Манай сайтын “Нууц дуран” булан олны танил хүмүүсийн төрсөн өдөрт уригддаг уламжлал тогтоод уджээ. Энэ удаа Миногийн төрсөн өдөрт саатав. Өчигдөр "City" ресторанд түүний 20 насны төрсөн өдөр болж өнгөрсөн юм. Төрсөн өдрийн "party"-д түүний хамгийн дотны найз нөхөд нь хүрэлцэн иржээ. Тухайлбал хамтлагаасаа гарсан гэгдээд байгаа “Crush bash” хамтлагийн ахлагч Билли, “Honey moon”хамтлагийн охид, хөтлөгч Дэнсмаа, уран бүтээлийн хамтрагч "Хар сарнай" хамтлагийн ахлагч Амараагийн төрсөн дүү Амарбаясгалан нар уригдсан байв. Бэлэг дүүрэн энэ үдэш Мино Амараатай хамтарсан "Хатариш" дуугаа дуулж найзууддаа сюрприз барьсан.
Мино 14 настайдаа дуучин Т.Ариунаагийн “Асуудал” дууны клипэнд тоглон олонд танигдаж эхэлсэн билээ. Түүнээс хойш клип, рекламанд чадварлагаар тоглож, өдгөө сайн фото модель болсон билээ. Тэр охидын “Sound of kiss” хамтлагт дуулж, “Хайрлаж болох уу” киноны гол дүрд тоглож жүжиглэх ур чадвараа харуулсан юм.
Харин одоо тэрбээр “City”дээд сургуульд жүжигчин мэргэжлээр суралцаж байна. Тэр 20 насандаа уран бүтээлийн тэсрэлт хийнэ хэмээн ам бардам өгүүлсэн. Бас энэ онд “Хатариш” нэртэй анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаагаа дуулгаад “Саяхан Оки ахаас “Хайрын тухай”, Ганг ахаас “Би чамайг танихгүй” гэсэн дуунууд авсан. Тун удахгүй шинэ клипээрээ үзэгч та бүхэнтэй уулзах болно. Хамгийн гол нь би чанартай, сайн уран бүтээл хийхийг зорьж байгаа. Би цаашид ямар нэгэн стиль жанрт баригдахгүй уянгын,поп,транс, R&B гээд бүх л төрөл жанраар уран бүтээл хийнэ” гэв.
Уран бүтээл болгоноороо хувьсал хийхээр хүсэл мөрөөдөл, тэмүүллээр дүүрэн 20 насандаа тэр иржээ. Урлагт сэтгэлээ өгсөн хүний ёсоор хэн хүнээс айж эмээхгүйгээр өөрийнхөө ертөнцөө нээж уран бүтээлээ эхлүүлэхээр шийдэж. Амьдралын хамгийн сайхан, гал халуун насандаа яваа залуу уран бүтээлч чамд амжилт хүсье.
Ө.Халиун/www.INET.mn
Сэтгэгдэл ( 0 )