Инновацийн тухай хууль удахгүй УИХ–аар батлагдах сурагтай

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 09

Уг нь энэ хууль нь Монголын эрдэмтэн судлаачдад их дэмжлэг болох ёстой хууль аж. Гэтэл эрхзүйн орчин дутагдалтай байгаа учраас өнөөх эрдэмтэд нь инновацийн үйл ажиллагаа явуулах нь байтугай судалгааны үр дүнгээ бариад хэнд, хэрхэн хандахаа мэдэхгүй явж байна гэхэд хилсдэхгүй л байдалтай явж байна. Бүтээгдэхүүн, технологи болгочих үр дүн цөөнгүй байна. Харамсалтай нь аваад хэрэглэчих, хамтраад ашиглачих хүрээ, механизм байхгүй.
Гэтэл УИХ-ын зарим нэг нэр бүхий гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр хоёр гарынхаа долоовор хуруугаа ээлжлэн гозойлгож ирээд  л “эрдэмтэд юм болгочих ганц үр дүн гаргасангүй” гэж ирээд л цэцэн хүний дүрд жигтэйхэн тоглож шоудаж байгааг та бид харсан.  Бага өртгөөр хамаг амьдралаа зориулж хичээн ажиллаж буй эрдэмтэд нь энэ инээдэмтэй их мэдэгчидийг хараад их л өрөвдөж, бас бухимдангүй байна. Уг нь Инновацийн тухай хууль, шинжлэх ухааны салбарт амин чухал гарц болох ёстой. Гэвч энэ хуулийн төслийг судлаачдаар огт хэлэлцүүлсэнгүй. Их л нууцгай боловсруулж, шуурхай батлуулчих гээд байгаа гэнэ. Муу хууль гарвал гарц биш гай болно гэж судлаачид үзэж байгаа нь тодорхой. Мэдээлэл бүхий хүмүүсийн  ярих нь бас нэг муухан, түүхий хууль батлагдах шинж бүрдээд байх шиг. Яагаад гэвэл:
1.    Мэдлэг үйлдвэрлэх үндсэн үүрэгтэй шинжлэх ухааны салбар, судлаач мэргэжилтүүдээ хууль үйлчлэх хүрээний гадна орхичихсон нь хууль батлуулах шал өөр сонирхол байна гэсэн хардлага төрүүлж байна.
2.    Шинжлэх ухааны парк, үйлдвэр-технологийн паркийн ялгаа, үндсэн чиг үүргийг нэг их сайн ойлгоогүй бололтой.
3.    Судлаачид оюуны өмчийн эрхээ хамгаалах сонирхлыг бодлогоор дарж унтраах, далд байдалд шилжүүлэх хандлага бий болно гэдгийг ойлгоогүй байдал бас ажиглагдана.
Ийм хууль гарвал Монгол улс инновацийн үйл ажиллагааг шинжлэх ухааны салбараасаа ангид явуулдаг дэлхийд хосгүй ганц орон болох нь эргэлзээгүй.
Эрхэм гишүүдээ, наад хуулийнхаа төслийг нэг сайн уншаад үзээрэй. Мэдлэгт суурилсан хөгжил нь мэдэмхийд суурилсан хэлэлцүүлгээр завхрах вий дээ

А.Төр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top