Хиамны үнэ нэмэгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 10

Сар шинэ хаяанд ирснийг ч хэлэх үү, шатахууны үнээс эх авсан үнийн хөөрөгдөл улам ч газар авч байна.  “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” худалдааны төвд хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байсныг өнөөдрийн сурвалжлагадаа онцолж байна. Цагаан сарын бэлтгэлээ базаахад дараах мэдээлэл хэрэг болох биз ээ.

 

Ул боов 1500-2000 төгрөг


Худалдааны төвүүдэд зарж буй ихэнх компанийн  хэвийн боов 15, 21 ширхэгээр савлагдсан байдаг ажээ. Нэг тавагны ул боов авахад суурь еэвэн үнэгүй дагалдуулах урамшуулал нийтлэг юм байна. “Бөмбөгөр” худалдааны төвд бурхан тахилд идээ засахад хэрэглэдэг  жижиг хэвийн боов ширхэг нь 1000 төгрөг байгаа бол бусад “Жүр үр”-ийн хэвийн боов 1900, “Суман гүн”-ийнх 1750, “Талх чихэр”, “Бамбууш”, “Өгөөж”, “Атар өргөө” зэрэг компанийн хэвийн боов нэг ширхэг нь 1500 төгрөгийн ханштай байлаа. Харин энд худалдаалж буй хамгийн үнэтэй ул боов “Ам дэ” компанийнх байв. Бусадтай харьцуулахад өвөрмөц хэлбэр дүрстэй энэ бүтээгдэхүүн 2000 төгрөг гэлээ.

Махны үнэ талийжээ


“Бөмбөгөр худалдааны төв”-д үхрийн татсан мах килограмм нь 6500 төгрөг, бага адууны шинэ, цул мах 5000 төгрөг, татсан бол 4800, ямааны цул мах 5500 төгрөгийн ханштай байна. Эндээс мөн ууцны махаа сонгож болох бөгөөд килограммыг нь 5300  төгрөгөөр бодох ажээ.  Мөн буузны махаа килограмм тутамд нь 50 төгрөг төлөөд татуулж авч болох гэнэ.  Харин “Хүчит шонхор” захад өнөөдрийн байдлаар хонины мах гулуузаараа 4300 төгрөг, цул бол 4900 төгрөг, ямааны шулсан мах 5300 харин гулуузаараа 3800 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь бусад худалдааны төвүүдийг бодвол харьцангуй хямд үнэ юм. 


Сонгино, сармисны эрэлт


Махны үнэ тэнгэрт хадсан ч хүнсний ногооны үнэ харьцангуй “тайван” байгаа бололтой. “Бөмбөгөр” худалдааны төвд Сэлэнгийн монгол төмс килограмм нь 650, Ховдын шар төмс 1100, Монгол лууван 1100, байцаа 1000, сонгино, сармис 1000, манжин 1000 төгрөгийн ханштай байна.  Наймаачдын хэлж буйгаар бууз, баншны орцонд  чухал үүрэгтэй сонгино, сармисны үнэ баяр дөхөх тусам өдөр өдрөөр нэмэгддэг гэнэ. Бусад жимс, хүнсний ногооны тухайд энд америк сортын алим килограмм тутам нь 6000, орос алим 6500, чихэрлэг, шүүслэг хятад алим 2500, мандарин 2000, чинжүү 3800, огурцы 4000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Эдгээр үнэ нь жижиглэнгийн үнэ бөгөөд арваас дээш килограммыг авбал килограмм тутамдаа 100-200 төгрөг хямдардаг аж.

Хиамны үнэ хэвийн  байна


Сүүлийн гурван хоногт хиамны үнэ килограмм тутамдаа 1500-2000 төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдээлэл зарим хэвлэлд гарсан ч “Бөмбөгөр” худалдааны төвд ийм зүйл анзаарагдсангүй. Тус төвд “Мах импекс” компанийн  нэрийн хиамнууд болох “Нийслэл” килограмм нь 10000, “Малчин” 9600, “Аялал” 10800, “Зочид” 9000, “Онцгой” 7000 “Дээж” 8000 төгрөгийн ханштай байна. Харин “Траст трейд”-ын “Зочин” 7000, “Салями” 8800 төгрөг, “Хос гарьд”-н “Салями” нэг килограмм нь мөн л 8800 төгрөгийн үнэтэй байлаа.

Бяслаг ховорджээ


“Цагаан сар”-ын баярын ширээний гол бүтээгдэхүүн болох цагаан идээний үнэ өмнөх жилүүдийнхээс илт нэмэгджээ. “Бөмбөгөр” худалдааны төвийн худалдаачид бяслаг зарахаас “татгалзсан” гэлээ. Учир нь нэг килограмм бяслаг 15000 төгрөг байдаг тул худалдан авалт муу, ашиг бага байдаг хэмээн үүнийгээ тайлбарлалаа. Харин ааруул, хурууд 5000-7000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд хэлбэр, хэмжээ, орцоосоо шалтгаалаад үнэ нь өөр өөр аж.

Д.Жаргалсүрэн

Эх сурвалж: Ардын эрх

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top