Ах

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

Ажлаа тарж гэртээ хариад хийх дуртай ажил маань сонин унших.
Эхнэрийн ажлын газар шуудангийн салбартай ойрхон тул тэр маань орой сонингуудаа аваад харьчихна. Харин миний ажлын өдөр юун сонин уншихтай манатай хөвөрсөн их ажил дунд өнгөрнө.Соёлт хүний өглөө шинэ сонин уншихаас эхэлдэг бол минийх эсрэгээрээ. Өглөө нь ажил, орой нь сонин. Ажлаа тарж ирээд зөөлөн буйдандаа тухлан сонин унших ч жаргал шүү. Хаврын хахир муухай өдөр байлаа, тэр өдөр. Лхагва гариг байсан шиг санагдана. Хавирга нэвт үлээх хаврын салхи улаан шороо босгон, нэвсийсэн хар үүлс тэнгэрийг бүхэлд нь бүрхээд сэтгэлд уйтгар хоргодно. Орой ажил тарахад хэнтэй ч уулзах хүсэл төрсөнгүй.Уг нь би ажлаа тараад пивоны газар суух бас л дуртай хүн.Компьютерээ унтраагаад гарч шууд гэрийн зүг алхлаа. Би машин барих тун дургүй, тэгээд ч манай гэр ажил хоёр гар сунгам ойрхон байдаг юм. Харин эхнэр маань жижигхэн “Toyata” жийпээ хотын ямар ч хөдөлгөөнтэй замаар түүртэлгүй барьчихна. Гудамжаар алхаад баймаар сайхан орой биш л байлаа. Гэлээ гээд ямар хоёр зуун алхам газар таксидалтай нь биш. Хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс хавар авхайн ааш хөдөлсний гэрч суран ташуураар ороолгох мэт нүд чихгүй шуугих хүйтэн шороон шуурганд бүрхтэй нь бүрхээ, алчууртай нь алчуураа дарж, нүдээ аних шахан онийлгоод бэгцийн түргэн түргэн алхацгаана. Би харин яагаад ч юм энэ шороон шуурган дунд учир нь үл олдох догдлол эсвэл түгшүүрийг мэдрэн хөлөө зөөж ядан удаан алхсаар гэртээ ирлээ. Манайх дөрвөн давхарт суудаг юм. Би цахилгаан шат дуудан товчийг нь дарчихаад бүхээг нь түчиг тачиг дуугаран наашлахыг сонссон мөртөө гэнэт сэтгэлд харван орж ирсэн эвгүйрхэл намайг шатаар алхахад хүргэв. Түрүүн орцны үүдэнд тааралдсан золбин саарал гөлөг хүртэл нүдний буланд том харх шиг хүйтэн харагдаад нэг л хачин өдөр байлаа. Эхнэр минь хаалгаа тайлж байна. Хормогчоо зүүчихэж. Гал тогооны өрөөнөөс ходоодны шүлс асгарам сайхан үнэр ханх тавина.
-Би гахайн мах шарж байгаа гэж тэр хэлээд миний хацар дээр шовхийлгэв. Ажилсаг, хоол сайхан хийдэг, халамжтай энэ бүсгүй намайг анхны хайртаасаа хагацчихаад гансрал дунд яахаа мэдэхгүй явахад минь учирсан тулах багана минь билээ. Сахарын элсэн цөлд төөрсөн аянчин мэт хайр, ойлголцлоор ангаж цангаж явсан тэр үед минь учран сэрүүн сайхан сүүдэртээ хоргодуулсан өнчин хайлаастай би түүнийгээ зүйрлэдэг юм. Тэр “Чи надад хайртай юу?” гэж шалгаагаад байдаггүй, хэзээ ч хэрэгт дурладаггүй нь надад юу юунаас илүү таашаагддаг .
Буйдан дээрээ намсхийтэл суух ч гэж дээ унаад өгсөн надад тэр сонингууд авчирч өгөхдөө “Чамд захиа ирсэн” гээд алаг дугтуй бариулчихаад гал тогоо руугаа орчихлоо. Юун захиа билээ. Энэ яваа насандаа захидал битгий хэл ганц өгүүлбэртэй цахилгаан ч авч үзээгүй надад гар дахь тэр алаг дугтуй тэсрэх бөмбөг мэт болгоомжлол, гайхашрал төрүүлчхэв. Ходоод өлөн байсныг ч хэлэх үү, тэр дугтуйг нээх хүсэл төрсөнгүй. Сонингуудаа ээлжлэн унших завсраа би тэр дугтуй руу түгшүүртэйгээр хяламхийсээр байлаа. Эхнэр намайг хоол идэхдээ юм уншихыг хорьдог ч би хэдэн сонингоо хоолтойгоо холин гарчиг алгасалгүй уншсаар суув. Тэгсээр тэр сайхан хоолны амтыг ч анзаарсангүй таваг хоосорч нэг л мэдэхэд сонингоо уншаад дууссан байлаа. Сонин уншиж дуусаад зурагтаар мэдээ үзэж эхлэв. Монголын бүх сувгийн оройн мэдээний хөтөлбөрийг нэг бүрчлэн үзэж дуусаад босоход өнөөх захидал нүдний үзүүрт “намайг задлаач” гэх шиг өртөөд болдоггүй. Би гал тогоондоо орж тамхилангаа аяга тавгаа угаахад нь эхнэртээ туслав.
-Маргааш машины тос солиулмаар байна. Чи яасан ядрангуй байх юм? Бөөр чинь өвдөө юү хэмээн эхнэр маань ярингаа миний угаасан тавгийг тавиурт өрнө.
Унтахын өмнө тэр нүүрээ цэвэрлэн бигнүүр тавих чухал ажилдаа орж, би шал дэмий гар компьютер дэлгэн хэсэг суув. Би яагаад тэр захидлыг задлахаас ингэтлээ зүрхшээгээд байгаа юм бэ? Хор шар хөдлөн өнөөх дугтуйг шүүрч аваад эргүүлж тойруулан харав. Яах аргагүй миний нэр дээр Дарханаас иржээ. Хэнээс ирсэн нь намайг ёстой мэл гайхуулав. Тэр хүн нэрээ тавилгүй “Газар дээрх ганц ахаас чинь” гэжээ. Надад ах байхгүй. Ганц дүү охин минь гадаадад амьдардаг. Дүү бид хоёрт аав байгаагүй агаад жилийн өмнө ээж минь нойр булчирхайн хорт хавдраар нартыг орхисон билээ. Бурхан тэнгэр минь, би гэдэг хүн хаанаасаа ингэж захиа илгээх ахтай болчихдог билээ. Хүн андуурсан биз гэтэл яах аргагүй миний нэрийг овгийн эхний үсэгтэй нь биччихсэн байдаг.
-Би унтлаа, хайрт минь. Чи жаахан суух юм уу? Гэсээр эхнэр шагайж байна. Нүүрнийхээ бигнүүрийг арилгачихсан нь толийгоод ганц ч үрчлээсгүй их л сайхан харагдаж байлаа.
-Унт аа, унт. Сайхан амраарай. Тэр ирж уруул дээр үнсээд миний санчигны үсийг илж нүд рүү ширтсэнээ дорхиноо харц буруулаад хөнгөн хөнгөн алхлан гарахдаа:
-Кофе ууж болохгүй шүү гээд долоовроо амандаа хүргэв. Зарим шөнө кофе ууж нойроо сэргээж аваад зурагт үзээд үүр цайлгачихдаг болохоор тэгж захиж байгаа нь тэр. Манайх хүүхэдгүй айл. Эхнэрийг орондоо ормогц гэрт нам гүм болж би нэг сайн амьсгаа аваад нөгөө захидлын дугтуйг урлаа. Гаргац сайтай угалзруулсан ганган бичиг нүдэнд тусав.
“ Сайн байна уу, хайрт дүү минь. Газар дээрх ганц ах чинь мэндчилж байна.
Дарханд амьдрал гайгүй л болж байна. Манайхан бүгд ажлаа хийцгээгээд. Муу эгч чинь чамайг их ярих юм. Манай хоёр бага ч чиний тухай үргэлж ярьцгаадаг. Батаа ах яагаад манайд ирэхгүй байгаа юм бэ гэж асуугаад байдаг байснаа одоо больсон. Том болж байгаа нь тэр биз…Үзмээ та хоёр…”
“Үзмээ та хоёр..” Би энэ мөрийг хүргээд цочин балмагдахдаа тэр хуудас цаасыг гараасаа алдчихав. Зүрх цээжиндээ багтахгүй бөмбөрдөн дэлдэж, ам хатан ангалзахад түрүүн эхнэрийн авчирч тавьсан шилэн аягатайг авч шууд залгилав. Цэв хүйтэн алимны шүүс аж.
Үзмээ бол миний анхны хайрын эзэн, зүрх сэтгэлээс мөнхөд уяатай явдаг хонгорхон бүсгүй. Бид хоёр оюутны дөрвөн жил үерхсээр төгсөх жилдээ нэг гэртээ орж, дараа нь охинтой болсон юм. Бурхан минь энэ эмзэг дурсамжийг л мартахсан гэж би хичнээн жил тарчлав даа. Гэтэл энэ … надад хэзээ ч байгаагүй “ах”-ын захидал, энэ үл ойлгогдох оньсого шиг явдал тэр хөндүүр шарханд минь мэс хүргэн зүрх булгилуулчих гэж.
Нэг сайн гүнзгий амьсгалаад захидлыг үргэлжлүүлэн унших хүч тэнхээ гаргахыг оролдлоо.
“…Үзмээ та хоёр учраа ололцоогүй л явна уу? Тэр сайхан охин чамд ёстой л заяаны хань болох хүн байсан юм даа. Мөн ч хүүхдээрээ гэнэн сайхан сэтгэлтэй охин байсан сан. Одоогийн бүсгүйчүүд дунд Үзмээ шиг эвдрээгүй хүүхэд ховор доо. Тас тас хөхрөөд л манай хоёр багатай хөөцөлдөж гүйдэггүй юу. Хүн насан туршдаа өөрийнхөө тал бие болж төрсөн ижил ханиа эрж хайж явдаг юм гэнэлээ. Хэрэв олж чадвал хайрлах хэрэгтэй. Чамайг хүрээд ирэх болов уу гэж тэр зөндөө л харсан байж таараа. Эр хүний омог бардам зан гаргах гэж байж чи л алдсан. Та хоёр хамтдаа байсан бол ямар сайхан айл болох байсан бол гэж эгчтэй чинь би ярьж суудаг. Манай удмынхан хоёрын хооронд зөрүүд зантай улс юм даа.
Ингэхэд ахынх нь нас өндөрсч байна. Ирэх жил тэтгэвэртээ суух байх. Чи хэзээ нэг манай босгоор алхах гэж байна даа. Газар дээрх ганц ахыгаа мэндэд нэг зүсээ харуулчихмаар л юм даа. Хойтонгоос ах нь нэг элгээ үзүүлэх санаатай. Танайх хуучиндаа юу? Хаягаа явуулаарай.
Хүндэтгэсэн ёсолсон Ах чинь” гэсэн байлаа.
Би бодолд оров. Надад Дарханд суудаг ах битгий хэл хамаатны ганц ч айл байхгүй. Надад тэнд хөл тавих завшаан өнөөг хүртэл олдоогүйг сайн мэдэж байдаг. Ээжийн эгч, дүү хоёр нь хоёулаа хотод. Ядарвал нагацаа түш гэдэг ч би тэдэнтэй тийм ч ойр байдаггүй. Цагаан сараар л очиж золгон, хаа нэгтээ утсаар ярьж бие тэнхээг нь асуух төдий. Тэгтэл гэнэт нэгэн нартай өдөр, нартай ч гэж хаврын шороон шуургатай орой ингээд төрсөн ахтай болчих гэж. Хүн дамшиглаад байна уу гэтэл үгүй ээ. Хамгийн гайхалтай нь тэр хүн Үзмээг яаж тийм сайн мэдэж байнаа.
…Би түүнд даанч дэндүү хайртай байлаа. Бид хоёрын дундаас төрсөн охин, миний бяцхан Янзагахан хичнээн хайр булаасан амьтан байлаа. Тэр минь дөнгөж хөлд орж, тэнтэр тунтар алхаж эхлээд байхдаа гэнэт л халуурч хоолой нь боогоод …Түргэн дуудсан. Эмнэлгийн сэхээн амьдруулахын өрөө. Миний үрийг надад амьд үлдээгээч гэж би бурханд тасралтгүй залбиран ухаан солиороход хэдхэн хуруу дутуу байсан сан. Гэвч “өнгөрчихлөө” гэж нэг сувилагч надад хэлсэн. Хүүхдийн эмнэлгийн нүсэр хуучин барилга, хүн холхилдсон бохир хонгил, цагаан халадтай эмч нар, ухаан алдан унасан Үзмээ. Нулимсандаа халтартсан нүүртэй ээж, дүү хоёр…Эм тарианы хурц үнэр одоо ч надад үнэртэх шиг. Тэр гунигт дурсамжийг болдогсон бол сэтгэл зүрхнээсээ үүрд арчин хаяхсан. Охин минь байхгүй болсон тэр өдрөөс хойш би архи ууж эхэлсэн. Үзмээтэйгээ ч байнга хэрэлдэх болсон. Охиноосоо хойш ухаан сэхээ орж, түүнийгээ хайрлах сан гэж хичнээн хичээгээд ч болж өгөөгүй юм. Болох л байсан байх л даа, би л чадаагүй болохоос. Тэгээд нэг өдөр тэр минь намайг эзгүйд хөдөө аймагт суудаг аавынх руугаа явчихсан билээ. Явахдаа бид гурвын хамтын амьдралын хамгийн үнэт дурсамж болсон гэрэл зургуудаас надад ганцыг ч үлдээлгүй аваад явчихаж билээ. Би хойноос нь очих гэж хэд хэд оролдоод өөрийгөө хүчилж чадаагүй өнгөрсөн юм. Энэ бол долоон жилийн өмнөх явдал. Тэр минь өнгөрсөн жил сайн хүнтэй суулаа гэж дуулдсан. Харин би гэрлээд гурван жил болсон ч түүнийг мартаж чадаагүй л явна. Үе үе түүний минь цангинасан инээд чихэнд сонсогдох шиг болж, үсээ шуучихаад цасан цагаан хүзүү гарган цааш хараад зогсож байдаг нь нүдэнд тодроод ирнэ.
Би тэр шөнө унтаж чадсангүй. Ээж, Янзага, талийгч эмээ минь зүүдэнд орж, элдвээр хар дараад үүр цайхын өмнөхөн нойр бүр сэргэчихсэн. Эхнэр минь хажууд жигдхэн амьсгалан амгалан нойрсоно.
Би хурдхан босч хувцаслаад кофе чанаж, өглөөний цай бэлтгэж сэтгэлээсээ элдэв бодлоо хөөхийг оролдов. Эхнэр аажуухан босч цайлаад намайг талархан үнсчихээд өглөөний шувуу шиг хөхүүн сэргэлэн амьтан гарч одов.
Би тэр захиаг таг мартах гэж хэд хоног оролдов. Гэвч чадсангүй. Долоо хоногийн дараа мөн л эхнэрээ унтахаар хэвтмэгц хариуг нь бичихээр суулаа. “Ах”-даа юу гэж бичихээ мэдэхгүй, эхэлсэн захиа бүрээ урж хаясаар их л оройтжээ. Ганц сайн санаа алдаад сүүлчийн захидлаа эхэллээ.
“Сайн байна уу? Хайрт ах минь. /хайрт гэнэ шүү, ийм нялуун үгийг танихгүй хүнд хэзээ ч хэлж явсангүй/
Та бүхэн бүгд сайн биз дээ?/Мэдээжийн юм бичих гэж хайран цагаа үрж суух гэж дээ/
Ингээд бичих бүрдээ өөрийгөө шүүмжлэн дургүй хүрээд явж өгөхгүй байв.
Цааш нь юу гэх вэ? Эгч чинь гээд байсныг бодвол тэр хүний авгай нь биз. Миний “бэргэн” байх нь. Хэзээ ч хараагүй, байдаг эсэхийг нь ч үл мэдэх бэргэн эгч .Түүнийг хэн гэдэг бол?
“…Сүрэн эгчийн бие сайн уу? Бөөр нь зүгээр үү? Намайг очиход бөөр өвдөөд гээд тариа хийлгэж байсан санагдах юм. Ягаанаа, Бамбарууш хоёр их том болоо биз дээ. Бамбарууш энэ жил есөд орох байх аа. Ягаанааг Дархандаа сурч байгаа нь зөв гэж бодох юм. Харин ямар мэргэжилтэй болох гэж байгаа юм бэ? Би мэдэхгүй л байгаа шүү. Мартсанаас Сүрэн эгчийн хийж өгдөг хайлмагийг нэг идэх сэн гэж бодох юм. Та надад санаа зовсны хэрэггүй. Үзмээ одоо сайн хүнтэй суусан гэсэн. Би ч амьдралаа бодсон нь зөв байсан шүү дээ. Таны насны хүн арай хөнгөн ажил хиймээр юм. Эсвэл заадаг хичээлийн цагаа багасгаарай. Манайх 13-р хороололд шинэ байр авсан. Хаягаа явууллаа. За ах минь биеэ бодож яваарай. Даралтаа мэдэж байгаарай. Баяртай. Дүү Батсайхан.”
Сохор таамгаараа ийм л товчхон юм бичээд маргааш нь ажилдаа явах замдаа шуудангийн хайрцагт хийчхэв. Тэр хүн миний захиаг аваад юу бодсон бол? Хорвоо дэлхийд байхгүй хүмүүсийн нэрс тоочсон тийм элий балай захиа авсан хүн гайхсандаа дахиж сураг чимээ өгөхгүй таг болно биз гэж би битүүхэн найдсаар хэдэн сар өнгөрөв. Захианы тухай овоо бодохоо больж амьдрал минь арай гэж хуучин хэвдээ орох нь уу гэтэл бас л тэгсэнгүй.
Бурхан үзэг. Над шиг зожиг хүн гэртээ элдвийн хүн амьтан орж гарахад дургүйг яана. Гэтэл нэг орой найзуудтайгаа жаахан пиводоод иртэл манайх зочинтой байв. Эхнэр минь гайгүй хашир хүүхэн сэн. Гэртээ ганцаараа байхдаа элдвийн хүн оруулдаггүй нь ч яалаа.
Манайд жолооч Загджав гэж өөрийгөө танилцуулсан хижээл эр ирчихсэн сууж байх юм. Дарханаас ах чинь хайлмаг явуулсан. Бас энэ гээд сонинд боодолтой нимгэн юм өгөөд “Өнөө оройдоо Дархан орох ёстой” гээд яаран гарч одов. Янхийсэн өндөр биетэй,өтгөн хар хөмсөгтэй, чанга дуутай тэр хүн гарахдаа миний мөрөн дээр алгадан ”Дангаа гуай хичээлээ заагаад л гялалзаад байгаа. Ахынхан чинь бүгд сайн. За баяртай” гээд бядтай гараар хаалга татан гарсан юм.
Миний ахыг Дангаа гэдэг байх нь. Хамгийн гайхалтай нь миний таамгаар бичсэн бүхэн таарч, хариу болгон “Сүрэн эгч“ хайлмаг явуулсан байв. Юу болоод байгааг хэн надад хэлж өгөх юм бол оо?
Би хайлмагийг эхнэртээ өгөөд өнөөх сонинд боодолтойг задалсан ч үгүй. Бас л тэр захиа ирсэн өдрийнх шиг үл ойлгогдом хачин сэтгэгдэл төрөн боодолтойг задлахаас зүрхшээгээд байлаа. Эхнэр минь нүүрэндээ бигнүүр тавингаа утсаар ярин хажуугаар нэг зөрөхдөө тавагтай хайлмаг авчран урд тавьсан ч би ам хүрсэнгүй.
Түүнийг унтахаар явсны дараа нөгөө сонинд боодолтой юмыг задлаад арай л хашгирчихсангүй. Тэр боодолтой юм нь хуучирсан хар цагаан гэрэл зураг байлаа. Үзмээ бид хоёр огтын танихгүй улстай хамт авахуулсан зураг байв. Дөчөөд насны эр эм хоёр /бодвол нөгөө ах, бэргэн хоёр бололтой/ арав орчим насны охин хүү хоёр Үзмээгийн хоёр талд наалдан сууна.
“Ягаанаа, Бамбарууш хоёр болон аав, ээж, Үзмээ эгч, Батаа ах” гэж хүүхдийн бичгийн хэвээр нямбай гэгч нь бичжээ.
Би юу ч ойлгохоо болилоо. Үзмээ бид хоёр хэзээ энэ Дангаа гэдэг айлд ингэж айлчилсан хэрэг вэ? Энэ зургийг авахаас өмнө Дарханд ахтай болсон хачирхалтай явдал надад сэжиг, түгшүүрээс илүү зугаатай гайхам түүх мэт санагдаж байсан юм. Гэтэл…гэрэл зураг дээр яах аргагүй хонгорхон, гэнэхэн инээд цацалсан Үзмээ минь, бас би танихгүй улстай хамт байх юм. Тэр шөнө унтаж чадахгүй эргэж хөрвөөсөөр өглөө болгов.
Эртээдийнх шиг өглөөний цай май бэлтгэх чадал ч байсангүй. Үзмээ рүү утасдах уу? Гэтэл салж хагацсанаа хойш өчнөөн олон жил таг чимээгүй явсан хүн гэнэт гарч ирээд ийм орон гаран юм яриад түүн рүү утасдана гэдэг… Тэр намайг юу гэж бодох билээ. Мэдээж ухаан солиорч л гэж бодохоос яах вэ? Хэд хоног л би бодолд дарагдан зүүд нойрондоо яваа мэт байлаа. Хэрэгт дурладаггүй эхнэр минь ч сүүлдээ санаа нь зовж, гэр цэвэрлэж байгаад далдын далд нуусан өнөөх зургийг минь олоод гаргаад ирчихлээ. Гэвч би түүнд тоймтой юм хэлсэнгүй. Оюутан байхад дадлагаар явахдаа авахуулсан зураг гэж бувтнаад л өнгөрөв. Түүний минь нүдэнд гайхашрал илэрсэн ч дуугүй өнгөрсөнд нь би талархаад бардаггүй юм.
Зуны сүүл сард би дахин нэг захиа авлаа. Гэхдээ Дарханд байдаг “ах”-аас биш л дээ. Германд сурахаар явуулсан хүсэлтэд минь нааштай хариу иржээ. Эхнэр минь энэ мэдээнд бөөн хөөр болж тал тал тийшээ утасдан маргааш л Берлин нисэх гэж буй мэт найзууддаа шинэ мэдээгээ дуулгаж гарахад би сэтгэл уужран санаа алдав. Би нөгөө Дарханд суугаа “ах”-даа ингэж хэл сураг дуулгалгүй холдон одох болсондоо л өөрийн эрхгүй сэтгэл уужран баярласан нь тэр л дээ. Гэтэл ингээд л таг чиг яваад өгнө гэхээр цаг дээрээ санаанд багтаж өгөхгүй байлаа.. Би машин барих дургүй ч нэг амралтын өдрөөр эхнэрийнхээ жижигхэн жийпийг унаад Дархан руу гарч өгөв. Гэвч замын дундаас сэтгэл нэг л хачин дэнслэн өнөөх үл ойлгогдох түгшүүр намайг эзэмдэн авахад би буцаад хот руу давхичихсан юм. Ингээд бүх юм дууссан бол ч яамай. Дахин нэг хачирхалтай явдал намайг отож байжээ.
Манайх байр, машинаа зарж, алс газар одоход бүх юм жин тан болчихсон байлаа. Зоригоо гэдэг найзындаа нэг орой айлчлав. Тэр салах ёс болгон намайг гэртээ урьж дайлсан юм л даа. Эхнэр харин тэр өдөр эмнэлэг дээр эмээгээ сахиж хоносон болохоор би ганцаараа очсон хэрэг. Тэдний гэргий нүүрэмгий бүсгүй тул бид гурав тэр оройг хөгжилтэй сайхан өнгөрөөж байлаа. Идээ, ундаа, архи дарс, эцэст нь бялуу хувааж, тэдний гэрэл зургийн цомгийг үзэж суутал нэг л үзсэн хүний танил царай хэд хэдэн зурагт үзэгдээд өнгөрөх юм.. Би тэр хүнийг хаана харснаа бодоод бодоод олсонгүй. Гэртээ харихын даваан дээр гутлаа өмсч суухдаа тэр танил царай хэнийх болохыг бодож оллоо. Тэр бол нөгөө “ах”-ынхаас хайлмаг авчирсан жолооч байсан байна шүү дээ. Би зургийн цомгийг нь шүүрэн авч тэр хүний зургийг яаран олоод ”Энэ хэн бэ? Загджав гэдэг, хүн мөн үү?” гэж асуув. Би тийм чанга хашгирснаа өөрөө ч мэдсэнгүй. Гайхсан Зоригоо “Наадхи чинь манай авга ах. Дарханы хүн байсан юм…Чи яаж таньдаг юм?” гэлээ.
-Яагаад байсан гэж?
-Нас бараад таван жил болж байгаа юм аа.
-Юу…у?
Би тэднийхээс яажшуухан гарч, гэртээ хэзээ ирснээ ч мэдсэнгүй. Надад тохиолдоод байгаа нурууны үс босгом хачирхалтай явдлуудыг хэнд ч ярилгүй цаашид өөртөө хадгалаад явж чадахгүйгээ л ойлголоо. Маргааш нь би эхнэртээ энэ бүхнийг ярилаа.
Тэр минь ухаалаг бүсгүй байсан нь яамай даа. “Энэ бүхний учрыг чи бид хоёр хэзээ ч олж чадахгүй. Аливаа гайхалтай бүхний нууцыг тайлах хамгийн сайн түлхүүр бол цаг хугацаа” гэж тэр хэлсэн юм. Ингээд бид хоёр долоо хоногийн дараа Берлин рүү ниссэн юм даа. Би тэнд дүүтэйгээ уулзаж, элдвийг бодох завгүй сурч, ажилласаар хэдэн жилийн дараа эхнэртэйгээ Монголдоо эргэж ирлээ. Гэтэл миний хуучин хаягаар сарын өмнө ирсэн цахилгаан утсанд “Ах чинь өнгөрчихлөө. Сүрэн” гэсэн байлаа. Харин тэр хүнтэй хамт нөгөө хачирхалтай нууцын түлхүүр үүрд  алдагдсан юм даа.

Б.Шүүдэрцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top