Нэг. Гуа сайхан биеийн учир
Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан. Монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуалиг болохгүй байж. Тэрхүү залины оронцог нь их хөгийн. Ухаандаа, авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, “Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч” гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! Бас өөр нэг нь “Миний хөгшний гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү” гээд л, өдөр бүр хошгируулсаар насаар нь тогоо шанага бариулчихна. Орос ах нарын бадриун шар авгайчууд шиг мах мариа сууж, бүдүүрэх өчүүхэн ч атугай завдал өгөхгүй.
Хоёр. Цэвэр ичимтгийн учир
Монгол бүсгүйн цэвэр ичимтгий аалийг магтаагүй яруу найрагчийг дэлхийн бөмбөрцгийн аль ч мухраас олохгүй. Нутгийн замд хонь хариулж яваа бүсгүйг та харвал түүн рүү дөхөж очоод “Энэ зам хаа хүрэх вэ?” гээд асуугаад үзээрэй. “…Хн” гэчихээд л гутлынхаа хоншоор луу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдоод зогсчихно гайгүй.
Тэдний цэвэр ичимтгий болоод байгаагийн учир бас л өнөөх эрчүүдийн буруу болж таарч байгаа юм даа. Зээлийн гудамжаар залуу хос сугадалцан алхаж явна аа. Тэгтэл эрэгтэй нь яаж байна гээч! Яг Нацагдоржийн хуучин хүү шиг тонгойсноо нусаа хүрдхийтэл нийчихнээ, таминь. Бүсгүй нь яв ягаан болчихоод дэмий л цаадхыгаа нударна.
Согтчихоод өөрийгөө магтахад нь хэн ичих вэ, муу эхнэр нь л ичнэ. Анд яваад гурван чоно ташраар нь унагасан тухай хэнэг ч үгүй туугаад, “Тэгсэн тийм ээ, хө” гээд эхнэр лүүгээ харахад нь лооль шиг улаан болчихсон эхнэр нь аргагүйн эрхэнд толгойгоо дохихчоон аядна. Ингэж ичиж улайсаар байгаад цэвэр ичимтгий нь гэм биш бүүр зан болчихож байгаа юм.
Гурав. Алаг нүдний учир
“Миний алаг нүдэн сайн сууж байна уу?” гээд Мишигийн Цэдэндорж агсны нэгэн сайхан дуу байдаг даа. Бодоод байх нээ, монгол бүсгүйчүүдийн минь нүд ямар сайхан юм бэ? “Дүрлэгэр алаг нүд чинь ээ, хө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд л шүлэгч найрагчдын дуу алдаад байдаг нь аргагүй юм аа.
Гэтэл энэ дүрлэгэр алаг нүдний чинь хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь бас л өнөөх эрчүүд болж таарч байна. Хөөрхий бүсгүйчүүдийг тэнгэр шиг гэдэстэй болгож орхиод Солонгос, Япон, Энэтхэг, Америк гээд дөрвөн зүг найман зовхист тараад алга болчихно. Тэгээд л хаа нэг утсаар яримар аядахаараа шал худлаагаасаа “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” гэнэ. Эвий, бүсгүйчүүд нь гэрийнхээ хойд хамар дээрээ гараад, “Явсан зүгийг чинь ширтэн ширтээд, янагийн дуугаа аялна” хэмээн гиншингээ цэвэр Ази заяаны онигор нүдээ томоос том болгон алсын бараа ширтэнэ. Ингэж зогссоор нэг л мэдэхэд дүрлийсэн алаг нүдтэй болчихсон байна.
Дөрөв. Сайхан хувцасладгийн учир
Монгол бүсгүйчүүд хувцаслана гэж үзүүлээд өгнө. Урин дулаан цагийн Улаанбаатарын гудамж Парисийн загварын шоуг холоо орхино. Үзэсгэлэн гуа цогцолсон тэгш сайхан бие бялдартай бүсгүйчүүд нааш цааш гунхах нь бурхдын харааг ч булаана.
Чухам юуны учир тэд ингэж гангарах болов оо? Аргагүй шүү дээ. Цаад хэнэггүй монгол эрчүүд нь тэдэн рүү огт тоож хардаггүй юм чинь. Нэг хэсэг нь төр түмний хэргийг “улс төржүүлээд” завгүй. Нөгөө хагас нь программ зохионо гээд компьютер шагайгаад хөшчихнө. Ажлаа тараад харихаа мэдэхгүй, архи айраг шимж, уушийн мухлагт шигдэнэ. Тэд хайртыгаа бүүр түүрхэн зэрэглээтүүлж харахаар болсон үедээ л гэрийнхээ босгыг мөлхөж давна. Эрчүүдийнхээ харааг өөр дээрээ ядахдаа ганц хором ч болтугай тогтоохсон гэж байдгаараа мачийдаг учраас л монгол бүсгүйчүүд тийнхүү ганган дэгжин хувцаслана.
Тав. Биенээсээ гал гаргадгийн учир
Монголчууд бүсгүйчүүдээ галын бурхан хэмээн дээдлэн шүтдэг. Тэд хэт цахиур, чүдэнз, асаагуур гээд юунаас ч хамаагүй гал гарган өтгөн шаргал цайгаа чанадаг. Сүүлдээ Өнөрмаагаас эхлэн биенээсээ ч хүртэл гал гаргадаг болцгоосон билээ.
Аргагүй шүү дээ, чааваас. Мартамхай монгол нөхөртөө өглөө гарах бүрт нь чүдэнз захина. Цаад нэг балай юм нь орой гэртээ ирж, авгайнхаа барааг хармагцаа л нүдээ том болгон, “Ээ золиг оо, нөгөө чүдэнзийг чинь мартчихаж” гэснээ л, сүртэйяа үргэлжлүүлэн шогширдог. Монгол Өнөрмаанууд ам хамар, чих нүд гээд бүх нүхнээсээ гал гаргах нь луунуудыг ичээдэг.
Зургаа. Ерөнхийлөгч болдоггүйн учир
Монгол бүсгүйчүүд хэзээ ч засгийн эрх булаацалддаггүй. Баасан эгчийг хар л даа... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )