Бүгдийг худалдаж авна /Хошин өгүүллэг/

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 13


Хэмжээлшгүй баян нэг нөхрийн машинд араасаа мөргүүлсэнээсээ хойш би гэдэг хүн аз шовойхоо болив. Явган хүний гарцан дээр улаан гэрлээр зогсож байтал, нэг аймаар том ганган жийп араас мөргөөд, муу Соната-гийн минь хойд талыг цөм шаачихдаг байна. Арван жил амрахгүй ажиллаж, цуглуулсан мөнгөөрөө үнэ “зодож” худалдаж авсан өнөөх муу машиныг минь том жийпээрээ явлаагны хайрцаг шиг шамшийлгасан өөх махандаа баригдсан өвөөгийн банхар шиг дуутай нөхөр,

-Өө, чааваас Соната-3 байсан юм уу? Миний нэг цагийн дотор олдог мөнгөнөөс бага үнэтэй юм байна гэж дээрэлхэхэд би мөчөөгөө өгөлгүй,

-Хямдхан ч гэсэн энэ машиныг би улсаа “луйвардаж” аваагүй юм гээд тавьчихлаа. Тэгтэл нөгөө махлаг эр түнтийтлээ улайж, бүх биеэрээ өөхөн бөмбөлөг болон хувирч, хариугүй тэсрэх нь үү дээ гэмээр болсоноо шүдээ зуун ,

- Нусан буу минь, сэвстэй гүзээнийхээ бүтэн дээр нүднээс далд орж үз. Чамд би энэ ямбийг чинь хоёр дахин нугалаад төлчихье гэж даналзав. Муу өмхий гахайг харахаас өөрийн эрхгүй нүд хорсоод байсан тул,

-Цагдаа дуудаж учраа олно гээд гүрийлээ.

-Өмсөж яваа хувцасны тамтагыг нь хар даа. Улаан загалмайн тусламжын тамтаг “нөмөрчихөөд” их зантай нусгай байна. Өгөөмөр зангийг минь дуусахаас өмнө хүссэн үнээ хэлээд зайлаад өгөөч гэж  өнөө “мангас” цохиж авахаар гараа далайхад  эрхбиш эр хүссэндээ би түүний ариун “мутрыг” нь амжиж барилаа. Гэтэл түүний дэргэд түрүүнээс хойш муухай хараад зогсож байсан өвлийн идшинд “сүхдчихмээр” байрын булай залуу ухасхийн гүйж ирээд намайг шилэн хүзүүнээс заамдаж аваад агаарт хий сарвалзуулах нь тэр.

-Зөрүүдлээд байвал хүзүүгий чинь хуга мушгина шүү. Эзний хэлсэнийг зөвшөөр. Эс тэгвэл дараа нь амаа барина шүү гэж булай залуу үнэнч албатын ёсоор намайг тавлав. Агаарт дөрвөн мөчөө хий савлан дүүжигнэх хирнээ би алийгаа алдаж, албат боолын жишгээр гөлөг царайлж, бууж өгсөнгүй, аминдаа цагдаа ирэх бол уу гэж сэм горьдон, нохойд бариулсан зурам шиг сарвалзсаар байтал манай хөрш хасаг айл Аллах бурханаа явуулсан уу яасан гэнэт замын цагдаагийн эргүүл бөөнөөрөө “буу”-лаа. Том жийпний эзэн өнөө муу гахай, цагдаа нарыг тосож очоод,

-Хар даа та нар. Америкийн элчинтэй уулзахаар яарч явсан юм. Гэтэл энэ нэг ямбий гай урд салгалж явсанаа гэнэт тоормослоод хамаг ажил баллаад хаячихлаа. Энэ муугийн ямбий ч гайгүй байна. Миний жийп хоёр зуун тавин мянган долларын үнэтэй эд. Урд гупер нь гэхэд арван таван мянган доллар гэж цагдаад “мат”-лаа. Урд гупер нь гэхэд л миний машинаас гурав дахин үнэтэй байна гэж хаашаа харсан тэнгэр вэ? Аллах тэнгэр үү, Ийсүс тэнгэр үү? Манай бурхан л лав биш дэг ээ...Цагдаа нарын нэг нь хамгаалагчын гарт хамаг байдаг улаан загалмайн “гоё” хувцсаа навсайтал ноолуулсан намайг хуруугаараа чичиж,

-Сүүлийн үед иймэрхүү үл бүтэх этгээдүүд муу машинаа “сайжруулах” гэж иймэрхүү арга заль зохиодог болсон нь нууц биш юм. Би ийм этгээдүүдтэй  сүүлийн үед байнга тааралддаг болсон гэхэд том жийпний эзэн цүнхнээсээ боодол мөнгө гаргаж түүнд өгтөл өнөөх цагдаа над руу муухай харж,

-Энэ нөхөр бол тэдний нэг гэдэг нь эргэлзээгүй гэснээ түүнд дахин боодол мөнгө харуулахад хоолойгоо зассанаа,

-Үнэнийг хэлэхэд энэ нөхөртэй би гуравдахь удаагаа “халуун цэг” дээр уулзаж байна. Энэ нөхөр иймэрхүү “луйвраар” баяжина гэж дэндүү итгэсэн дуракуудын нэг гэж над руу дайрлаа. Эзэн түүнд харуулсан мөнгөө шидээд,

-Энэ этгээдээ яахаа та нар өөрсдөө мэд. Би та нарт өгдөгөө өглөө. Өөрсдөө үлдсэнийг нь зохион байгуулаарай. Мөн орлогч даргадаа ийм явдал болсоныг сайн ойлгуулаарай. Миний нэрийг хэлэхэд та нарт баяр хүргэнэ гээд явж одлоо...Ингэж би машингүй,  үнэмлэхгүй хоцорсон юм. Шударга ёс гэж байдаг бол эцсээ хүртэл “үзье” гэж бодоод танил өмгөөлөгчтэйгээ уулзлаа. Танилын нүүр халуун болоод тэр үү нөгөөх чинь жаахан тээнэгэлзэж байснаа хуушуурын гуанзанд надтай хэдэн хуушуур ундаатай ууж идээд, “хөөцөлдөхөөр” болов. Шүүх хурал эхлэхэд миний өмгөөлөгч ирдэггүй. Хожим сонсох нь ээ нөгөө босс түүнийг “дарамталсаар” байгаад “амы” нь барьжээ. Харин шүүх хурал миний өмгөөлөгч  “санаатайгаар” дуудсан цагт “ирээгүй” учир өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг явуулахаар болж, гэмгүй сайхан хүнийг гүтгэж, албаны том дарга төдийгүй алтны уурхайн баян захирлын үнэтэй эд хөрөнгийг гэмтээсэн учир надад гурван жилийн ял өглөө. Арав хоногийн дотор хотын шүүхэд давж заалдах эрхтэй тул хотын шүүгч хамаатантайгаа уулзахаар очвол,

-Намайг ажилгүй болгохыг хүсвэл хотын шүүхээр бүү заргалдаарай гэж уйлагнав. Учир юу гэвэл нөгөө аймаар “босс” миний хамаатан гэдгийг мэдээд түүн рүү төлөөлөгчөө явуулж “заналхийлэл” гэдэг захиран тушаах “тэсрэх бөмбөг”-өөр амь амьдралыг нь ацан шалаанд унагаж дөнгөжээ. Тэгэхэдээ хамаатан маань надтай нэг л адилхан Добу мэргэний “үр сад” болохоор амиа “хоохойлох” гэж ялааны хор ууж, хордлогын төвд хэвтэх хооронд нь миний бие бөх “зүрх” гарган, хотын шүүхээр заргалдсан боловч нөгөө босс хотын шүүхийг цэвэрлэгчтэй нь худалдаж авсан болохоор миний талд төрийн “шударгуу” хууль үл үйлчлэв. Эцсийн вариант дээд шүүх үлдлээ. Өмгөөлөгч нарын холбоон дээр шүүгч авахаар очтол бүх шүүгч нарыг сайхь эр “урхидаж” амжжээ.

Аргаа бараад хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагад хандаж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад өргөдөл бичсэний хүчинд намайг эх орноосоо хол ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн гадаад  оронд эрхийг минь хамгаалан, цагаачлан суурьшуулах шийдвэр гарч би хүний нутгыг зорив... Хаус өглөө. Шинэхэн жийп машиныг дэлгүүрээс хүнсээ авч бай гэж өгөв. Бороогүй өдөр хоёр давхар хаусныхаа гадна талын усан бассейнд орсоныхоо дараа, нуруугаа шаран торгон элсэн дээр хэвтэхдээ би өнгөрсөн амьдралаа бодоод инээд хүрнэ. Дээд шүүхэд очсон бол яах ч байсан юм билээ. Насаараа хоригдох ял өгөх ч байсан бил юм үү, болохоо байгаад Үндсэн хуулийн цэцэд заргалдсан бол Монгол улсын иргэнээс хасах ч байсан билүү хэн мэдлээ...

Сониноос саяхан би нэг бороотой өдөр явж байгаад машинаа араасаа “хусуулчихдаг” байгаа. “Хуссан” нөхөр өөрөө цагдаа, түргэн тусламж дуудлаа. Манайхаар бол бүхэл бүтэн аврах баг л ирэх юм. Доргилтоос гэмтэл авсан уу гээд газар дээр эмнэлгийн мини-автобусанд оруулаад бүх юм шалгалаа. Гэмтэл үгүй боловч заавал эмчийн хяналтанд долоо хоног эмнэлэгт хэвтэх ёстой гэнэ. Харин эмнэлгийн үзлэгээр нутагтаа байхдаа араасаа “шаалгаад” тархи нуруундаа гэмтэл авсаныг минь олж тогтоов. Тархи нурууны гэмтэлтэй хүнийг “мөргөсөн” гээд нөгөө намайг “хусдаг” гадаад иргэн эрхээ хасуулаад зогссонгүй надад бүх насаар минь төлбөр төлөх болсонд би гуйж байгаад болиулсан.

Хүнд гэмтэлтэй цагаач иргэнийг мөргөсөн гээд хотын иргэд жагсаал хийж, хотын мэрийг, цагдаагийн даргатай нь огцруулав. Хотын захиргаа надад бүх насаараа тус хотод амьдрах эрхийг өгсөний хажуугаар би сар бүр ослын төлбөр үндсэн тэтгэмж дээрээ нэмж авахаар болов. Миний аз шовойв. Бороотой үед зам хальтиргаатай байдгийг  анхааруулсан рекламанд тоглоод би баахан мөнгө саалаа.  Үнэгүй өмгөөлөгч маань надад маргааш шүүх хуралтайг сануулж утасдав. Шуудан зөөгч дугтуйтай захидал авчирч өгсөнийг задлавал маргааш шүүх хуралд дуудсан албан бичиг байх юм.

Миний эрхийг зөрчигдөх вий гэж эмээсэн олон нийтийн хүний эрхийг хамгаалах байгууллагууд, шүүх өмгөөлөлийн газрууд мөн олон нийтийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн миний шүүх хуралд оролцох гэнэ лээ. Гадаадаас хүртэл сурвалжлагч нар  ирнэ гэсэн. Монголын сэтгүүлчдийн виз Бээжинд гараасай... Ардчилсан орон гэж ямар байдгийг мэдэг... Нөгөө “мангас” төвийг сахисан, ардчилсан үндсэн хуультай, холбооны засаглалтай энэ улсын элчин сайдыг “худалдаж” аваагүй тохиолдолд шүү...

Даваажавын Эрдэнэмөнх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top