Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоор “туг тахина”

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 13


 

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулж, оронд л тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг зүтгүүлэхээр МАН-ын удирдлагууд ярилцаж байна. Учир нь Л.Пүрэвдорж үүргээ гүйцэтгэж, намдаа тусаа нэгэнт хүргэсэн гэж үзсэн бололтой. Нэг ёсондоо өнгөрсөн хугацаанд Монголбанкны хэрэгжүүлсэн бодлогоос чамгүй хожоотой хоцорч буй МАН одоогийн Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн нэр дээр хамаг буруу, булхайг тохож “туг тахиад” өнгөрөх шийдлийг бэлджээ. Ам.долларын ханш, шатахууны үнэ нэг л орой огцом нэмэгдсэний буруутнаар нэрлэгдсэн Монголбанк валютын ханшийг огцом өсгөсөн нь цаанаа шалтгаантай байсан гэгдэж буй. Энэ нь “Монголбанк 2010 онд алдагдалтай ажилласан. Ингээд ханшийн огцом өсөлтийг ашиглаж алдагдлаа нөхсөн” гэх мэдээлэл юм.  Үүнийг Монголбанкны удирдлагууд үгүйсгэхгүй байгаа бөгөөд аливаа өсөлтийн зөрүүнээс хэдий хэрийн ашиг хуримтлуулж чадсанаа нууцалдаг. Тэгвэл Монголбанк хэмээх эдийн засгийн төв луужинг МАН буюу төрийн эрх баригчид ирэх сонгуулийн төсөв мөнгөө босгох хэрэгсэл болгон ашиглаж байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Монголбанкны удирдлагуудаар томилогдож буй боловсон хүчнүүд нь улс төрийн албан тушаалтнууд, тэр дундаа МАН-ын зүтгэлтнүүд билээ. Л.Пүрэвдорж нь МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төдийгүй ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй хүн. Тэгвэл ирээдүйн Монголбанкны Ерөнхийлөгчид яригдаж буй Б.Жавхлан нь У.Хүрэлсүхийн гарын хүн. Эндээс дүгнэвэл, УИХ дахь АН-ын бүлэг Л.Пүрэвдоржийг огцруулах хэрэгтэй гэсэн санал гаргасан нь санаандгүй шалтгаангүй хэрэг биш байсан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top