Ардчилсан намын зургаа дахь фракц “мэндэллээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 15

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд “Мөнх тэнгэр” нэртэй шинэ фракц байгуулснаа албан ёсоор мэдэгдлээ. 

Тус намын залуу үеийнхэн бодлого тодорхойлох түвшинд дуу хоолойгоо хүргээд зогсохгүй гар бие оролцох хүсэлтэй байгаа учраас Үндэсний зөвлөлдөх хорооны 30 гаруй гишүүн нэгдэж шинэ фракци байгуулжээ. “Мөнх тэнгэр” фракцийн удирдах зөвлөлийн дарга Б.Батбаатартай цөөн хором ярилцлаа. 

-Танай нам одоо зургаан фракцитай боллоо. Намын гишүүдийн дотоодын зөрчил их байна гэсэн үг үү?

- Энэ бол хагарал, хуваагдал биш. Фракци бол намын эд, эс. Бид үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ намынхаа бодлого шийдвэрийг дэмжнэ.

 -“Мөнх тэнгэр” фракци бусдаасаа юугаараа ялгаатай вэ?

- Манай фракцийн гишүүд 70-аад оныхон. Монголчууд эртнээс “Дөч гарсан эр, дөрөө жийсэн ат” гэж хэлдэг. Аливаа зүйл гурван цагийн хэлхээсээр явдаг. Тиймээс бид улс төрийн залгамж болох зорилготой. Ардчилсан нам бол түүхэн гавьяа байгуулсан улс төрийн хүчин. Социалист нийгмийн үед монгол хүн эрх чөлөөгөө бүрэн эдлэж чаддаггүй, түүх соёлоо мэддэггүй, мэдэх ч эрхгүй, эд хөрөнгө эзэмших эрхгүй байсан. Харин Ардчилсан нам энэ бүх боломжийг нээж өгсөн атлаа өнөөг хүртэл улс төрийн хоёр дахь хүчин гэгдэж байгаа нь шударга бус. Бид намынхаа бодлого тодорхойлох түвшинд гар бие оролцох төдийгүй Монголын улс төрд шинэ соёл, шинэ шийдэл, шинэ боломж бий болгох зорилгын дор нэгдсэн. 

- Үүний тулд заавал фракци байгуулах хэрэгтэй байсан гэж үү?

- Манай гишүүд намын ҮЗХ-ы гишүүд. Гэсэн атлаа бид үзэл бодлоо, шинэ санал, санаачилгаа ажил болгож чадахгүй байна. Тиймээс фраци байгуулсан. 

- Фракци байгуулах хүсэлтийг намын удирдлагууд хэрхэн хүлээж авсан бэ? 

- Одоогоор бид намын удирдлагууддаа албан ёсоор мэдэгдээгүй байна.

mongolnews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top