(ВВС-ийн оройн мэдээ. 2112.12.31 Сүүбаатар хот).
Монгол улсын ерөнхийлөгч Эль Бек Жорж шинэ жилээр ер бусын санал дэвшүүллээ. Тэрээр уламжлал ёсоор сүү өргөхийн оронд сүүнээс татгалзахыг уриаллаа. Монголчуудыг сүүнээс татгалзах, найр хуримыг, ялангуяа төрийн ёслолыг сүүгүй хийж байх санал гаргав.
Монгол орны тулгамдсан асуудал бол хавтгайрсан сүүдэлт бөгөөд шинэ ерөнхийлөгч үүнтэй тэмцэхээ зарласан билээ. Тэрээр саяхан хэвлэлийн бага хийлгэхдээ сүү хэрэглэх явдлыг өөгшүүлж бичдэг нэгэн сурвалжлагчийг “үнээний сүүг тугал л хөхдөг, чи тугал биш юм байгаа биз дээ” хэмээн хөөрхөн мохотгож билээ. Өөр нэг хэл амтай сэтгүүлч ургамлын гаралтай сүүг хэрхэн үзэх тухай сонирхоход “Ургамлын сүүг зөгий л иддэг. Хүний биеийг олж төрчихөөд шавжны амьдралаар явах нь муухай” хэмээн цэцэн цэлмэг хариулсан юм.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, монголчууд сүүнд живж эхлэх үе одоогоос 100 орчим жилийн тэртээгээс эхэлсэн гэв. Тэр үед сүүнд толгойгоо мэдүүлсэн нэг нөхөр гарч ирээд ийм болгосон юм. Сөрөг намынхан ийм аюултай улс байсан гэв.
Сүү уусан хүн нялхраад өөрийгээ хариуцах чадвар нь буурдаг тул Замын цагдаагийнхан сүү хэрэглэгчидтэй дайн зарлаад байна. Өнгөрсөн шинэ жилийн баяраар 100 гаруй жолоочид угж хөхүүлэн тээстлэхэд талаас илүү хувь нь сүү хэрэглэсэн үзүүлэлтэй гарсан явдал бол үнэхээр сэтгэл түгшээм баримт аж. Замын цагдаагийн газраас нийтийг сэрэмжлүүлэх үүднээс дээр нь чагт зурсан улаан мээмны дүрс, “Мээм=Үхэр” плакатыг замын хажуугаар олноор нь хаджээ.
Нэр төрөө эрхэмлэдэг эмэгтэйчүүдийн дунд мээмээ жижигрүүлэх хөдөлгөөн өрнөж, хөх соруулах үйлчилгээний цэгүүд орлого ихтэй байна. Ахмад үеийнхэн “Цөвүүн цаг гэж энэ л байх даа. Урдын бид чинь том хөхтэй болох гэж дотор нь сүү шахуулдаг байлаа” хэмээн хуучлах аж.
Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийнхны ярьж байгаагаар, машин хөлөглөсөн бүлэг этгээд айлын малыг бэлчээрт нь хурааж байгаад дусал ч сүү үлдээлгүй хөхчихөөд зугтаадаг явдал газар авсан. Айлын хот руу шөнө мөлхөж ороод, хонь хөхчихөөд манаран унтаж байгаад баригдсан хэрэг ч олон гарчээ. Аргаа барсан малчид “ Гэгээн цагаан өдрөөр айлын мал хөхчихөөд явчихдаг боллоо. Даанч дээ, мал биш. Ядахнаа алаад идэж болдог байгаа даа” хэмээн гасалж сууна. Зарим газар эрт балрын уламжлалыг сэргээн ямаа хөхсөн хүнийг ишигний, үнээ хөхсөн этгээдийг үхрийн дансанд бүртгэн ноолуур, хөөврийн татвар ногдуулж эхэлсэн боловч үр дүнгээр бага байна.
Ажлын байранд сүү уух, төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгэх үедээ сүү хэрэглэхгүй байх журмыг мөрдүүлж эхлээд удсан ч хүсэн хүлээсэн үр дүн харагдахгүй л байна. Цагаандаа гарсан зарим албан хаагч иргэдээс сүү нэхэж уусан явдал гарчээ.
Монгол улсын ерөнхийлөгч шинэ оны илгээлтдээ, нууцаар мөөмөө хөхүүлдэг сүүгээ үнэлэгчидтэй хатуу тэмцэл явуулна гэдгээ бас мэдэгдлээ. Иргэний хөдөлгөөнүүд түүнтэй дуу хоолойгоо нэгтгэн “Хайран монгол охидын сүүг харийнхан гувшсаар байх уу”, “ Мээм ариун бол менежмэнт ариун” гэхчлэнгийн уриа лоозонтой жагсаж байгаа юм. Ажилгүйдэл ихэссэнтэй холбогдуулан мээмээ үнэлэх, сүүгээ бусдад нууцаар хөхүүлэх замаар амь зогоох хэдэн зоос олдог эмэгтэйчүүд бий болсон юм. Хөхний сүүний замаар тардаг бруцеллёз зэрэг өвчний гаралт ч их байгаа нь нууц биш. Арга барсан Эрүүл мэндийн сайд хомхой долоох зэрэг нийгмийн халдварт өвчнөө сэргийлэхийн тулд тохиолдлын хөхөлтөөс зайлсхийж, соосог хэрэглэхийг зөвлөхдөө тулжээ.
Энэ талаар харьцангуй либерал байр суурь илэрхийлдэг улс төрч бас байна. Үйлдвэрчний эвлэлийн дарга Хэн “Манайд эмэгтэйчүүд хөхний сүүгээ үнэлэх асуудалтай хэтэрхий хатуу тэмцэж байгаа нь байдлыг муутгаж байна. Хэрвээ үүнийг хуульчилж “Улаан лээвчигний гудамж” нээвэл мээмээ үнэлэгчдийг хянах төдийгүй сүүний хордлого өвчний тархалтыг хянах боломжтой болох юм” гэсэн байр суурьтай байна.
Хялбар аргаар мөнгө олох гэсэн гэнэн бүсгүйчүүд сүүний мөлжлөгт өртөж байгааг судалгаа харуулах болов. Өнгөрсөн жил “өндөр цалинтай ажилд зуучлах” зарын дагуу Макао явсан охидыг харанхуй байранд хориод хүчит тэжээлээр бордон сааж, сүүг нь хүчээр үнэлүүлж байсан нь илэрчээ.
Үүнтэй зэрэгцээ хуурамч сүү хийх явдал гарч байна. Хэдэн жилийн өмнө “Азийн гичий” хэмээх хулхи хуурай сүүнд олон арван хөхүүл иргэн хордож билээ.
Хил давуулан хуурай сүү оруулдаг сүлжээтэй хийх тэмцлийг хүчтэй болгосон боловч амжилтаар бага байна. Сурагчдын дунд хуурай сүү үнэрлэх явдал байнга гарсаар байгаа нь боловсролын сайдын толгойны өвчин болсон гэхэд болно. Сүүний зэрлэг ургамал түүж, тэр сүүгээ уудаг, борлуулдаг бүлэглэлийг илрүүлэн хатуу шийтгэсэн боловч эцэг, эхчүүд тайвширч өгөхгүй байна. Яамны зүгээс “Эцэг эхчүүд ч бас хариуцлага хүлээх ёстой. Өөрснөө эхэлж мээмээ хөхүүлж, сүүнд оруулдаг бус уу” хэмээн хэлж байна.
Боловсролын сайд “Бид өсвөр насныханд сүүний оронд тамхи санал болгосон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр бид “Улаан бүч”, “Пионер” зэрэг янжуур, “Баатарчууд” хэмээх дүнсэн тамхи санал болгохын зэрэгцээ дунд сургуулийн “Үдийн тамхи” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Микки Маусын толгойтой ганс хийлгэсэн нь багачуудын сонирхлыг ихээхэн татлаа” хэмээн найдвар төгс ярьж байв. Ингэснээр өсвөр үеийнхнийг сүүнд донтохоос сэргийлж чадна гэж үзэж байна.
Сүүнд донтой зарим эцгүүд нярай бяцхан үрийнхээ сүүг булаан гувшсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдлээ. Саяхан хөхүүл хүүхэдтэй эхийг барьцаалсан дээрэмчид мээмийг нь хөхсөн явдал гарсан билээ.
Энэ орны сүүний хэрэглээ өсч байгаа нь эрх баригчдын санааг маш их зовоож байна. Хүүхдүүд сүүнээсээ гарахгүй луу унжих, сүүгээ үүрд хөхөх үүднээс дүүгээс татгалзах, эхийнхээ хоолонд зулбуулах бэлдмэл холих, өөр айлын ээжийн мээмийг хулгайгаар хөхөх зэрэг зүй бус явдлууд татартал өдий гэх хүн ч байна.
Ерөнхийлөгч ийнхүү сүүнээс татгалзахыг уриалаад, тэгж л их цангаад байгаа юм бол ядахнаа архи ууж байгаач, “Оой... Ум маании... амээнь” хэмээн үгээ төгсгөлөө.
Б.Цэнддоо
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл ( 0 )