Ч.Хүрэлбаатар: УИХ-ын шийдвэрээ гаргасан тохиолдолд сар шинээс өмнө ахмадуудад сая төгрөг олгох бүрэн боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 11


Монгол Улсын Засгийн газраас “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Нэг сая төгрөгийг хэзээнээс олгож эхлэх талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө авна гэсэн хүлээлт нийгэмд их байна. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа бол?  

Энэ асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Засгийн газрын зүгээс шаардагдах бүх зүйлийг хийсэн.

Дээрх асуудалтай холбоотой УИХ-ын 4 шийдвэр гарсан. УИХ-ын 39, 53, 57-р тогтоолоос гадна 2012 оны улсын төсөв гэсэн дөрвөн бичиг баримтаар энэ асуудал зохицуулагдаж байгаа.

УИХ-ын 53-р тогтоолд нэг сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тухай заасан бол 57-р тогтоолоор иргэд сая төгрөг, хувьцаа хоёрын аль нэгийг сонгох боломжийг олгосон. Тэгэхээр яах аргагүй 39-р тогтоолд өөрчлөлт оруулж Тавантолгойн хувьцааны 10 хувийг нэмж иргэдэд олгох шаардлага үүсээд байгаа юм.

Тэгэхээр УИХ дээрх 3 тогтоолын зөрчлийг арилгаж байж  энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн үг.  

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдсэнгүй. Ирэх долоо хоногт УИХ чуулганы хугацааг сунгаж хуралдан шийдвэр гаргана гэж найдаж байна. Ингэсэн тохиолдолд Засгийн газар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хүлээгдэж байгаа шалтгаан нь энэ. 

Энэ асуудлыг ирэх долоо хоногт УИХ шийдчихвэл сар шинийн баяраас өмнө ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө авах боломж бий юу.

УИХ-ын шийдвэр гарсан тохиолдолд “Хүний хөгжил сан”-гаас хишиг, хувь олгох журамд өөрчлөлт оруулж, мөнгө олгох бүрэн боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top