Монголчуудын хадаг барьж золгох ёс

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 13

 

Хадгаа хэрхэн барих вэ?
Өндөр настан буюу олондоо нэртэй хүмүүст хадаг барьж золгоно.

- Насаар дүү хүн хадгаа гарган амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барина.
- Ахмад настай хүнийхээ xoёp гар дээр хадгаа тавьсны дараа золгоно.
- Хадаг авч байгаа хүн хадгаа аваад хавсран нийлүүлнэ.
- Дэлгэсэн хадагтайгаа ч золгож болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй.
- Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавих ёстой.
- Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина.
- Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадна.
- Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж барих

Таван өнгийн хадаг ямар зан үйлийг билэгддэг вэ?
Таван өнгийн хадгийг хадгалах нь буянаа тогтоож эдээр баян, аж амьдрал чинээлэг, гай барцадгүй, гарз хохиролгүй, энх тайван, амар түвшин явахыг билэгддэг.

Цэнхэр хадаг нь: Мөнх тэнгэрийн өнгө, энх тайван амар амгалангийн билэгдэл,
Улаан хадаг нь: Гал голомт улам асч бадран дээшлэн дээшлэхийн билэгдэл,
Цагаан хадаг нь: Эхийн сүүний өнгөтэй, ариун цагаан сэтгэлтэй, бодь сэтгэлтэй, өглөгч буянтайн билэгдэл,
Шар хадаг нь: Аливаа муу бүхнийг зайлуулж, бурхан шашнаа дээдлэхийн билэгдэл,
Ногоон хадаг нь: Дэлгэрэн арвижихын билэгдэл

Дээрх билэгдлээр таван өнгийн хадгийг аргамжаа, элдсэн сур, усгүй хар архины хамт хадгалдаг.

Таван өнгийн хадгийг аливаа зан үйлийг бүтээхдээ хэрхэн ашиглах вэ?
Цагаан хадаг нь: Харанхуйг гийгүүлдэг амирлангуйн өнгө тул өвчин зовлон, гай барцад, ад зэтгэр, гай тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлээ ёсчлон бүтээхэд ашигладаг.

Шар хадаг нь: Цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн cap мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээхэд ашиглана.

Улаан хадаг нь: Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө хураах үйлийг бүтээхэд ашиглана.

Цэнхэр хадаг нь: Ямар ч хорлон үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг: Дээрх бүх зүйлийг хамтруулан бүтээх зориулалттай.

/Хань/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top