Уншигч та үүнтэй санал нийлэх үү? “Эрчүүд сексээс гадна өөр юу боддог вэ” нэг ийм нэртэй ном дэлхийн олон оронд бестселлер болсон төдийгүй хүүхнүүдийн ярианы гол сэдэв болсоор байгаа аж. Харин тус ном саяхан монгол хэл дээр худалдаанд гарчээ.
Дээрх номын зохиолч, үргэлж сонин хачныг сэдэн, ойр тойрнынхноо цочоож байдаг Шеридан Симоув “Дэлгээд үз, та баттай бас цочирдмоор үнэнийг мэдээд гайхан алмайрах болно” хэмээн номынхоо тухай батлан хэлжээ. Мөн номын тайлбар дээр “Мянга мянган жилийн турш хүн төрөлхтөн эр, эм хүмүүсийн хоорондын ялгааг гайхан шагшсаар ирсэн. Эм хүйстэн сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, нийгэмших зэрэг ихэнх талаараа эр хүйстнээс хавьгүй илүү гэдэг нь хүн бүрт тодорхой. Гэвч өнөөдрийг хүртэл эр хүний бодол дахь нарийн төвөгтэй нууц нь шинжлэх ухааныг хуурсаар ирсэн. Эрчүүд үнэндээ “секс”-ээс өөр юу боддог юм бол оо? Энэхүү чухал нээлтийн эхлэлийг тавьсан номондоо проф. Шэридан Симоув эр хүний оюун бодлын гүн дэх нууцыг нээлээ. Олон жилийн амаргүй судалгааны үр дүнд тэрээр эрчүүд сексээс өөр яг юу боддог болохыг нарийн тогтоож чаджээ. Проф. Симоув эр хүний оюун бодлыг дэлгэсэн ном мэтээр чадварлагаар нээж, үүний үр дүнд 1000 жилийн нууцын түгжээг мулталлаа” гэжээ.
Үнэхээр ч тус номыг үзсэн хүн гайхаж цочирдохоор аж. Юу гэвэл номын хавтсыг сөхвөл юу ч байхгүй бөгөөд хоёр хуруу зузаантай номын хуудсууд дээр үг битгий хэл, цэг ч байхгүй. Харин дээрх номын тайлбар гэх хэсэг арын нүүрэн дээрээ бичигджээ. Түүнийхээр бол эрчүүд сексээс өөр юу ч боддоггүй нь батлагдсан аж. Үнэхээр эрчүүд сексээс өөр юу ч боддоггүй гэж үү? Итгэмээргүй гэхдээ энэ үнэн.
Э. Саран
emch.mn
Сэтгэгдэл ( 0 )