Өнөөдөр буюу 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10 цагт МҮЭСТО-нд МАХН, МҮАН-аас хамтран зохион байгуулж буй нээлттэй хуралдаан эхэллээ. Хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянга, БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн МАХН, БНН, МҮАН, МНН, МЛН, МАХөдН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе хөдөлгөөн, тусгаар тогтнол эвсэл, Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, Даяар монгол хөдөлгөөн, алтан ураг Чингүнжав сан ТББ, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв ТББ, Гонгоржавын бошигт сан, стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Нээлттэй хуралдаан МАХН-ын дарга Н.Энхбаярын илтгэлээр эхэлсэн юм.
Энэ үеэр МҮАН-ын дарга М.Энхсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.
МАХН, МҮАН-ын нээлттэй хуралдааныг зарлан явуулсан шалтгаан юу вэ?
-Өнөөдөр МАХН, МҮАН-ын улс төрийн холбооны нээлттэй хуралдаан болж байна. Энэ хуралдаанд маань нийслэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас уригдан ирсэн маш олон зочид төлөөлөгчид оролцож улс орны өмнө тулгамдаад байгаа нөхцөл байдлын тухай ярилцаад бүх ард түмний их хуралдайг хэрхэн зохион явуулах талаар хэлэлцэнэ. Мөн удахгүй болох сонгуульд оролцохдоо МАХН, МҮАН төв нь байж бусад нам иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэж сонгуульд авч орох талаар энэ хуралдаанаар хэлэлцэнэ.
-Хуралдааны гол ач холбогдол нь юу вэ?
-Гол нь өнөөдөр нийгэмд бий болоод байгаа нөхцөл байдалд үнэлгээ өгөөд тэр үнэлгээгээ иргэд олон түмэнд хүргээд эргээд түүн дээрээ үндэслэж бүх ард түмний их хуралдааныг зохион байгуулахад оршиж байгаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяраас цөөн зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн хуралдаанаас дараа хийх ямар ажлуудын санааг гаргахаар төлөвлөсөн бэ?
-МАХН, МҮАН өнөөдөр нээлттэй хуралдааныг хийж байна. Энэ хуралдааныг хэдийгээр энэ хоёр нам зохион байгуулж байгаа боловч улс орныхоо төлөө санаа зовнин ажиллаж байгаа бусад нам эвсэл хөдөлгөөнүүдийг урьсан. Ингээд бүгдээрээ нээлттэй хэлэлцүүлэг хийе, нээлттэй хуралдъя, асуудлуудыг ярилцъя, асуудлуудын талаар санал солилцъё гэсэн зорилготой байгаа. Миний ойлгож байгаагаар бол энэ хуралдаанаас бүх ард түмний их хуралдайг зохион явуулах уриалга гарах байх. Энэ хоёр нам зохион байгуулж иргэний хөдөлгөөнийхөнтэйгөө нэгдэж бүх ард түмнийг уриалсан их хуралдайгаа хийе гэсэн санал хүсэл ч гэсэн гарч байгаа юм билээ. Ийм уриалга ийм шийдвэр энэ хуралдаанаас гарвал бид дэмжих болно. Түүнчлэн МАН, АН-тай бид тус тусдаа тэмцээд амжилт олохгүй юм байнаа. Тийм учраас эвсэл байгуулж нийтээрээ тэмцье гэсэн уриалгыг энэ хуралдаанаас гаргана байх. Эвслийг байгуулахын тулд нэлээн утга учиртай байгуулах ёстой гэж үзэж байгаа. Бид эвслийг байгуулж байгаа юм бол задардаггүй байх хэрэгтэй. Эвслийг байгуулж байгаа юм бол учир дутагдалгүй байх хэрэгтэй гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Хэрвээ энэ хуралдаанаас дээрх шийдвэрүүд гарах аваас МАХН дэмжиж ажиллахад бэлэн байгаа.
-Сонгуулийн хуулийг танай нам эвсэл эсэргүүцэж байгаа. Энэ нээлттэй хуралдаанаар тус хуулийн талаар ярилцах уу?
-Саяхан батлагдсан сонгуулийн хууль бол өнөөдөр эрх барьж байгаа МАН, АН бүлэглэлийг улс төрийн тавцанд дахин гаргахаар зохиогдсон хууль ш дээ. МАН, АН-гийнхан цаанаа болохоор ирэх сонгууль өөрсдийгөө ялуулах хуулийг гаргаж түүнийг баталчихаад наанаа болохоор сөргөлдсөн дүр үзүүлж ингэж авирлаж байгаа нь их муухай юм л даа. Монголын ард түмэн маань ямар хүмүүс вэ гэхээр цагаан цайлган сэтгэлтэй амархан хууртдаг хүмүүс учраас дахиад хууртчихна гэж МАНАН-гийнхан бодож байна. Ийм ч учраас өөрсдийгөө ирэх сонгуульд луйврийн аргаар оруулах гэсэн балиар хууль баталсан учраас бид энэ дагуу үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Мөн дотоод болон гадаадын томоохон байгууллагуудад сонгуулийн хуулийг өөрчил гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Дээр нь ард түмэндээ луйвар булхайтай сонгуулийн хуулийн зүйл заалтыг тайлбарлаж энэ хуульд битгий хууртаарай гэж бид ярьж байгаа.
-Тэгэхээр ирэх сонгуульд танай хоёр нам ялах магадлал байгаа юу?
-Саяхан Б.Цогтгэрэл дарга хэлж байна. МАНАН-гийнхныг буулгаж авахын тулд улс төрийн нам хүчин эвсэл хөдөлгөөнийхөн нэгдэх цаг болсон. Тийм ч учраас МАХН, МҮАН-ынхан улс төрийн нам хүчин эвслүүдийг нэгтгэж найдвартай бат бэх хүчирхэг холбоог байгуулахаар зорин ажиллаж байна. Ийм учраас бидэн дээр Ногоон нам, Бүгд найрамдах нам бусад нам эвсэл хөдөлгөөнүүд ирж нэгдэж байгаад баяртай байгаа. Бидэн рүү гэсэн ямарч хүнийг бид цаашаа гэж түлхэхгүй. Бид нэгдэж чадаж гэмээнэ л улс төрд үүрлээд байгаа авлигачдыг ирэх сонгуулиар улс төрийн тавцангаас арчиж чадна.
Сэтгэгдэл ( 0 )