Авлигатай тэмцэх газар шинэ даргатай болсноос хойш сэтгүүлчдэд нээлттэй бодлоо. Түүнчлэн УЕП-ын газраас ч сэтгүүлчдэд сардаа хоёр удаа мэдээлэл хийдэг болсон. Ингэснээр сэтгүүлчид мэдээллийн хаалттай байдлаас болж сураг сонсох төдий зүйлээр буруу ташаа мэдээлэх явдал байхгүй болж байгаа юм.
АТГ-аас сард хоёр удаа сэтгүүлчдэд мэдээлэл хийх болж байгаа юм. Энэ удаа АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ нар “Албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах явц байддын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах халтэс нь 2011 онд хуульд заасан харьяаллын 365 үйлдэлтэй, 324 холбогдогчтой, 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан байна. Энэ нь 2010 оноос долоон хувиар өссөн үзүүлэлт аж. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн хувьд нийт шалгасан хэргийн 30 хувь буюу 43 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна.
Эдгээр хэргээс 52 шүүгдэгчид холбогдох 21 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. Үүнээс гурван шүүгдэгчийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан бол 18 хүнд ял ноогдуулсан аж. Хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг судлахад төрийн захиргааны албан тушаалтан 24, төрийн захиргааны албан тушаалтан 68, төрийн тусгай албан тушаалтан 25, төрийн үйлчилгээний албан тушаалтан 66 хүн холбогджээ.
Гэмт хэргийн улмаас 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 4.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж ажилласан байна. Гурван тэрбум гаруй төгрөгийн эд зүйлсийг битүүмжилсэн гэлээ. Он гарсаар Авлигатай тэмцэх газарт Гэмт хэргийн шинжтэй 39 гомдол ирсэн байна. Эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа аж.
-Улсын их хурлын гишүүд хэрэгт холбогдсон тохиолдол одоогоор байгаа юу?
-Манайд он гарсаар УИХ-ын гишүүд хэрэгт холбогдсон тохиолдол одоогоор байхгүй. Өмнө нь шалгагдаж байсан хэргүүдийг түдгэлзүүлсэн.
-Хөрөнгө орлогын мэдүүлэг энэ сарын 15-наар дуусгавар болно. Одоогийн байдлаар хэдэн хувьтай явж байгаа вэ?
-Улсын хэмжээнд 87 хувьтай явж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд 90 орчим хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад байгаа.
-Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяртай холбоотой хэргийн талаар тодруулаач? Энэ хэргийг шалгаж байгаа юу?
-Үүнийг манайх шалгаж байгаа. Энэ хэрэг анх Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад сүүлдээ Прокурорын газрын Мөрдөн байцаах газарт шалгагдсан. Одоо энэ хэргийг Улсын мөрдөн байцаах хэлтэс манай мөрдөн байцаах хэсэгтэй хамтран шалгаж байна.
-Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбат АНУ-ын иргэн Жорж Чайлмерс нар 200 сая долларын акредитив нээх гэрээ байгуулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулсан. Энэ хэрэг юу болсон бэ?
-УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хэргийн хувьд Жорж Чайлмерс Монголд байхгүй учраас энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн утгаар хэргийг түтгэлзүүлсэн юм билээ. Энэ хэргийг шалгах хугацаанд би ажиллаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Би энэ ажилд орсныхоо дараа хэргийг уншиж байхад эзэн холбогдогч нь гадаад хүн Монголд байхгүй учраас түдгэлзүүлсэн байсан. Би энэ хэрэг дээр ажиллаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл алга.
-УИХ-ын гишүүн Л.Гүндапайд холбогдох өмч шамшигдуулсан хэрэг 2006 онд үүссэн. Гүндалай гшпүүн өөрөө үүнийг үгүйсгэж байсан. Түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлсэн гэж байсан. Энэ хэргийн талаар тодруулахгүй юу?
-2006-2007 онд УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байхдаа эмнэлгийн тоног төхөөрөмж авах тендерийн асуудал болон ХӨСҮГ-ийн барилгын засвар зэрэгт тендер будлиантуулсан болон бусад асуудлаар гэм буруутай нь нотлогдсон. Энэ талаар тухайн үед Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуяг чуулганаар танилцуулж бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх хүсэлт тавьж байсан. Хэргийг нь уншиж байхад Л.Гүндалай гишүүн гэм буруугийн эсрэг маргахгүй гэсэн үндэслэлээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.
-Аймгийн Засаг дарга нартай холбогдох хэргийн талаар тодруулаач. Тухайлбал Говьсүмбэр аймгийн Засаг даргын хэргийн талаар?
-Зарим аймгийн Засаг дарга нарын хэргийг манайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Аймгийн Засаг дарга томилогдсоноос хойш одоогийн байдлаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Орхон аймгийн Засаг дарга М.Оюунбат нарыг албан тушаалын хэргээр шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас дарга нарыг ямар шалтгаанаар шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Агентлагийн дарга нараас шалгуулж байгаа хүн бий юу?
-Зарим агентлагийн дарга нарыг шалгаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.
-Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын хэргийн мөрдөн байцаалт дууссан уу?
-Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугарыг Дархан-Уул аймгийн Төрийн өмчит төмөрлөгийн үйлдвэрийн захирал Т.Ганболдын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
З.Есүгэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )