэндийн  салбарынхан 2012 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” болгожээ. Харин Засгийн газар “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ өрхийн эрүүл мэндийг хамгаалах талаар ч тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхаарууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах “Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил эхлээд байгаа. Хөтөлбөрийг үр дүнтэй  хэрэгжүүлэх нь Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын хичээл зүтгэлээс бүрэн хамаарах учраас дэмжиж ажиллахыг мөн энэ үеэр хүсээд Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч эмнэлгийн ажилтнуудын буянтай,  нэр төртэй их үйлсэд өндөр амжилт хүсч сайн сайхныг ерөөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top