Миний амьдардаг газар Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороолол. Худалдаа үйлчилгээний төв ихтэй манай хорооллын авто замын ачаалал сүүлийн хэд хоногт улам л нэмэгдэж, дэлгүүр хоршооны үүдэнд багшрах машины тоо өсчээ.
Хөлсөө цувуулсан хөгшид голдуу хүмүүс ажлын өдрүүдээр дэлгүүр хоршоо хэсч, замдаа нэг амсхийн суух, аль эсвэл тамхи татан бодлогшрон алхах… Гудамжаар худалдаалагдаж байгаа бидний хэлдгээр үүргийн худалдаачдын тоо ч нэмэгджээ. Гулуузаар нь мах, ууц худалдаалж байгаа авто машин ч байна.
Гарын бэлэг гээд баахан оймс, алчуур, аяга гээд өвгөдийн хэлдгээр хүний нүд хуурчих зүйлс эрээвэр хураавраараа лангуун дээр хэвтэнэ. Эцсийн дүнд монголчууд бид жилдээ ганцхан удаа болдог цагаан сарынхаа баярыг хийх гээд бужигнаж буй нь энэ. Ахмадууд санааширч, залуус тэвдэж, худалдаачид нь хожих гээд яаран байгаа энэ өнгө төрх Цагаан cap ойртсоны илрэл. Хүний амьдрал тэгш бус.
Бэлтэй нэгэнд ууц, тавгийн идээний үнэ ямар ч байсан хамаагүй. Том том хар жипээр давхилдан дээд зэргийн үнэтэй дэлгүүрээс хэрэгтэй бүхнээ хуу хамаад авчихна. Дундаж амьдралтай хэсэг нь хүнд муугаа
үзүүлчихгүй юмсан гээд хүнээс зээлж, хадгалсан хэд гурван төгрөгөө ч гаргаж, бэлэг сэлт худалдан авахаар давхина.
Бүр бэл бэнчингүй хэсэг нь энэ их хэнээрхлийг хараад, цагаан cap тэмдэглэж үзэх юмсан гэж битүүхэн дотроо санаашран суух юм. Амьдралын ийм л гурван өнгө төрхөөр монголчууд бид жил бүхний Цагаан сарыг угтаж, тэмдэглэж, үдэж иржээ. Энэ жилийн цагаан cap үнэхээр эх захаа алдсан баяр болох шинжтэй. Махны худалдаачид нэг килограмм махныхаа үнийг 7000 төгрөгт хүргэчихэж. Авбал ав. Байвал бай гэх…
Азай буурлуудын сарын тэтгэвэр нэг ууцны маханд арай чүү хүрнэ. Өнгөрсөн онд ч 4000 төгрөг орчим байсан, энэ жил хоёр дахин илүү үнэтэй болсон ч гар дээр авдаг нөгөө бор цаас нь гавьтай нэмэгдсэн зүйлгүй. Ингээд л санчигных нь буурал цаг минутаар нэмэгдэн, даралт нь ихсэн хямарч, сэтгэл санаагаар унах нь элбэг. Манай хажууханд “Дүүхээ” гэдэг дэлгүүр бий. Энэ дэлгүүрийн үүдэнд би нэгэн өндөр настантай хальт таарлаа. Тэр азай буурал ёстой л үгээ хэлж, үсээ маажчихсан явж байна.
Хүү минь. Чи сэтгүүлч биз дээ. Энэ улс орон, төр засаг чинь юу болоод байгаа юм бэ. Өглөө оройгүй зурагтаар хэдэн дарга нарын тухай л ярих юм. Жирийн хүмүүсийн тухай юу ч хэлэхгүй байна. Хэн нь сайд, дарга болно бидэнд хамаа байхгүй. Төрөөрөө тоглосон улс гүрэн өөдөлдөг ч үгүй юм байна.
Гайг нь бид амсаж, жилдээ ганц удаа хийдэг cap шинийхээ баярын өмнө сөхрөх нь ээ гэж ярилаа. Өвөө аминдаа өөрийгөө байдгаараа л дулаалжээ. Хэдэн давхар ноосон цамц давхарлаж өмсөөд, хэдэн онд хийгдсэн нь үл мэдэгдэх чихтэй хурган малгай дараад өмсчихсөн. Бидний хувьд музейд байдаг гэж бодохоор болтлоо мартчихаад байгаа хөвөнтэй бээлий гартаа углаад, таягаа тулан зогсож байлаа.
“Цагийн сайханд цагаан сарын баяр сайхан болдог байжээ. Хөрөнгө мөнгөөрөө уралдахгүй, байгаагаараа л ёсолж тэнүүн сайхан хавар цагийг угтдаг байсан. Одоо ч энэ баяр ахмад настнаа хүндлэх биш, хөрөнгө мөнгөөрөө хүүхэд, залуус уралддаг баяр болсон бололтой. Гэлээ гээд өвөө нь ямар хийхгүй байлтай биш. Муу ёр болно. Хэдэн хүүхдийнхээ дэмээр хийж л таарна даа” гэснээр бидний яриа дууслаа.
Өвөө эргэн тойрноо жигтэйхэн сүрхий нэг ажчихаад алгуурхан алхсаар гарц руу дөтлөв. Авто замаар гарахаар явж байснаа гэнэт зогтусаад намайгтаягаараа даллалаа. Яваад очтол Тол юмаа хэлэхээ мартаж, зөнөг толгой. Цаад төр засаг чинь цагаан сарын өмнө цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн.
Нэмээсэй дээ. УИХ-ын гишүүн З.Энхболд, Ч.Сайханбилэг нар хэрэггүй гэж байна гэж өвөө нь дуулсан. Тэр баян нөхдөд цалин нэмэх хэрэггүй л юм байгаа биз. Харин бидэнд тав гурван төгрөг нь хэрэгтэй юм даа. Тэгээд ч төр засаг нь ахмадуудаа баярын өмнө нэг баярлуулдаг шүү дээ. Энэ тухай хэлээрэй” гээд зам гарч одлоо.
Өвөөгийн үг үнэн. Тэтгэврийн мөнгө гээд ихэнх хүмүүсийн гар дээр авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 105 мянган төгрөг. Учир нь 1990-ээд оны өмч хувьчлалын үеэр олон хүмүүс гудамжинд хаягдаж, эцсийн дүнд тэтгэврээ тогтоолгоход их ажил зарсныг мартаж боломгүй. Улсад15-аас дээш жил ажилласан нөхдөд одоогийн хуулиар арай чамай 105 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоож байна. Бүр шүүхийн бичиг, ажилласан жилийн тодорхойлолтоо архиваас авчир, хамт ажиллаж байсан нөхөр байна уу гээд төр өөрөө замхруулсан ажлынхаа хариуцлагыг эргээд иргэдэд үүрүүлж, энэ хэмжээний тэтгэвэр тогтоожээ. Өнөөдөр энэ мөнгөөр цагаан cap хийж хүрнэ гэж үү…
Үр хүүхэдтэй хүмүүс нь ч дүүрч. Аав ээж рүүгээ бариад гүйнэ. Цор ганцаар байгаа азай буурлуудын амьдрал даанч хөөрхийлөлтэй санагдаж, хөнгөхөн гуниг төрснийг нуугаад яахав. Цалин, тэтгэвэр төрийн өндөр албанд сууж байгаа нөхдөд чухал биш байх л даа.
Жирийн иргэдийн хувьд арайхийн амь зуулгаа авч явах амьдралынх нь баталгаа болчихоод байгааг мэдрэхгүй, мэдэн будилаад хуралдаад байгаа УИХ өрөвдөм санагдлаа. Өгвөл өгсөн шиг өгч, боливол больсон шиг больчих гэдэг. Иргэдийнхээ халаас, хэтэвчний мөнгөөр улс төр хийгээд суух нь зохимжгүй.
Бэлэг дэмбэрлийг ерөөдөг cap шинийн баярын өмнө нь бол бүр чутгагүй. Цайныхаа сүүний мөнгөнөөс давж гарч чадахгүй байгаа хэдэн настныхаа тэтгэврийг нэмчихээр Монголын төрдампуурч.мөнгөний инфляци өснө гэнэ. Ийм инээдтэй тайлбарыг УИХ-ын гишүүн Зандаахүүгийн Энхболд хийгээд сууж байна.
Энэ эрхэм тийм их эдийн засаг мэддэг юм бол “Төрийн өмчийн хорооны” дарга байхдаа өмч хувьчлалыг зөв явуулж, өөрөө бага хөрөнгө завшихгүй яасан юм бэ гэсэн бодол төрж байна. Чимидийн Сайханбилэгийн тухайд ч мөн адил.
“Байгаль” нэртэй салонаараа амьдралаа залгуулж, бас ч болоогүй энд тэндээс хумсалж хөрөнгөжөөд амжсан нөхдийн нэг. Тэд яаж “Монголын ахмадуудад тэтгэвэр нэмээд хэрэггүй. Хүлээ. Цалинг ч мөн адил гэж”… гэж хэлж чадаж байнаа.
Инфляцийн тухай ярихыг хүсч, хөндмөөр санагдвал намынхаа мөнгөний амлалтуудынхаа он дарааллыг сөхөөд, бодох хэрэгтэй. Ардчилсан намын хүүхдийн мөнгөний амлалтаар гараагаа эхэлеэн мөнгөний амлалт, “Ах” намынхны залуу гэр бүлийг дэмжих мөнгөөр хачирлагдаж, араас нь уул уурхай, нүүрс түлээ рүү орсон нь үнэн. Инфляцийн буруутан нь улс төрийн намууд, төрийн зөөлөн суудалд суухын тулд амласан мөнгөн амлалтууд. Түүнээс биш жирийн өвөө эмээ, иргэдийн буруу биш шүү дээ.
Азай буурлуудаа бодож, буян хийх хэрэгтэй. Албаар тэтгэвэр нэмэхгүй гүрийж явж байгаад сонгуулийнхаа далд сурталчилгааг хийж, cap шинийн баярын өмнө татвар төлөгчдийн мөнгөнөөс “хулгайлсан” хөрөнгөөрөө халуун сав, идээ боов, оймс гуталхан авч тараахаар зэхэж байгааг чинь хүн бүхэн мэдэж байна. Нүглийн нүдийг гурилаар хуураад яахав. Шууд л нэмчих. Баярын өмнө цалин тэтгэврээ нэмчих.
Монгол хүн байна. Ёс жудаг, зан заншлаа бодсон ч, cap шинийхээ баярын өмнө сайхан мэдээ иргэддээ дуулгаач гэж хүсч яваа азай буурлуудын зөв. Талхны үнэ ч мэддэггүй төрийн эрхмүүд, тавгийн идээний үнэ хэд болдгийг төсөөлөх ч үгүй давхиж яваа байх.
Дунд зэргийн айлын тавгийн идээ дөчин мянган төгрөг хүрчихсэн. Тиймээс л хөгшид хэдэн төгрөг нэмээд өгчихвөл гэж горьдож, төр засгийн зүг цоо ширтээд байгаа хэрэг. Үнэнийг хэлэхэд бие биен рүүгээ муу үг чулуудах УИХ-ын гишүүдийн авир таалагдахгүй байна. Муйхарлан дарга даамлын суудлын төлөө зүтгэх нөхдийг ч сонирхохгүй байна. Хамгийн гол нь муу ёр, муухай үг дуулж, муудалцахгүйгээр cap шинийнхээ баяртай л золгомоор байгаагаа хөгшид амьхандаа хэлээд яваа нь энэ.
Монголын төрд ахмадаа хүндлэх жаяг үлдсэн байгаасай гэж залбирахаас… Өвөө эмээгийн өмнөөс…
Э.Маргад
"Улаанбаатар таймс"
Сэтгэгдэл ( 0 )